Төсөв өргөн барихад ажлын тав хоног үлдэж, ерөнхийлөн захирагч нар саналаа сарын өмнө өгчээ

2026 оны улсын төсвийг өргөн барихад ажлын тав хоног л үлдээд байна. Нэг ёсондоо төсөв хэдийнэ "боогдчихсон" гэсэн үг.
Г.Занданшатарын Засгийн газар улсын төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн саналыг тусгана гэсэн нээлттэй концепцыг барьж яваа. Энэ хүрээнд E-Mongolia системээр нийтийн санал асуулга явуулсан. Мөн төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг тооцохын тулд салбар бүр дээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Эдгээр санал төсөлд яг хэрхэн тусаж байгаа нь одоо хэр ойлгомжгүй хэвээр байна.
Төсвийн тухай хуульд заагдсан хугацааг харахад, долдугаар сарын 25 гэхэд лав сайд жилийн төсвийн саналаа Сангийн яам, УИХ-д хүргүүлчихсэн байх ёстой. Хүргүүлэхээс гадна нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй. Гэвч ил болоогүй л байна.
УИХ-аар хэдийнэ хэлэлцэж, хоёр ба гуравдугаар хэлэлцүүлэг давсан хойно "Зардлаа таная" гэдэг улс төрийн популизм үүсдэг, дагаад шантаажууд хийгддэг нь нэгэнтээ давтагдсан. Энэ жил илүү хариуцлагатай хандахын тулд төсөв хэлэлцэх үйл явцыг ч мэдээлж байх нь чухал юм.
Хуулийн цаглавар харвал дараах байдлаар байна,
Долдугаар сарын 25-ны дотор: Төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа Сангийн яам, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлэх
Наймдугаар сарын 15-ны дотор: Дээрх саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Эдийн засаг, хөгжлийн яамаар хянуулж, Засгийн газарт өргөн мэдүүлж, ил тод мэдээлэх
Есдүгээр сарын 1-ний дотор: Засгийн газар жилийн төсвийн төслийг жил бүрийн Төрийн аудитын байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
Дээрхээс гурав хоногийн дотор: Засгийн газар жилийн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор нийтэд мэдээлэх
Есдүгээр сарын 15-нд: Төрийн аудитын төв байгууллага жилийн төсвийн төслийн талаарх дүгнэлтийг УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх. Мөн энэ хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаарх адил хүргүүлж, мэдээлнэ
Арваннэгдүгээр сарын 15-ны дотор: УИХ төсвийн төслийг хэлэлцэн батална.
Дээрх цаглабраас харахад төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу САЙД НАР өөрсдийн төсвөө хэдийнэ боловсруулж, түүнийг ЭЗХЯ-наас хянаж, Засгийн газарт өргөн мэдүүлжээ. Харин хуулийн дагуу ил тод мэдээлээгүй л байна.
Удахгүй есдүгээр сарын 1 гэхэд 2026 оны улсын төсөв өргөн баригдаж, нээлттэй байршиж, 15 гэхэд аудит хяналтаа хийх ажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.