Нийгэм ярилцлага

Б.Билгүүн: Хайрлагдсан хүүхэд сурах гэж, хайрлагдаагүй нь хайрлагдах гэж сургуульд ирдэг

Б.Билгүүн анх боловсролын салбарын хүн байсангүй. АНУ-д Бизнесийн удирдлагаар төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байгаад 2010 онд эх орондоо эргэн ирсэн нь гадаадын хөрөнгө оруулалт Монголд ид цутгаж байсан үе. Дэлхийн нэр хүндтэй компаниуд ч салбараа идэвхийлэн нээж байв. Ингээд “PwC”-д аудитор, дараа нь “Nomadic Expeditions”-д Санхүү эрхэлсэн захирлаар ажиллав. Цалин хангалттай, мэргэжилдээ улам бүр туршлагажиж байсан ч ажилдаа сэтгэлээ бүрэн өгч чадахгүй байгаагаа тэр анзаарчээ. Өөрийгөө олохгүй яваагаа мэдэрсэн гэлтэй. Тиймээс нэг л өдөр зориг шулуудан ажлаасаа гарч, өөрийгөө олох аяллаа эхлүүлжээ.

Нэг өдөр Сүхбаатарын талбай дээр алхаж явтал үл таних хүн залгаад “Болдбаатар багшийн хятад хэлний зуны сургалт эхлэх үү?” гэж асуужээ. Түүнд “Нэгдүгээрт, энэ хүн миний утсыг яаж олж авав? Хоёрдугаарт, ингэж эрэл сурал болон асууж байгаа юм чинь аавын сургалтад нэг л учир байна даа” гэсэн бодол юун түрүүнд төрсөн гэнэ.

“Хэрэв тэр зурвас бодлыг шүүрч аваагүй өнгөрсөн бол би өөрийгөө олохгүй байсан болов уу. Одоо бодоход азтай хэрэг” хэмээн Б.Билгүүн дурслаа.

Тэр бол Монголын нэрт орчуулагч Д.Болдбаатарын охин. Д.Болдбаатар багш тухайн үед хятад хэлний орчуулагч бэлтгэдэг хувийн дээд сургуультай байжээ. Зургаан настай байхаасаа уламжлалт арга барилаар хятад хэл сурсан охины хувьд аавынхаа өвөрмөц арга зүйг төдийлөн сонирхож байгаагүй гэнэ. Гэхдээ тэр нэгэн дуудлагын дараа Б.Билгүүн “Ерөөсөө л аавдаа тусалъя” гэж шийдсэн нь өдгөө хятад, англи хэлний сургалттай "Гэгээ" Академи, ерөнхий боловсролын "Гэгээ" сургууль болон өргөжих эхлэлийг тавьжээ.

Өдгөө Б.Билгүүн бол боловсролын салбарт сэтгэлээ бүрэн зориулсан гэж өөрийгөө тодорхойлдог нэгэн. Тэрбээр АНУ-ын Ivy League-т багтдаг University of Pennsylvania-д боловсролын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж Монголдоо ирээд удаагүй байна.

"Гэгээ" сургууль нь Яармаг дахь шинэ салбараа нээх гээд, ууган сурагчид нь ахлах ангид дэвших ойртоод Б.Билгүүн алсын хараа, зорилго тэмүүллээр дүүрэн байна. Ингээд ярилцлагаа эхэлье.

Б.Билгүүн: Аав маань энэхүү өвөрмөц сургалтын арга зүйг нээсэн. Харин миний үнэ цэн үүнийг загварчилж, системчилсэнд оршино. Одоо бид сурагчдад гадаад хэл заагаад зогсохгүй багш бэлтгэх тусдаа хөтөлбөртэй.

-Та ганц охин нь атлаа Д.Болдбаатар багшийн хятад хэл заах өвөрмөц арга арга барил, сургалтын үйл ажиллагаанаас хол явсны шалтгаан юу байв?

