“Нүүдэлчин” фестиваль маргааш эхэлнэ

Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ын бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд болно. Фестивалийн үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морин уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.
Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах юм байна.
Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулах бөгөөд соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна наадмыг зорин очсон хүмүүст соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцах, оролцон суралцах, мэдлэг, ур чадвар олж авах боломжийг бүрдүүлжээ.
Дөрөв дэх удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах аж.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.