Х.Мягмарсүрэн: Гурван өрөө байрнаас гэр хорооллын зургаан хант руу эргэн ирсэн шалтгаан маань тав тух

Олонд “гэрээ цэвэрлэдэг эмэгтэй” хэмээн танигдсан Х.Мягмарсүрэнгийнд зочиллоо. Эднийх саяхан гурван өрөө байрнаас зургаан хантай гэрт нүүн орж тохижоод байхтай бид таарав. Түүний нөхрийг С.Батсэргэлэн гэдэг. Тэд бол хэзээний гэр хорооллын жишиг айл, монгол гэрийг хэрхэн гоё тохижуулж, цэвэрхэн амьдарч болох вэ гэдгийг олонд таниулсан залуу хосууд юм.
Х.Мягмарсүрэнгийн хувьд гэр хороололд тэр дундаа монгол гэрт эмх цэгцтэй гоё амьдарч болохыг харуулахын зэрэгцээ нийгэмд нөлөөлөхүйц бичлэгүүдийг хийж, түгээдэг нэгэн. Тэрбээр эмэгтэйчүүдийг хүүхдээ хараад гэртээ зүгээр суудаг гэх ойлголтыг халж, гэртээ суугаа эмэгтэй өдөржин ямар их ажил амжуулдгийг нөхөртөө, хадамдаа, найз нөхдөдөө, нийгэмд харуулахаар гэрийн эзэгтэйн бүтэн өдрийн ажлыг рийл болгон бичиж, цацдаг. Мөн утаагүй, хоггүй амьдрах гэхчлэн эерэг өөрчлөлтийг гэр бүлээсээ эхлүүлж, зөв дадлаа олонд нийтэд түгээдгээрээ олонд танил.
Ийм нэгэн ажилсаг, бүтээлч залуу хосынд бид зочилж, шинээр эхлүүлээд буй гэр хорооллын амьдралынх нь талаар Х.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Аль аймгаас, хэзээ нүүж ирсэн бэ?
-Бид Ховдоос ирээд 10 гаруй хонож байна. Манай гэр бүл ажлын шаардлагаар орон нутаг руу нүүж гурван жил амьдарсан. Орон нутаг Улаанбаатартай харьцуулахад стрессгүй, түгжрэлгүй нь сайхан. Гэхдээ бидний үеийн залууст ажлын байр маш хомс. Өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэл эрхэлье гэхээр зах зээл нь маш жижигхэн юм байна лээ. Тиймээс ирээдүйгээ бодоод буцаад их хотоо зорьж ирсэн маань энэ. Улаанбаатарт байранд амьдрах бас хэцүү шүү дээ. Зам дагуу орон сууц дуу чимээ ихтэй. Дээрээс нь манайх хоёр хүү нэг охинтой. Хүүхдүүд маань нэлээд хөдөлгөөнтэй болохоор дуу чимээнээс эхлээд байрнаас илүү гэр хороолол нь дээр санагдсан. Тэгээд л дахин гэр хороололд гэрээ барихад амьдрахаар шийдсэн.
Зарим хүмүүс нэг шат ухарлаа, доошиллоо гэсэн байна лээ. Гэхдээ бид хаана тав тухай байна. Хүүхдүүд нь хаана тайван, эрүүл байна тэндээ амьдрах нь хүмүүсээр шүүлгэх асуудал биш байх. Ховд аймагт бид эрүүл, тэгш газартай хашаа олоогүй, бас түрээсийн хашаа гэж байдаггүй. Газар бүр олддоггүй учир байранд амьдарсан.

-Монгол гэрийг хэрхэн гоё тохижуулж, амьдарч болох вэ гэдгийг танай гэр бүл бараг анхлан харуулж байлаа. Тухайн үед танай гэрийн бичлэг хаа сайгүй явж, бүүм болсон шүү дээ. Одоо түүнээсээ ч гоё харагдаж байна. Энэ удаа гэрээ хэрхэн тохижуулав?
-Анх нөхөртэйгөө тусдаа гарахдаа улаан шаргал модтой, хээтэй монгол гэрээ бариад орж байсан. Уламжлалт гэр гоё болов ч нэг л бүүдгэр, уйтгартай харагддаг. Тиймээс таван жилийн өмнөөс гэрээ цагаан өнгөтэй болгосон.
-Гурван өрөө байрны эд хогшлыг зургаан ханатай гэрт багтаах амаргүй байсан байх?