-Хорин хэдтэй байхдаа би өөрөө өөрийгөө бүтээх омголон эрмэлзэл дүүрэн, бизнесийн салбарын хүн гэж тодорхойлуулмаар санагддаг байлаа. Багаасаа л гэр бүлээсээ хол, гадаадад бие даан сурч, амьдарч эхэлсэн болохоор аавынхаа ажилтай ойр байх боломж ч тэр бүр олдоогүй. Нөгөө талаас сайн мэдэхгүй зүйлдээ хошуу дүрж оролцох дургүй зан чанар маань нөлөөлсөн болов уу.

-Гэгээ Академи хятад, англи хэлийг зааж буй энэхүү өвөрмөц арга барилын талаар цөөнгүй хүн мэднэ. Харин та энэ бүхнийг хэрхэн системчилсэн юм бэ?

-Цөм нь юундаа байгааг өөрөө эхлээд ойлгох шаардлага надад тулгарсан. Аав маань ихэвчлэн дорнын гүн ухааны үүднээс тайлбарладаг. Сэтгэлээ тогтоох, элдэв бодолгүй байхыг чухалчилна. Угтаа анхаарал төвлөрлийг хэлж байгаа юм. Гэвч надад эхэндээ шинжлэх ухаанч тайлбар нэхэгддэг байлаа. Гурван жил эргэлзэж, судалж, ажигласны эцэст бүрэн хүлээн зөвшөөрч билээ.

Харин АНУ-д магистраа хамгаалж байхдаа энэ ойлголтоо дахин бататгаж, зөв замаараа явж байгаадаа бүр илүү итгэлтэй болсон. Мэдлэгийг өөрийн болгохын тулд гүн төвлөрөл хэрэгтэй гэдгийг олон онолоор тайлбарлаж болно. Анхаарал төвлөрөх богино хугацааг тогтоон барьж гэмээнэ шинэ мэдээлэл мэдлэг болон хувирна. Мэдээж давталт чухал. Давталтын хүчээр мэдрэлийн эсүүдийн хооронд холбоос үүсдэг. Дараа нь, мэдлэгээ хэрэглэх хэрэгтэй. Суралцаж байгаа зүйл хүнд өөрт нь сонирхолтой бөгөөд хамаатай байх ёстой. Энэ зарчмыг л аав арга зүйдээ шингээсэн юм билээ.

Манай хичээл суралцагчийн сэтгэлийг хөнгөлж, тогтоож өгөхөөс эхэлдэг. Ямар ч түвшинтэй хүн байсан шууд уран зохиолын ном уншдаг. Зохиолынхоо дүрийг өрөвдөнө, хайрлана, инээж хөхөрнө. Сэтгэл хөдөлж байгаа тул тухайн үед сурсан мэдлэгийг тархи урт хугацааны ой санамждаа шилжүүлж авдаг. “Цээжилье гэж оролдоогүй байхад шинэ үгс өөрөө цээжлэгддэг, эргэн санахад бүтэн өгүүлбэрээрээ буудаг” хэмээн сурагчид маань хэлдэг нь ийм учиртай.

Аав маань энэхүү өвөрмөц сургалтын арга барилыг нээсэн. Харин миний үнэ цэн үүнийг загварчилж, системчилсэнд оршино. Энэ арга барилыг сургалтын хөтөлбөр болгон системчилснээр Гэгээ Академи 2015 онд нээгдсэн. Одоо бид сурагчдад гадаад хэл заагаад зогсохгүй багш бэлтгэх тусдаа хөтөлбөртэй. Сургалтын хөтөлбөрөө жил бүр сайжруулж, шинэчилдэг.

-Багшаа бэлтгэж авдаг тусдаа хөтөлбөртэй байхаас аргагүй арга барил байж таарна?

