Их говийг дархлан хамгаалсан 50 жил: Эрсдэл үгүй болоогүйг сануулах нь

Алтайн өвөр говийг дархлан хамгаалаад 50 жил өнгөрчээ. Юу гэвэл, Говийн их дархан цаазат газар байгуулагдсаны 50 жилийн ойг эдгээр өдрүүдэд тэмдэглэж байна.
ГИДЦГ-ын А хэсэг дангаар 4.6 сая га талбайг эзэлдэг, урд хилд давхацдаг. Нөгөө 30 гаруйхан бий гэдэг мазаалай баавгай, 500 хүрэхгүй бий гэдэг хавтгай тэмээ зэрэг нэн ховор бөгөөд үнэ цэнтэй амьтан, ургамлын экосистемийг цогц хадгалж буй нутаг.
Алтайн өвөр говийг дэлхийн эрдэмтэд -Төв Азийн говь цөлийн экосистемийн үлгэр загвар гэж үнэлдэг. Өөрөөр хэлбэл, онгон төрхөө хадгалж үлдсэн ийм газар дэлхийн өөр хаана ч байхгүй гэдэгт санал нэгддэг юм. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн эрдэмтэд Алтайн өвөр говиор яваад, ГИЦДГ-ын А ба Б хэсэг, мөн Говийн бага дархан цаазат газрыг Дэлхийн өвд бүртгэх боломжтой гэдгийг аман хэлбэрээр илэрхийлээд буцсан удаатай. Манай талаас материал өгөх л асуудал хүлээгдэж байгаа.
Оновчтой шийдэж 50 жилийн өмнө дархан цаазтай болгон, өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж ирсэн учир Алтайн өвөр говь хүний хөл хамгийн бага хүрсэн, онгон зэрлэг, арвин нууцтай хэвээр хадгалагдаж байгаа нь бас үнэн. Энэ утгаар 50 жилийн ойгоор дархан газрын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчдад баяр хүргэж, талархал илэрхийлэх ёстой.
Нөгөө талаас Алтайн өвөр говийг сүйтгэж мэдэх эрсдэл, төрийн бодлого шийдвэр саяхан хөндөгдсөнөөс хойш мартагдаагүй, арилж алга болоогүйг сануулах шаардлагатай.
Урд хилд нь давхацдаг Нарансэвстэйн боомтыг нээх асуудал Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Энэ заалт хэрэгжвэл цэвэр БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар засмал зам тавигдана гэж УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар хэлдэг. Эдгээр нь үндэслэлгүй бөгөөд эрсдэлтэй, БНХАУ-ын талд л ашигтай, Алтайн өвөр говь сүйднэ, мазаалай, хавтгай сөнөнө гэдгийг эрдэмтэн судлаачид, олон нийтийн хамт хөдөлгөөн өрнүүлэн тайлбарласан.

Он цагийн дарааллаар гэвэл,
2024 оны 7 сар - 2025 оны 1 сар: ЗГ-ын хүсэлтээр Олон Улсын Тахь Групп, Зуковын Сан, Германы Сэргээн Босголтын Банк санхүүжилт гарган Монголын эрдэмтдийн баг “Монголын их говь цөл” (ГИДЦГ-ын А, Б хэсэг, Ээж Хайрхан Уулын БДГ, Алаг Хайрхан Уулын БНГ, Бага Говийн ДЦГ)-ийг ЮНЕСКО-ын “Дэлхийн өв”-д бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг боловсруулсан. Энэ ажлын явцад хэрэглэсэн “Байгаль хамгааллын стандарт арга зүй”-ээр Нарансэвстэйн боомт нээгдэх нь бодит аюул хэмээн тодорхойлогдсон.
2024 оны 8-9 сар: Хамтарсан Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.2.8-нд “Нарансэвстэй боомтыг сэргээж нээх” гэсэн заалт гэнэт орж батлагдан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн баригдсаныг цахим орчноос олж мэдсэн дариуд үндэсний эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалах ТББ-уудын төлөөлөл нэгдэн тус заалтад хориг тавиулах хүсэлт бүхий захидал Ерөнхийлөгчид илгээв. Мөн Ерөнхийлөгчийн Байгаль орчны зөвлөхөд утсаар мэдэгдэж тусламж хүсэв. Захидал, хүсэлтийн хариу ирэхгүй байсаар ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр ёсчлон батлагдав.