-Гурван өрөө байранд байсан таван хүний эд хөгшил, гэрийн бүх эдлэлээ багтаах мэдээж амаргүй. Тиймээс манайх тавилгуудаа монгол гэрийн онцлогт тааруулан хийлгэж, зай талбай бүрээ ашигласан. Гурван хүүхдийнхээ хувцас болон ор хөнжил гээд бүх зүйлсээ гурван хаалгатай шкафт маш эмх цэгцтэйгээр багтаасан. Гал тогоогоо мөн ялгаагүй яаж ийгээд болгосон. Зургаан хантай гэрт маань бидний ор, буйдан, хоолны ширээ сандал, гал тогоо, хувцасны хэсэг, хүүхдийн маань хичээл хийх хэсэг, миний жижиг номын сан гээд олон зүйл бий. Эндээс онцлох нь манай авдар. Айл болгоны хойморт байх ёстой гэж боддог. Бид авдраа орчин үеийн загвараар гэрийн тохижилтод тохирсон өнгөөр хийлгэсэн. Ганц энэ авдарт хань бид хоёрын 20 гаруй дээр бусад үнэт зүйлс маань байдаг. Бусад тавилгуудын хувьд ялгаагүй дотроо зай талбай ихтэй. Бас манайх олон тавилгатай ч зайтай, цэлгэр, цэвэрхэн харагдаж байгаа нь гэрийн цагаан өнгөтэй холбоотой.
-Таны гэрээ цэвэрлэж байгаа бичлэгүүдийг маш олон хүн үздэг. Яагаад яг тийм бичлэг хийх болсон бэ?
-Яг олон нийтийн сүлжээнд тавья гэж бичлэг хийж эхлээгүй юм. Дийлэнх нөхрүүд ер нь эхнэрээ гэртээ хүүхдээ хараад зүгээр сууж байдаг гэж ойлгодог. Манай нөхөр бас хүүхдээ хараад гэртээ суудаг байхад утсаар залгаад “юу хийж байна” гэж асуудаг байсан. Тэр асуултад нь би хариулт өгөх гэж нэг өдөрт хийж байгаа бүх ажлаа утсан дээрээ бичиж хурдасгаад нөхөртөө үзүүлж байсан юм. Дараа нь тэр бичлэгээ сошиалд тавьснаар олон хүнд хүрсэн. Өгөх гэсэн санаа нь таалалдагдсан болов уу гэж боддог. Түүнээс хойш бичлэгээ тасралтгүй хийх байгаа. Шалтгаан нь ганцхан миний нөхөр биш. Айл болгонд байгаа нөхөр, хадам ээж, аав, найз нөхөд, нийгэм тэр чигтэй хүүхдээ харж суугаа эмэгтэйчүүдийг эергээр хүлээн авч, биднийг гэртээ ажиллаж байгаа гэдэг нүдээр хардаг болоосой. “Гэртээ суудаг авгай” гэдэг ойлголтыг халах юм сан. Бид ч бас ажилладаг шүү гэдгийг ойлгуулъя гэсэн үүднээс гэрийн ажлын бичлэгээ тасралтгүй хийсээр байгаа.
Албанд ажиллаж байгаа хүнд ажлын цаг, түүндээ тохирсон цалин гэж бий. Харин ээжүүдэд ажил тарах, орох цаг, амралтын өдөр гэж байдаггүй шүү дээ. Үүнийг нь ойр тойрныхон нь ойлгодог байгаасай. Хажуудаа байгаа хань ижил, хайрт охин, бэрийгээ хайрлаж энэрээсэй гэдэг мессежийг л олон нийтэд өгөхийг хүсдэг.
-Өдөржин хийснээ бичсэн таны бичлэгийг үзсэний дараа нөхөр нь өөрчлөгдсөн үү?
-Их өөр болсон. Өдөрт хэд хэдэн удаа “чи юу хийж байна” гэж залгахаа болихоос эхлээд бүх хандлага нь өөрчлөгдсөн. Урлагийн хүн болохоор нөхөр маань гэрийн ажил, хүүхэд өсгөх зэрэгт оролцдоггүй цагаан гартан байсан. Харин сүүлийн гурван жил гэрийн ажил 50/50 хувтай болсон. Би өөрөө нөлөөлөгч болчихсон нь бас нөхөрт маань нэлээд шахалт болсон байх. Нөхөр маань ганц гэртээ өөрчлөгдөөгүй. Найз нөхдийнхөөрөө очихоор “хүүе чи эхнэртэй туслаач, хоолыг нь хийлцээч” гэж байгаа харагддаг. Нөхрийн маань энэ өөрчлөлт надад миний бичлэгүүд нийгэмд бага ч гэсэн эерэг нөлөө гаргаж байгаа байх гэсэн найдвар төрүүлдэг.