-Тийм ээ. Багш нараа бид өөрсдийн боловсруулсан хөтөлбөрөөр бэлтгэдэг. Багш нарт зориулсан гарын авлага маань жирийтэл бичигдэж батлагдсан байдаг. Ингэж бэлтгэгдсэн цоо шинэ багш нар маань дааж авсан анхны ангийн сурагчдаараа HSK4 оноог авхуулж чадаад байдаг. Энэ бол БНХАУ-ын дундаж их сургуулиудад элсэхэд шаардлагатай оноо шүү дээ. Манай сурагчид дунджаар гурван сарын дотор энэ түвшинд хүрчихдэг. Тэгэхээр боловсролын салбарт хөтөлбөр чухал байна. Сайн хөтөлбөрөөс сайн багш олныг төрүүлж болно. Түүнээс гадна багшийг бэлтгэх, чиглүүлэх систем, байгууллагын дотоод соёл чухал байдгийг ойлгосон маань өнгөрсөн 10 жилийн ололт юм болов уу.

-Хятад, англи хэл системийн хувьд өөр. Хятад хэл дээр “Гэгээ” гайхалтай үр дүн үзүүлдгийг сайн мэдэх юм. Үнэхээр л ширхэг ханз мэдэхгүй орж ирээд гурван сарын дараа HSK4 оноо авсан амжилт маш олон. Харин англи хэл дээр энэ хэмжээний амжилт адилхан гардаг уу?

-Энэ хоёр хэл үнэхээр өөр, өөрийн онцлогтой. Шалгалтын бүтцэд ч том ялгаа бий. Хятад хэлний HSK шалгалтын шалгуур нь түвшин, түвшиндээ нарийн, тодорхой байдаг. Тодорхой 150 ханзыг эзэмшсэн л бол HSK1 түвшний сертификатыг авчихна. Харин IELTS-ийн шалгалт түвшингээр ангилдаггүй. Англи хэлний мэдлэгээс гадна шүүмжлэлт сэтгэлгээ, дээд эрэмбийн оюуны ур чадварыг давхар шалгадаг. Тэр утгаараа IELTS-ийн шалгалтад HSK шиг тодорхой хөтөлбөр гаргахад хүндрэлтэй тал бий. Бид ноднингоос эхэлж IELTS-ийн бэлтгэл анги нээсэн. Багадаа B1 түвшинтэй хүн бол манай сургалтад суугаад, богино хугацаанд хүссэн оноогоо авч чадаж байна. Манай англи хэлний сургалтын үр дүн хятад хэлнээс дутахааргүй. Үгүй бол энэ өрсөлдөөнтэй салбарт ийм амжилттай явахгүй болов уу.

-Өөрийгөө эрж яваад боловсролын салбар дотроос олж авснаа та ярилцлагын эхэнд хэлсэн. Энэ салбарын юу нь таныг итгэлтэйгээр сэтгэл шулуудахад нөлөөлөв?

-Хүний натур өөрөө бусдын сайн сайхны төлөө чиглэдэг юм шиг ээ. Ухамсрын гүндээ “Би бусдын төлөө юу хийж чадах вэ” гэж л бодож амьдардаг гэмээр. А.Масловын Хэрэгцээний шатлалын онолоор, суурь хэрэгцээ хангагдсан цагт сэтгэл зүйн хэрэгцээ нэхэгдэж эхэлдэг. Өөрөөрөө бахархах, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх тэдгээр хэрэгцээ хангагдах нь угтаа амьдралын утга учир ч байж мэднэ. Надад цалин, мөнгө хангалттай байсан ч өөрийгөө хайж явсан шалтгаан маань тэр. Гэтэл гадаад хэл сурч чадах эсэхдээ эргэлзчихсэн, олон сургалтын төв дамжиж явсан ч арга эвээ олоогүй хүн орж ирээд л эхний хичээлээсээ нүдэнд нь оч гялалзахыг харах гайхалтай мэдрэмж байсан. Хүнд “Би чадах л юм байна шүү дээ” гэсэн урам зоригийг өгөх хэчнээн сайхан гээч. Найман цаг тасралтгүй хичээл заасан ч тэр л мэдрэмжийг авахад бүх стресс, ядаргаа тайлагдах шиг болдог.

-Харин хэл заах, сургалтын төв ажиллуулахаас шат ахиж, сургууль байгуулан, улмаар боловсрол гэдэг өргөн сэдвээр магистрын зэрэг хамгаалсны цаад зорилго юу вэ? 

