Г.Занданшатар: Данс хаадаг жишгийг больж, татварын дарамтыг бууруулсан, хэмнэлтийн төсөв боловсрууллаа

2026 оны улсын төсвийг хэрхэн боловсруулсан талаар Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүллээ.
73 цэцэрлэг, 117 сургууль, 60 гаруй тэрбумын тоног төхөөрөмж шийднэ.
Нийт иргэдийн татварын ачааллыг бууруулах, тэр хэрээр төрийн оролцоог хумина.
НӨАТ-ын хуулийг хамт өргөн мэдүүлж байгаа. Дэлхийн эдийн засаг эгзэгтэй байгаа ч НӨАТ-ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлнэ. 2027 оноос бүр 100 хувь буюу 10 хувиар нь буцааж олгоно. Ингэж үе шаттайгаар дундаж давхаргаа дэмжсэн, татварын шинэчлэлийг хийнэ.
1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад тооцогдоно. Сардаа 800 мянган төгрөгийн худалдан авалт хийлээ гэхэд 80 мянгыг НӨАТ-д төлөөд, 40 мянгыг нь буцааж авна гэсэн үг. Харин 2027 оноос 80 мянгаа буцааж авдаг болно.
Нийт иргэдийн 75 хувь нь 1 сая төгрөг хүртэлх худалдан авалт хийж байгаа. Энэ 75 хувьдаа ээлтэй буцаан олголт гэсэн үг юм.
Сарын 800 мянга хүртэлх орлогоос татварыг бүрэн чөлөөлнө гэх мэт бусад татварын шинэчлэлтийн талаар Сангийн сайд дэлгэрэнгүй мэдээлнэ. 2.5 тэрбум хүртэлх орлоготой ЖДҮ эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ, банкны данс хаадаг бүдүүлэг зохицуулалтыг хална. Данс хаах биш татварт суутгадаг зохицуулалт үйлчилнэ. Энэ бүгдийн эцэст далд эдийн засаг ил болно. Эдийн засаг тэлэх, татварын бааз суурь өргөжих, татварын ачаалал шударга болох татварын шинэчлэлийг хэрэгжүүлж байна.
Татварын багц хуулийг бол өнөөдрөөс эхлэн d.parliament дээр тавьж олон нийтээр хэлэлцүүлнэ.
2025 онд 35.1 их наядын зарлага байсныг бараг 3 их наядаар бууруулж байна. ДНБ-д эзлэх урсгал зардлын хэмжээг ч мөн ингэж зорилтот түвшинд хүргэж байгаа. Уул уурхайн орлого өсөхөөр л урсгал зардлаа нэмдэг, ингээд гадаад өрийн дарамт нэмэгддэг жишгийг хална. Энэ утгаар энэ бол хэмнэлтийн төсөв боллоо.
Төрийн албаны хязгааргүй тэлэлтийг анх удаа хязгаарлаж байна. 2026 онд ТӨХК-иудыг нэгтгэх, татан буулгах, бүтэц орон тоог оновчтой шинэчлэх ажил үргэлжилж байгаа.
Эдийн засгаа төрөлжүүлэх бодлого ч мөн шингэлээ. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Мал махаа, арьс ширээ, ноолуураа экспортлох боломжийг бүрдүүлэхэд түлхүү чиглэнэ. Зам гүүрийг дэмжсэн төсөв ч мөн багагүй. 3.9 их наядын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт оруулж, 3500 мегаваттаар нэмэгдүүлнэ.
Хилийн боомтуудын хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх төсөв ч мөн боллоо" гэлээ.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.