2024 оны 9 сар: Монгол Улсын Ерөнхий сайдын байгаль орчны зөвлөхтэй уулзаж ГИДЦГ-ын А хэсэгт Нарансэвстэйн боомт нээх нь Алтайн өвөр говийн экосистем, нэн ховор амьтдын амьдрах орчинд хор хөнөөлтэй талаар мэдээлэл танилцуулав.
2024 оны 10 сар: Үндэсний эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалах ТББ-ууд, ТХГН-ийн ХЗ, олон улсын байгууллагуудын дунд зөвлөгөөн зохион байгуулж үүссэн асуудал, учрах үр дагаварыг танилцуулав. Хэлэлцүүлэгт 18 байгууллагын 26 төлөөлөл оролцов. Зөвлөгөөний үр дүнд оролцогчид Монгол Улсын ЗГ-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт орсон “Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх” заалтын талаар нэгдсэн ойлголттой болж, тус заалтыг хүчингүй болгох гарц, шийдэл санал болгож, ЗГ болон УИХ-нд нэгдсэн захидал илгээв. Хуралд оролцогчдоос Ерөхийлөгч, УИХ, ЗГ-т захидал бичин илгээв.
2024 оны 11-12 сар: Хөдөлгөөний нэрийг тогтов. Хөдөлгөөнийг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл шүхэрлэн ажиллахаар болов. Хуулийн баг ажиллаж эхлэв. Тэдний дэмжлэгээр УИХ-ын хуулийн дагуу ди-парламент системд цахим өргөдөл гаргав. 33000 гарын үсэг бүхий дэмжлэг авах ажил эхлэв.
ОУТГ, Ханс Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр хүүхэд залуусын дунд Алтайн өвөр говь сэдэвт уран зураг, зурагт хуудас, нийтлэлийн уралдаан зарлаж дүгнэв. Бүтээлүүдээр Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргав.
ГИДЦГ-ын А хэсгийн орчны бүсийн сумдын УБ хотод оршин суух иргэдийн Алтай, Цогт сумын нутгийн зөвлөл Нарансэвстэйн хөдөлгөөнд нэгдэв. Тэд хамтран “Хавтгай Мазаалай Их говио хамгаалъя” ТББ байгуулав. Нутгийн иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүсэн асуудлыг олон нийтэд хүргэх, гарын үсэг цуглуулах ажилд манлайлан оролцов. Худалдааны төв, Сүхбаатарын талбай зэрэг хүн олонтой газарт үүссэн асуудлыг танилцуулж, гарын үсгийн дэмжлэг авах ажил удаа дараа зохион байгуулав.
2025 оны 1 сар: Нутгийн иргэд, эрдэмтэн судлаачид, МБОИЗ-ийн төлөөлөл УИХ-ын даргатай уулзаж асуудал, эрсдэлийг танилцуулан, ЗГ-ын хөтөлбөр дэхь заалтыг хүчингүй болгох хүсэлт тавив.
Өргөдөл цахим системд байрших хүчинтэй хугацаанд амжиж Монгол Улсын 33074 иргэн гарын үсэг зурав. Хуулийн дагуу УИХ-ын ТББХ-нд асуудлыг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсэгтэй хоёр удаа уулзаж асуудал, эрсдэл, тооцоо судалгааг танилцуулав.
2025 оны 2 сар: УИХ-ын дарга, ажлын хэсгийн гишүүний хамт ГИДЦГ-ын орчны бүсийн сумдад ажиллах үед нутгийн иргэд, ХЗ-тай хамтран Нарансэвстэйн асуудал, эрсдэлийг дахин танилцуулав.
2025 оны 3 сар: Хөдөлгөөний гишүүн байгаль хамгааллын стандарт боловсруулах олон улсын сүлжээний хуралд оролцохдоо Нарансэвстэйн асуудлыг нэг кэйс болгон хэлэлцүүлцүүлэв.
2025 оны 4 сар: ГИДЦГ-ын 50 жилийн ой угтсан олон арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд 17 илтгэл хэлэлцсэн бөгөөд илтгэл бүхэн ГИДЦГ-ын экосистемийн анхдагч төрхийг хадгалан үлдээх, ховор амьтдын амьдрах орчин, нөхцлийг тэтгэн сайжруулах боломж, эн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, олон нийтийн анхаарлын төвд орсон Нарансэвстэйн боомтыг дахин нээх, боомтоос дархан газрын захаар хатуу хучилттай зам тавьснаас говь цөлийн экосистемд үүсэх сөрөг нөлөөний тухай асуудлыг хөндөж байв. Хурлаас захидал үйлдэн төрийн өндөрлөгүүдэд илгээв.