-Бид таван жилийн өмнө “Гэгээ” бага сургуулиа байгуулсан. Багшлах туршлага ч багагүй хуримтлуулчихсан байлаа. ЕБС-ийн гадаад хэл заадаг тогтолцоог шүүмжлэлт нүдээр хараад эхэлсэн үе. Сургуулиа анх Цөм хөтөлбөрөөр эхлүүлсэн ч удалгүй нэг зүйлийг ойлгосон. Ерөөсөө энэ хөтөлбөр гэдэг зүйлийг хурдан хугацаанд шинэчлэх хэрэгтэй байгааг олж харсан гэж болно. Тэгээд л ер нь боловсрол гэдэг өргөн сэдвээр цэгцтэй, шинжлэх ухаанч ойлголттой болъё, тэгж гэмээнэ багаа итгэл дүүрэн чиглүүлэх юм байна гэж хараад АНУ-ыг зорьсон. Ерөөсөө л “Сургалтын хөтөлбөр гэж яг юу юм бэ?” гэдгээс л эхэлсэн дээ.

-Түүнээс хойш Кембрижийн хөтөлбөрийг сонгосон. Үүнийг олон ч хувийн сургууль нэвтрүүлж, маркетинг хийж байна. Энэ хөтөлбөр яагаад чухал юм, танай сургууль яаж нутагшуулсан юм бэ?

-Сurriculum буюу хөтөлбөр гэдэг нь суралцагчийг хаана, юунд хүргэхээ тодорхойлсон стандарт юм. Хөтөлбөр яаж боловсруулдаг тухай судалж байхдаа, бүгд л нэг зүйлийг өөр өөр өнцгөөс тайлбарлаад байгааг олж харсан. Хөтөлбөрийн талаарх сайн, муу гэдэг яриа нь түүнийг хэр нутагшуулж чадсанаас шалтгаалдаг юм байна. Нэг хөтөлбөрөөр Англид, Улаанбаатарт эсвэл сумын сургуульд заах нь асар ялгаатай. Учир нь, хөтөлбөр суралцагчдынхаа онцлогт уялдан “нутагших” ёстой. Гэтэл сурагчаа бодож үзэхгүй, нэг сурах бичигт захирагдаад түүний дагуу мэдлэг өгөх гээд хүчлээд, хайрцаглаад байдагт алдаа бий. Тийм ч учраас ямар сургалтын материал ашиглах нь тухайн сургуулийн бие даасан шийдвэр байдаг.

Тиймдээ ч АНУ-д болон Скандинавын орнуудын улсын сургуулиуд бүгд зах зээл дээрээс хувийн компаниудын боловсруулсан хөтөлбөрөөс төсвийнхөө болон зорилгынхоо түвшинд худалдан авч ашигладаг. Мөн ямар аргаар заах нь бүрэн эрх чөлөөтэй байдаг. Сурагчийн хүрэх үр дүнг буюу мэдлэг чадварын босгыг л улс нь тогтоож, нэгдсэн нэг шалгалт авдаг болохоос тэр үр дүндээ ямар хөтөлбөр, ямар арга замаар хүрэх нь тухайн сургууль, коммунитигийн асуудал байдаг.

Нөгөөтэйгүүр хиймэл оюун ухааны эрин үе гараад ирлээ. Сурах бичгийг 2-3 жилийн турш мэргэжлийн баг ажиллаж хийнэ, батлуулна. Хамгийн хурдан ажиллалаа гэхэд хоёр жилийн өмнөх мэдээлэл бүхий сурах бичиг бэлэн болно. Тэр сурах бичиг сурагчийн гарт очих үедээ аль хэдийнэ хоцрогдсон байна гэсэн үг. Дэлхийн чиг хандлага бол баримт, мэдээлэл цээжлэх нь чухал биш, харин “Learn how to learn” буюу “Хэрхэн суралцахыг сурдаг” болгоход л чиглэж байна. Мэдлэг гэхээс илүү чадамжийг анхаардаг болсон. Дандаа цээжлэх, сэргээн санах буюу оюуны доод эрэмбийн үйлээр нүдчихээр шийдвэр гаргаж чаддаггүй, аливааг олон талаас нь дүгнэж шинжилдэггүй хүмүүс л хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирдэг.