-Нөхөр нь гэрийн ажилд тусалж эхэлсний дараа эхнэрт буюу танд ямар өөрчлөлтүүд гарч эхэлсэн бэ?
-Нөхөрийн халамж бага зэрэг мэдрэгдэх, нэмэгдэхэд л эмэгтэйчүүдийн стресс маш ихээр багасдаг. Эмэгтэйчүүд бид чинь стрессээ өөрсдөө зохиогоод байдаг хүмүүс. Маш жижиг зүйлс дээр ч стресстэйд байдаг. Харин хажууд байгаа хань ижил нь бүх зүйлсэд нь туслаад анхаарал тавиад эхлэхээр зохиомол стресс байхгүй болж, өөртөө анхаарал тавьж эхэлдэг юм байна лээ. Өдөржин зууралддаг гэрийн ажлын талыг нь нөхөр хийгээд эхлэхээр үлдсэн цагт нь өөрийн дуртай ажлаа хийж, гоо сайхандаа анхаардаг болсон. Гэрээсээ гарч кофе уухаас эхлээд өөрийн гэсэн цагтай болдог. Энэ нь төрсөн, хүүхдээ харж гэртээ суудаг эмэгтэйчүүдэд маш чухал зүйл. Миний хувьд өглөөний 10-11 цаг хүртэл өмнө нь гэрийнхээ гишүүдийн цай, хоолыг бэлтгэж өнгөрүүлдэг байсан бол одоо би энэ цагт өөртэйгөө л ажилладаг. Надад тэр боломжийг гаргаж өгч, ойлгодог нөхөр хүүхдүүддээ маш их баярладаг. Айл гэрийн эхнэрийн энэ эерэг өөрчлөлт гэр бүлийн уур амьсгалд ч эргээд маш сайн нөлөөлдөг.
-Таны мэргэжил, ажлыг асууж болох уу?
-Би СУИС-ийн РТМУС-д сэтгүүлч мэргэжил эзэмшсэн. Үүний зэрэгцээ хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлийг бас эзэмшсэн. Сэтгүүлч хүнийхээ хувьд улс төр, нийгэм судалдаг. Гэхдээ төгссөнөөсөө хойш сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. 2015 оноос хойш хүүхэлдэйн театрын мэргэжлээрээ бага насны хүүхдүүдтэй ажилласан. Бас Завхан аймгийн театрт жүжигчнээр бас ажиллаж байсан. Өнгөрсөн гурван жил Ховд аймагт амьдрахдаа аймгийнхаа төрийн байгууллагуудад маркетингийн чиглэлээр ажиллаж байгаад ирсэн. Үүнээс гадна миний орлогын эх үүсвэр онлайн шоп. Миний дэлгүүр том биш ч хүмүүсийн итгэлийг олж, бараа бүтээгдэхүүнээ сайн
борлуулдаг. Энэ ажлаа би хоёр жил хийж байгаа. Үүнээс гадна энэ онд би өөрийн “Miiga&Booeo” гэдэг гэрийн болон унтлагын хувцасны брэндээ гаргасан. “Гэргий болгон гэртээ гэрэлтэж байг” гэх уриагаар уг брэндээ бүтээсэн. Би хувцаснуудаа эмэгтэйчүүд гэрийн ажлаа хийхэд биед нь саадгүй байхаар загварлаж, цэвэр даавуугаар урладаг. Энэ брэндээ одоохондоо масст хүрэхээр олноор бүтээж эхлээгүй байгаа.
-Сүүлд та нийгэмд тулгамдаж байгаа зарим асуудлын талаар бичлэг хийж, олон ч хүнд хүрсэн байна лээ. Энэ төрлийн бичлэгээс болж таныг асуудалд орж байсан гэж бас сонсож байсан. Хэзээ вэ?
