Нийгмийн

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайз Шэнь Миньжуанийг хүлээн авч, уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр (2025.08.14) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Элчид сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт хандан шинээр томилогдсон албанд нь баяр хүргэж, амжилт хүслээ.

Улмаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Ван Сяохунаас баяр хүргэж илгээсэн хүндэтгэлийн захиа болон энэ оны 9 дүгээр сард зохион байгуулагдах Дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны олон улсын чуулга уулзалтад оролцох урилгыг тус тус уламжлан гардууллаа. Л.Мөнхбаатар сайд хариу талархал илэрхийлээд “Өнөө цагийн нийгмийн аюулгүй байдалтай холбогдон үүсэж байгаа сорилт бэрхшээлүүдийг хамтын хүчин чармайлт, түншлэлээр даван туулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой дээрх чуулга уулзалтад оролцоно” гэдгээ мэдэгдлээ.

БНХАУ-ын талаас манай хууль зүй, дотоод хэргийн салбарт алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт дадлага, техник туслалцааны чиглэлээр үр дүн бүхий дэмжлэг үзүүлдэг бөгөөд уг хамтын ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Элчин сайд өндөр идэвх, оролцоотой ажилладаг. Цаашид ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээ, кибер орчинд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд БНХАУ-аас туршлага судалж, хамтран ажиллах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар илэрхийлэв.

Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн салбарт сүүлийн үед хэрэгжүүлж буй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэж буй ажлуудыг сайшаан онцлоод дээрх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цагдаагийн ахлах атташе Ши Юуньбинь, цагдаагийн атташе Э.Жаранзургаа, Улс төрийн хэлтсийн атташе Жао Хонюй нарын төлөөлөл оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button