Ер нь сурагчдад “Би яагаад сурч байгаа билээ?” гэдгийг нь ойлгуулах, тэгээд дараа нь яаж суралцах чадварыг нь өгөх буюу өөрийн удирдлага суулгах чухал юм. Үүнийг high order cognitive skill буюу дээд эрэмбийн оюуны үйл гэж буй.

Кембрижийн хөтөлбөр өөрөө ийш чиглэдгээс гадна, манай сургууль сурагчдадаа тохируулж нутагшуулах тал дээр ихээхэн ажилладаг онцлогтой.

-Тэгэхээр сургалтын материалаа өөрсдөө боловсруулдаг байх нь?  

-Боловсруулахдаа тухайн сэдвийн дагуу гүн гүнзгий мэдлэг олгохыг чухалчилна. Баримт, эх сурвалжуудаа хэрхэн үнэлж, дүгнэх вэ. Олж авсан мэдлэгээ, үзэл бодлоо бусдад хэрхэн илэрхийлэх, хуваалцах вэ гэдэгт суралцах нь боловсролын үр дүн. Энэ дунд уншаад ойлгох, дүн шинжилгээ хийх, бичих, ярих, илтгэх бүх чадвар дэмжигдэж байдаг. Тийм учраас л сурах бичиг дангаараа хөтөлбөр биш юм. Сурах бичиг батлаад л, түүнд багтсан агуулгыг цээжлүүлэх гэж явах нь өрөөсгөл гэсэн санаа. Манай хөтөлбөрт Кембрижийн эх ч орно, видео контент ч багтах нь бий. Маш олон талын, баталгаатай эх сурвалжийг нэгтгэн цуглуулдаг.

-Хувийн сургуулиуд зөвхөн гадаад хэл, шинжлэх ухааныг чухалчлаад сэтгэлийн боловсролыг орхигдуулж байна хэмээн шүүмжлүүлдэг. Мэдээж мэдлэг олгохоос гадна зөв хүн болгож төлөвшүүлэх чиглэлдээ сургууль хэрхэн анхаарах ёстой юм бэ?

-Хэл бол хэрэгсэл шүү дээ. Харин хэрэгслийг яаж эзэмших вэ, юуны төлөө, хэрхэн ашиглах вэ гэдгээ мэддэг, удирддаг болж төлөвших нь гол асуудал. Практикаас ажигласан ч, онол уншсан ч хүүхэд ерөөс нэг нэгнээ дуурайж, дагаж л суралцдаг. Тэр ч утгаар хүүхэд эцэг, эхийнхээ болон хүрээлэн буй орчныхоо толь болдог. Иймд сургуулийн дотоод соёл, багш ажилтнуудын этикийг чухалчилж, зөвөөр үлгэрлэхийг хичээх учиртай. Нөгөө талаас хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг гурвалсан харилцаа шүү дээ. Орчин үед эцэг эхчүүд энэ тал дээр харьцангуй анхаардаг болсон байна. 

Бидэнд тулгардаг асуудлууд дэлхийн аль ч оронд байж л байдаг. Гэхдээ тэд хүүхдийн хүмүүжлийг зөвхөн сургууль, сургуулийн орчин, хөтөлбөр, заах арга гэхээсээ илүү амьдрах орчин, амьдралын чанар, гэрийн хүмүүжил, эцэг эхийн соёлоор дамжуулан олгохыг зорьдог юм билээ. Жишээ нь коммунити болгон дундаа заавал номын сантай, спорт цогцолбортой байх хуультай. Тэр нь хүүхэд хөгжлийн бүхий л боломжуудаар хангагдсан байна. Цаашлаад өрхийн эрүүл мэндийн төв нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг байнга хэмжиж, хянаж байдаг. Хүүхдийн боловсрол гэдэг бол сэтгэл санаа, бие бялдар, оюун ухааны цогц хөгжил шүү дээ. 