-Надад ч тулгамддаг. Цаашлаад мянга мянган ээжүүдэд тулгамдаж байгаа энгийн хэр нь асуудалтай зүйлсийг яаж эвтэйхнээр шийдвэр гаргагчдад хүргэх вэ гэдэг үүднээс ганц нэг бичлэг хийдэг. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг ярихдаа би хараалын үг ашигладаггүй, хашхирдаггүй. Зүгээр л бодит байдал ийм байна шүү. Хүмүүс ийм учраас бухимдаад байна гэдгийг эмх цэгцтэй, зөвөөр аль аль талаас нь харуулж ойлгуулахыг хичээдэг. Тиймээс бичлэг маань олонд хүрдэг байх. Би бичлэгтээ иргэн хүний үүднээс бидэнд ингэж харагдаж байна. Тушаал шийдвэр дагаж байгаа багш нарт ийм байна гэхчлэн аль аль өнцгөөс нь хараад ийм учир болохгүй байна аа гэдгийг тайлбарладаг. Бичлэгийг үзээд яг адилхан асуудалтай хүн маш олон гарч ирдэг. Нөгөө талд дургүйцэх хүн ч баггүй байдаг. Ховд аймгийн хогны асуудлыг шүүмжилж, хийсэн бичлэгээс болж Ховд аймгийн даргын өрөөнд дуудагдаж байлаа. Тухайн үед телевиз, сайтууд тус асуудлыг хөндөж надаас ярилцлага авч байсан.
Бас нэг удаа гэрээсээ зуухаа гаргаж, Улаанбаатарын утаанаас нэг өрх ч гэсэн татгалзвал гэх уриалга бичлэг хийж байсан. Хэдийгээр зуухнаас хоёр дахин зарлагатай ч манайх гэдэг нэг өрх ч гэсэн халаагуур тавиад энэ өвөл утаа гаргахгүй өнжчихвөл миний хүүхдүүдийн бохирдох агаар арай багасна. Энэ мэтчилэн амьдралдаа хэрэгжүүлж байгаа зөв зүйлсийг олон нийтэд, нийгэмд болохгүй байгаа асуудлыг бодитоор шийдвэр гаргагчдад ойлгуулах нөлөөллийн бичлэгүүдийг би хийдэг. Цаашдаа ч гэсэн бичлэгүүдээ хийсээр байна.

-Гэр бүлийн хүнтэйгээ хэрхэн танилцаж байв?
-Нөхөр бид хоёр оюутны ширээнээсээ үерхэж, нөхөрлөсөн. Нөхрийг маань С.Батсэргэлэн гэдэг. МУСТА дуурийн дуулаачаар СУИС-ыг төгссөн урлагийн хүн байдаг. Сүүлийн жилүүдэд тасралтгүй урлагийн байгууллагад ажиллаж байгаа дуучин хүн. Бид хоёр 2012 оноос өдийг хүртэл 13 жил хамтдаа амьдарч, гурван хүүхэдтэй болсон. Нөхөр маань юу ч хийсэн ойлгож, хүлээцтэйгээр дэмждэг болохоор би өнөөдөр хүссэнээ хийж чадаж байна. Сошиалд ажилладаг гэр бүлийн хүнтэй байх амар зүйл бас биш шүү дээ.
Ярианы төгсгөлд нөхөр С.Батсэргэлэн нь эхнэрийнхээ талаар ийн хэлэв.
-2021 оноос эхнэр маань бичлэг хийж, сошиалд тавьж эхэлсэн. Эхнэрийн маань монгол гэрт гал түлэхгүй, утаагүй яаж амьдарч болох уу. Яаж гэр хороололд гэртээ цэвэрхэн амьдарч болох вэ гэдэг нөлөөллийн бичлэгүүдийг маш олон хүн үзсэн. Зөв зүйтэй зүйлсийг зөвөөр ярьж хэлдэг болохоор би ч эхнэрээ дэмждэг. Бичлэг хийж эхлээд эхнэр маань 20 мянган дагагчтай боллоо гэж байснаа 60 мянга болсон л гэж байсан. Би ч байнга бичлэгийг нь орж үзэж байгаад зургийг нь авч өгдөг болсон. Анх зургийг нь авах тал дээр ямар туршлагагүй байж байгаад сүүлдээ сураад бараг мэргэжлийн зураглаач болсон доо. Ханиараа би маш их бахархдаг.
-Гэртээ урьж, ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг эмэгтэй юмаа! Амжилт хүсье!
Ugaasaa nasaaraa l nuhend baaj baachaad u gj hucaad bgn
Mundag ulger jishee sain ger bul bnaa. AZ jargal sain saihan buhniig husiyee