Өндөр үнээр зургаан машин авсан Т.Хэрүүга, Ж.Батчулуун нарыг ₮6-10 саяар торгов

ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэрлэлээ.
Эргэн сануулахад, Тэднийг эл сургуулийг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулж, хохирол учруулсан хэрэгт холбогдуулан 2020 оноос хойш шалгасан бөгөөд өмнө нь нэг удаа тус шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх захирамж шүүгч гаргаснаар АТГ-ынхан дахин холбогдох ажиллагааг явуулсан байдаг.
Анх эл гомдлыг ХААИС-ийн багш, ажилтнууд нь 2020 онд АТГ-т гаргаснаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн бөгөөд Т.Хэрүүга, Ж.Батчулуун нарын тендерийн хууль зөрчиж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэмээн мэдэгдсэн.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.8-1.2-ын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, 17.4-1-ийн эд хөрөнгө завшсан гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан байдаг. Т.Хэрүүга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Киа морнинг”, “Бонго жи-3” загварын автомашин тус бүр нэг, “Хьюндай аванте” суудлын автомашин, “Хьюндай каунти” загварын автобус тус бүр хоёр гээд нийт зургаан тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авчээ.
Иймд шүүхээс "Бусадтай бүлэглэн төсвийн хөрөнгийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр бараа худалдан авч төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хэргийг гүйцэтгэсэн хэмээн үзэж хэргийн оролцогч
- ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүгаг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс хасаж, 6 сая төгрөгөөр торгох
- ХААИС-ийн эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал асан Ж.Батчулуунд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 10 сая төгрөгөөр торгох ял оноолоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.