-Тэр утгаар та бүхэн сурагчдынхаа эцэг эх, асран хамгаалагчидтай хэрхэн ажилладаг вэ?

-Сурдаггүй хүүхэд гэж ер нь байхгүй ээ. Хүүхэд бүрийн гарааны түвшин өөр боловч, хамгийн чухал нь сэтгэл зүйн хувьд хайрлагдсан, хамгаалагдсан байх юм. Би нэг удаа “Хайрлагдсан хүүхэд сурах гэж, хайрлагдаагүй хүүхэд хайрлагдах гэж сургуульд ирдэг” гэсэн өгүүлбэртэй таарсан. Энэ өгүүлбэр миний эрж хайж явсан бүхний мөн чанарыг хэлээд өгчих шиг санагдсан.

Тиймдээ ч бид сурагчдаа элсүүлэхээс өмнө эцэг, эхтэй нь ярилцлага хийдэг. Зөвхөн хүүхдийн бус, гэр бүлийн орчны нөлөө, хандлага, ойлголцлыг ч бид чухалчилдаг гэсэн үг.

-Гэтэл багшийн хомстол харанга дэлдчихээд удаж байна. Хувийн сургуульд энэ мэдрэгддэг үү?

-МакКинзи нэгэн томоохон судалгаа хийгээд “Улс орны боловсролын чанар багшийн чанараа давдаггүй” гэсэн ганцхан өгүүлбэртэй, маш оновчтой дүгнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, сургалтын үр дүнг сайн багш л гаргадаг юм байна.

Анх дандаа сайн багш нарыг сорчлон ажилд авахыг эрмэлзлээ. Гэтэл бусад хувийн сургууль илүү өндөр цалин амлах, дуудаж уулзах тохиолдол гарч байсан. Боловсон хүчний шилжилт хөдөлгөөн их болохоор тогтвортой баг бүрдүүлэх амаргүй. Тэгэхээр гарц гаргалгаа нь, сайн багшид найдах биш, сайн багшийг төрүүлдэг тогтолцоог бий болгох дээр эргээд очсон. Бид Гэгээ Академидаа үүнийг амжилттай туршсан байв.

Би багшийн сургалт, хөгжил гэдэг сэдвээр магистрын дипломоо бичсэн юм. Олон улсын судалгаанд, багшийн сургалт, хөгжил тасралтгүй бөгөөд ажлын байран дээрээ явагдсаар байх ёстойг л хэлдэг юм билээ. Багш нарт сургалт хийхдээ тулж ажилла, багаар ажиллуул гэдэг юм байна. Эцсийн дүндээ байгууллага өөрөө суралцагч байх, дотоод соёлоороо суралцахуйг дэмжих ёстойг ойлгосон. Математикийн багш математикийн багш нартайгаа хамтрах, зовлон жаргалаа ярилцан хуваалцах, туршлага солилцох, хамтдаа гарц эрэлхийлэх нь зөв гэсэн үг. Багш нарыг том танхимд цуглуулаад, нэг хүн сургалт ороод байх биш. Энэ соёл нэгэнтээ бүрдчихвэл цаашид тасралтгүй хөгжөөд явчихдаг. Цайны цагаараа ч багш нар нөгөө л өөрт тулгарч байгаа асуудал дээрээ санал солилцож, тасралтгүй хөгждөг болчихдог юм байна.

-Дэлгэцийн хэт их хэрэглээнээс үүдэж хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар муудаж буй тал дээр эцэг эхчүүд санаа зовниж байгаа?

-Суралцахуйн гол цөм бол анхаарал төвлөрөл гэж өмнө нь дурдсан. Харин дэлгэцийн хэрэглээ анхаарал төвлөрлийг улам бүр сулруулж байдаг. Английн хувийн, өндөр төлбөртэй сургуулиуд нь гар утасны хэрэглээг хориглоод эхэлсэн байх жишээтэй. Манай сургуулийн орчинд гар утсыг хурааж, тарахад нь өгөөд явуулдаг. Нөгөө талаас эцэг эхчүүд гэртээ дүрэм мөрдүүлмээр байгаа юм. Гар утас авч өгсөн ч хяналт бөгөөд хязгаарлалт заавал байх учиртай. Энэ өөрөө хоёр талын ойлголцол, хамтын ажиллагаа шаардагдах сэдэв болсон.

