ЭДИЙН ЗАСАГ

Төсөв 2026: Хэт өөдрөг төсөөлөл буюу экспортын нүүрсний үнэ, хэмжээг өндрөөр тусгажээ

Энэ онд нүүрсний экспортын биет хэмжээг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Оны эхний хагас жилийн байдлаар  манай улс 35.1 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4 сая тонн орчмоор буурсан үзүүлэлт билээ. Энэ байдлаараа зорилтот хэмжээнд хүрэхгүй байх магадлал өндөр.

Ирэх оны төсөвт нүүрсний экспортын хэмжээг 90 саяд хүргэнэ гэсэн нь Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтын тээвэр зохион байгуулалтыг сайжруулснаар экспортын гарц сайжирна гэж төсөөлжээ. Биет хэмжээг нэмэгдүүлэх нь үнийн уналтаас үүдэлтэй орлогын дарамтыг бууруулах боломжтой хэмээн тайлбарлаж байсан ч үнэ унасаар байвал биет хэмжээг нэмэгдүүлсээр байх нь дотоодын нүүрсийг үнэгдүйлэх эрсдэлтэй гэдгийг ч эдийн засагчид тайлбарлаж байсан билээ.

Нүүрсний үнэ оны эхний улиралд гэхэд 40 орчим хувиар буурсан нь энэ оны төсвийн орлогын тодорхой хувийг нөхөх боломжгүйд хүрээд байсан юм. Иймээс Засгийн газраас 4-р сард үнийн уналттай холбоотойгоор арга хэмжээ авах үүднээс боомтууд дээр зөв эрэмбэ үүсгэж, нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлэх, төмөр зам дээр гартал өртгийг бууруулахыг нүүр тээврийн компаниудад үүрэгдсэн. Гэсэн ч худалдан авагч тал буюу Хятадын зүгээс дотооддоо нүүрсний үнийг тогтворжуулах арга хэмжээ авч, гангийн үйлдвэрлэлээ бууруулснаар манайхаас импортлох нүүрсний биет хэмжээ буурсан.

Мөн коксжих нүүрсний үнэ 2025 оны эхэнд 125 ам.доллар байсан бол эхний улиралын төгсгөлд 44 хувиар буурсан.

Ингэхдээ салбарынхны зүгээс коксжих нүүрсний үнийг энэ сараас буюу гуравдугаар улиралаас харьцангуй сэргэнэ гэсэн хүлээлттэй байсан билээ. Гэсэн ч оны эхэн үеийн экспортын борлуулалтын дүнд хүрэхгүй хэвээр.

Харин ирэх оны төсвийн төсөлд коксжих нүүрсний үнийг тонн тутам нь 175 ам.доллар байна гэж тусгасан нь бодит байдал дээр салбарын мэргэжилтнүүдийн төсөөллөөс дээгүүр байна.

Ирэх онд коксжих нүүрсний боомтын тонн тутмын үнэ ойролцоогоор 159 ам.доллар, биржийн үнийг 122 орчим ам.доллар хэмээн таамагласан байхад төсөвт ийн өндрөөр тусгасан нь ирэх онд төсвийн алдагдал үүсэх эрсдлийг нэмэгдүүлэв. Мөн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 133.7 ам.доллар байхаар тусгасан бол энэ онд нүүрсний үнийг 105 ам.доллароор тусгасан ч төсвийн тодотголоор тонн тутмыг нь 70 ам.доллар болгож бууруулсан юм.

Ирэх оны төсөвт Оюу Толгойн зэсийн олборлолт, экспортод  мөн л өндөр найдлага тавьсан нь нүүрсний экспортын орлогыг нөхөх арга зам хэмээн харж буй нь илт байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button