Төсөв 2026: Тавантолгойн Бортээгийн ордыг олборлож эхлэхээр тогтоолын төсөлд тусгажээ

2026 оны улсын төсвийн төслийн хамт өргөн баригдсан хуулиуд дотор "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төсөл багтжээ.
Тус тогтоолын төслийн 1.1-т "Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах..." гэсэн агуулга тусгасан нь анхаарал татав.
Мөн орд ашиглалтыг сайжруулж, хөрөнгө оруулагч талуудтай хэлцэл хийж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлогын баримт бичигт туссан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэжээ.
Харин тогтоолын төслийн танилцуулга хэсэгт,
"Өнөөгийн байдлаар Тавантолгойн ордын ашиглагдаагүй хэсгүүдээс хамгийн сайн судлагдсан нь Бортээгийн хэсэг бөгөөд тухайн хэсэгт нийт 3.2 тэрбум тонн нүүрсний нөөц бүртгэгдсэн бөгөөд үүнээс 266 тонн коксжих нүүрс, 1,900 тонн сул коксжих нүүрс, 1,053 тонн эрчим хүчний нүүрс байна.
Бортээгийн хэсгийн орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж бүртгүүлсэн байна.
Бортээгийн хэсгийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсанаар хөрөнгө оруулалтын зардалд нийт 2.0 их наяд төгрөг зарцуулж 61.2 их наяд төгрөгний борлуулалтын орлого олж 21.3 их наяд төгрөгний цэвэр ашигтай ажиллахаар байна. Төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 5 жил, нийт ажлын байр 1,358, жилд дунджаар 501,9 тэрбум төгрөг, нийт 30 жилийн хугацаанд 15 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр байна" гэж нарийвчлан дурдсан байгаа юм.
Тэгэхээр энэ тогтоолоор Бортээгийг олборлож эхлэх асуудлыг хөндөнө гэж ойлгогдохоор байна.
Бортээгийн лиценз ЭТТ ХК дээр бүртгэлтэй. Харин ордыг түшиглэж нүүрс баяжуулах үйлдвэр барих төслийг "Админерал" тэргүүтэй МТАС түншлэл хэрэгжүүлж байсан ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед цуцалсан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.