-“Гэгээ” ямар төгсөгчдийг бэлтгэнэ гэж зорьдог вэ?

-“Боловсрол амьдралд бэлддэг биш, боловсрол өөрөө амьдардаг байх ёстой” гэсэн үг бий. Хиймэл оюун ухаан нийтийн хэрэглээнд огцом ороод ирлээ. Энэ цаг үед боловсрол яаж өөрчлөгдөх вэ, бид хэнийг бэлтгэх юм бэ гэдэг шинэ сорилт болчихоод байна шүү дээ. Ядаж 10-р ангийн хүүхдүүдийн ур чадварыг өөр түвшинд гаргахгүй бол болохгүй байна. Тийм учраас их сургууль, судалгааны институтэд бэлтгэгдсэн сурагчийг л төгсгөе гэж зорьдог. Өөрөөр хэлбэл хүүхэд ЕБС-иа төгсөхдөө өөрийн Graduate Portfolio-той болно. Ахлах ангид дэвшээд мэргэших чиглэлээ барьж авна. Багш нар, сургуулийн хөтөлбөрийн баг түүнийг чиглүүлж дэмжинэ. Багшаас илүү түвшний, тухайн салбарын мэрэгжилтэн хэрэгтэй болбол холбоод өгнө. Ингээд сурагч 10-р ангиасаа судалгааны өгүүллээ бичиж эхэлнэ, уран бүтээлч чиглэлээр явах бол бүтээлийн сангаа бүрдүүлнэ. Мэдээж хэлний оноогоо ч авна зэргээр бэлтгэгдэх юм.

Дэлхийн томоохон сургуульд гол нь юу заадаг вэ гэхээр, нэгдүгээрт тэд бидэнд хичээл заадаггүй. Харин чиглүүлж, зөвлөдөг юм билээ. Бас цорын ганц үнэн байхгүй гэдгийг ойлгуулдаг. Одоо байгаа онол дараагийн онолоор няцаагдах хүртэл үнэн гэж явдаг. Тиймээс байнга шинэ зүйлийг эрэлхийлэх, олон талаас нь харах, судлах, баталгаажуулах гэх зэргээр хашир, хэрсүү сайн судлаач болгодог. Гол нь нэг хэв маягт баригдалгүй өөрийн зорилгодоо хүрэхийн тулд ямар замаар явахаа өөрөө сонгож, тогтоох вэ гэдгээ шийдэх асуудал. Энэ чадварыг ахлах ангийнхан, төгсөгчдөдөө суулгахыг бид зорьж байна.

-Хувийн сургууль бизнесийн байгууллага мөн үү. Энэ бол улсын төсвөөс татаастай, татвараас хөнгөлөгддөг, маш ашигтай бизнес л дээ. Боловсролыг улсын, хувийн гэж хуваачихаар ирээдүйн нийгэмд үл ойлголцол бүхий хоёр өөр бүлэг бий болно хэмээн шүүмжлэх, эмзэглэх хэсэг ч бийг та хэрхэн хардаг вэ?

-Улсын ба хувийн сургууль гэдгээр нийгмийн боловсролын чанар хоёр хуваагдаад байгаа нь нууцгүй үнэн. Сүүлийн жилүүдэд ашигтай бизнес гэж хараад олон арван хувийн сургууль нээгдэж байгаа нь ч бас үнэн шүү дээ. Гэхдээ удахгүй шигшигдэх болов уу. Нэг хэсэг их, дээд сургууль олон болсонтой адил. Зах зээлийн хууль үйлчилнэ гэж бодож байгаа. Энэ дунд бизнес биш боловсролын төлөө, Монгол Улсад өөрийн хувийн сургуулиар дамжуулж шинэ  салхи сэвэлзүүлье гэсэн нь цөөнгүй. Миний хувьд, хувийн сургуулийнхан багшаа хөгжүүлэх, хөтөлбөр сайжруулах дээр түүчээлж байгаа.