2025 оны 5 сар: Ерөнхий сайдад хөдөлгөөний гишүүн албан бус байдлаар асуудал, эрсдэлийг биечлэн танилцуулав.
2025 оны 6 сар: Хөдөлгөөний төлөөлөл “Огцрох амархан” жагсаалын Нээлттэй микрофоноор тэнд цугласан хүмүүс Нарансэвстэйн асуудал, эрсдэлийг танилцуулав.
2025 оны 7 сар: УИХ-аас шинээр томилогдсон ЗГ-т Алт-3 хөтөлбөр хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах чиглэл өгсөнийг хэсэгчлэн эсэргүүцсэн хэвлэлийн бага хуралд оролцож Нарансэвстэйн асуудал, эрсдэлийг дахин танилцуулав.
Хөдөлгөөнд анхлан олон улсын байгаль хамгаалах байгууллагын Монгол дахь төлөөллүүд оролцох сонирхолгүй байв. Тэд Засгийн газартай асуудалд орохыг хүсэхгүй байсан гэлтэй.
Олон улсын санхүүжилттэй байгаль хамгаалах байгууллагад ажиллаж байсан, Нарансэвстэйн хөдөлгөөнийг санаачлагч нэгэн нь байгууллагадаа улс төрийн шалтгаанаар төвөг удахгүйн тулд сайн дураар гарч, тэмцлээ үргэлжлүүлсэн ч байдаг.

Энэ бүгдийн дүнд асуудал улстөрчдийн чихэнд хүрч, хянан шалгах түр хороо УИХ-ын дэргэд байгуулагдсан ч бүр больчихсон, энэ заалтыг буцаасан зүйл үгүй. Ердөө л намжмал байдалд шилжээд байгаа юм. Нөгөө талаас, “Алт-3” хөтөлбөрийн хүрээнд дархан цаазаас гаргаж, алт олборлох газруудын жагсаалт гарсан. Үүнд Алтайн өвөр говь багтах эрсдэл бий. Алтны асар том нөөцтэй, уг судал нь Нарансэвстэйн боомт, улсын урд хилээс холгүй зэрэгцэн оршдог нь том асуудал болдог юм. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус тогтоолд хэсэгчилсэн хориг тавиад байгаа бөгөөд намрын чуулганаар хэлэлцэх чигтэй.
Эрсдэл алга болоогүйг олон нийтэд сануулсан шалтгаан энэ. 50, цаашлаад зуу зуун жилийн ойгоо тэмдэглэх ёстой Говийн их дархан цаазат газрын хамт олны бүгдийг зориулж хамгаалдаг Их говьд уул уурхай, эдийн засгийн сонирхлоор хүний нөлөө үлэмж ихэсвэл алдах зүйл нь их. Юуг алдах вэ, юуг хожих вэ гэдгийг л дэнсэлж бодох цаг юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бичиг баримтаа бүрдүүлсэн юм бол даруйхан дэлхийн дансанд бүртгүүлэх гүй юугаа хүлээлгээд удаад байдаг юм. Улс орноо энд тэндгүй ухаж түнхээд улс орон маань хөгжиж ард түмний амьжиргаа сайжирсан зүйл харагдахгүй байхад говиор оролдож яах гээд байгаа юм
Нэр төдий Дархан газрын хамга�##��##�тын захиргааг өөрчилж хиймэл дагуулын мэдээ, старлинк,дрон бусад тоног төхөөрөмжийг даргын өрөөнд биш харин хамга�##��##�тад ашиглах цаг болсон. Говь-Алтай аймгийн Алтай сумын Дархан газарт,Хилийн заставын ойрхон "нинжа-хулгайч" нар жижиг экскаватороор 1км гаруй гаруй хөндийг ухсан ул мөрийг харж л байв .Ийм хэмжээний ул мөр лав 1-2 сарын хугацаанд ухсаныг харуулна.
Урд уул дархан цаазтай гээд хулгайлж зараад дуусч байгаа биз дээ , хэзээ үхэхээ мэдэхгүй байж Нарансэвстэйг нээгээд зам тавиулаад Хятадад зараач
Амг�##�анбаатар бол бурхан Чингис хаан хоёроос ч хүчтэй мангас болсон тул удахгүй монгол орныг сөнөөх байхаа.