УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ажлын байр бий болгож байгаа үйлдвэрлэгчдээ дэмжихийг үүрэг болгов

Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо.

Тус хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан татварын шинэчлэлийн хэлэлцүүлгийн талаар танилцуулав. Хэлэлцүүлэгт 13 мянган иргэн, аж ахуйн нэгж, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэжлийн холбоодоос нийт 176 мянган санал ирүүлжээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлан нийт саналын 50 гаруй хувийг хуулийн төсөлд тусгасан байна.

Баялаг бүтээгчид, ажлын байр бий болгож байгаа үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдний саналыг дахин нягтлахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн яаманд үүрэг болголоо.

Мөн татварын шинэчлэлд НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттай нэмэгдүүлэх, татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог арилгаж байж баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажил олгогчдоо дэмжинэ гэдгийг онцоллоо.

Зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой хангаж, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хуулиар хамгаалах ажлын хүрээнд Засгийн газраас “Аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Татварын шинэчлэл болон хувийн хэвшил, ажил олгогч, баялаг бүтээгч, үйлдвэр эрхлэгчдээ дэмжих багц хуулийн төсөл боловсруулж байна. Мөн экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих болон гаалийн хяналтын журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газрын гишүүд ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button