Энэ жил татагдсан COP17 зохион байгуулах төсвийг 217 тэрбумаар 2026 онд суулгаж өгчээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болно.
Хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөөд байгаа юм. Ер олон улсын хэмжээний маш том ач холбогдол бүхий, ASEM-аас хойш анх удаа яригдах томоохон арга хэмжээнд тооцогдоно.
Харин бэлтгэл ажлыг урьдаас базаах шаардлагатай. Одоо он гарчихаар үндсэндээ хагас жил л үлдэж байгаа юм.
Гэтэл 2025 онд эхлэх байсан ажилд БОАУӨЯ төсвөө татуулчихсан. Төсвийн тухай хуулиар, зургадугаар сарын 1-ний дотор худалдан авах ажиллагаагаа зохион байгуулж чадаагүй бол автоматаар хэмнэгддэг. Энэ заалтаар COP17-гийн бэлтгэл ажлын төсөв татагдсан.
Харин 2026 оны төсөвт ийнхүү шинээр, бүтнээр нь тавьж өгчээ.
2026 оны улсын төсөвт,
- Барилга, байгууламж гэж 150 тэрбум
- Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гэж 67.1 тэрбумыг тус тус суулгаж өгсөн байна.
Нийтдээ 217 тэрбум төгрөгөөр он гармагц COP17-ын ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг ийнхүү БОАУӨЯ-нд очиж байна.

Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.