УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр (2025.08.20) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Л.Мөнхбаатар сайд ноён Элчин сайдад хандан салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж буй тэргүүлэх бодлого чиглэлийнхээ талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, “Эрх зүйн шинэтгэл-2” хөтөлбөр хэрэгжүүлэх, улсын хэмжээнд мөрдөж буй хууль, тогтоомжуудад хүний эрхийн үнэлгээ хийж холбогдох арга хэмжээ авах, “Эдийн засгийг эрх зүйгээр дэмжих” хөтөлбөр болон хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар хууль, дүрмүүдэд өөрчлөлт оруулах чиглэлд ажиллаж эхэлсэн талаар дурдав.

Хариуд нь Элчин сайд Ричард Буанган “Таны тэргүүлэх чиглэлээ болгож байгаа эрх зүйн шинэтгэлд би хувьдаа сэтгэл хангалуун байна. Эдийн засаг нээлттэй байх тусмаа өсөлт сайжирна. Энэ чиглэлд дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй” гэж мэдэгдлээ.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргаанаас гадны улсуудад үзүүлдэг тусламж, хөрөнгө оруулалтаа дахин хянаж үзээд Монгол Улсын ХЗДХЯ-тай өнгөрсөн 5 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн үр дүнг өндрөөр үнэлж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн талаар дуулгалаа.

Түүнчлэн талууд Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр, АНУ-ын Төрийн департаментын Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчоо (INL)-ны санхүүжилтээр Монгол Улсын хууль сахиулах салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн хийгээд салбарын бусад асуудлаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Сара Бэт Машл, Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс нарын төлөөлөл байлцав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button