Бид эхнээсээ чанарт төвлөрсөн тул эхний жилдээ 1-5-р ангидаа л элсэлт авсан. Ууган сурагчид маань ирэх намар аравдугаар ангидаа орж, манай хамгийн анхны ахлах бүлэг болох юм. Тэднийхээ төгсөлтийн баярт амжиж гээд АНУ-аас яаран ирсэн (Инээв).

-Таны цөөнгүй удаа дурдсан дээд эрэмбийн оюуны үйл хэмээх нэр томъёо багагүй шинэ тусна. Гэхдээ яах аргагүй боловсрол гэдэг энэ л юм?

-Энгийнээр хэлэхэд энэ бол шүүмжлэлт сэтгэлгээ, аливааг олон талаас эргэцүүлэх чадвар. Дээр нь өөрөө дүгнэлт хийж, шийдэл олох, тэр шийдлээ хэрэгжүүлэх чадвар шүү дээ. Эцсийн дүндээ ийм иргэнийг л бид хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргаж байх ёстой. Өндөр ур чадвартай боловсон хүчин улс орны хөгжилд шууд нөлөөлдөг. Тийм учраас боловсролын байгууллагууд яг л энэ дээд эрэмбийн оюуны үйлд төвлөрмөөр байгаа юм. Ганцхан манай улсад тулгамдсан асуудал ч бас биш юм билээ.

Харин стандартчилсан шалгалтууд энэ агуулгыг хазайлгаад байх талтай. Ганцхан ЭЕШ-аар боловсролыг хэмжинэ гээд, түүнд л хөтөлбөр чиглэчихвэл дээд эрэмбийн оюуны үйлд төвлөрөхгүй. Нөгөө л сэргээн санах түвшний буюу доод эрэмбийн чадварыг л шалгасаар байна. Гэтэл Кембриж зэрэг хөтөлбөрүүдийн шалгалт дандаа нээлттэй хариулттай буюу сонгож дугуйлах биш хариулж бичдэг байх жишээтэй.

-Боловсрол бол мэдлэгээс ялгаатайн дээр диплом төдий биш гэдгийг ойлгох цаг ирсэн. Таны хувьд боловсролыг тун товчоор юу гэж тодорхойлох вэ?

- Сэргээн санах, цээжлэх бол аж үйлдвэржилтийн нийгэмд боловсон хүчин бэлтгэж  байсан арга зүй. Гэтэл боловсролын зорилго цаг үедээ чиглэж байх учиртай. Тиймээс орчин үед аливааг судалж сурсан, түүнийгээ эргэцүүлж, үнэлж дүгнэж, амьдралдаа зөв бүтээлчээр ашиглаж, шийдвэр гаргах чадвартай, бусадтай хамтарч чаддаг хүнийг л боловсролтой хүн гэнэ. Сонголтыг хүүхэд гартаа авна. Бие даан шийдвэр гаргана гэсэн үг шүү дээ.

"Гэгээ" сургууль Яармаг дахь шинэ салбартаа элсэлт авч байна. Холбогдох утас: 70005559

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Gantumur
Gantumur
8 сар 8, 2025 11:41

Bayrlalaa saihan niitlel bainaa tsag gargan shimten 1 ug usegtei n ergetsuulen unshlaa????????????Gegee tuvd ochson suraltssan udur bur mini uneheer martagdashgui, odoo ch ug useg, setgel hudlulteigee bagshiin maani uil hudlul saihan ineemseglel uchigdurhun yum shig tod baina ????????????
Mongoliinhoo ireeduid ih hurungu oruulalt hiij bgaa saihan hamt olond n amjilt husie ⭐️⭐️⭐️

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
8 сар 8, 2025 14:08

biitii shagaarai hedhen sariin daraa HSK 4 ugnu ch geh shig. dor hayaj 2 jil uzej baij 4 ugdug um shuu

Холбоотой мэдээ

Back to top button