Ашиггүй ажилласан Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн захирал Д.Баттүвшинд хариуцлага тооцоход хоёр хоног үлдлээ

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК үйлдвэрлэлийн талаар хэвлэлд өгсөн мэдээллийнхээ үеэр,
“Тус үйлдвэр сүүлийн хоёр жил аудитаас сөрөг дүгнэлттэй гарч, үйлдвэрлэл нь зогссоноос гадна үйл ажиллагаанаас орлого олохгүй байна. Өөрөөр хэлбэл нэг төгрөг олохын тулд нэг төгрөг долоон мөнгөний зардал гаргаж байгаа учир 14 хоногийн үүрэг өгсөн. Төрийн байна уу, хувийн байна уу аль ч компани ашгийн төлөө ажилладаг. Гэтэл ашиг, орлого олохгүй мөртлөө үйлдвэрлэл явуулах тусмаа зардал гаргаж, алдагдалтай ажилладаг компани байх хэрэггүй. Бусад ижил төрлийн цементийн үйлдвэрүүд ашигтай ажиллаж, үйл ажиллагаагаа тэлж байхад Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр харьцангуй өмнө нь байгуулагдаж, зардал багатай болчихоод нэг тонн цемент үйлдвэрлэх болгондоо алдагдалтай ажиллаж байна” хэмээн хэлсэн юм.
Тооцоолоод харвал, тэрбум төгрөг тутамд 70 сая төгрөгийн алдагдалд орж байна гэсэн үг. Хөтөлийн компани өнгөрсөн жил 70 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн аж. Энэ жил үйлдвэрлэл нь зогсоод 50 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ гэж бодоход алдагдал нь 3.5 тэрбум болох хэмжээнд хүрж байна гэж харж болохоор.
Гэтэл Хөтөлийн 10 мянга орчим оршин суугчдын 700 гаруй нь ажилладаг энэ үйлдвэр төрд ирснээсээ ашиг ажиллагааны процесс нь урвуугаа болж буй нь эндээс харагдана.
2022 онд “Цемент шохой”-г төр өөр дээрээ авч Л.Наранбаатарыг захирлаар тавсны дараахан 350 мянган тонн цемент үйлдвэрлэж байсан тус үйлдвэр 2023 онд 250 мянган тонн, өнгөрсөн жил чүү ай 220 мянган тонн цемент үйлдвэрлэжээ. Ингээд зогсохгүй жил бүр үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө багасгаж ирсэн байна.
Төрд авах болсон нөхцлийг ухраан харвал, 2020 онд “Шилэн” Б.Цогтгэрэл Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг төрд буцааж авахыг шаардан иргэдийн гарын үсэг цуглуулж, тухайн үеийн ЗГХЭГ-ын даргад хүргүүлж байв. Ингээд төрд авсны дараа түүний хаяал хэмээн яригддаг Л.Наранбаатар томилогдсон бол одоогийн захирал Д.Баттүвшин мөн л түүний хамаатан хэмээн ярьж, бичих болов. Товчоор, энэ үйлдвэр түүний хамаатнуудын албан тушаалын сэлгээний газар аятай болсон.
Жил ирэх тусам манай улсын цементийн хэрэглээ өсөж, 2022 онд 1.8 сая тонн байсан бол энэ жил 2.5 сая тонноос давсан. Ирэх жил 3 сая тонноос илүү гарна гэсэн хүлээлт бий.
Цемент бол барилгын талх гэгддэг бүтээгдэхүүн. Бүтээн байгуулалт эрчимжиж, том төслүүд гараанаас гарсан энэ цаг үед цемент үнэгүйдсэн мэт ашиггүй ажиллах учир бий юу.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын хэлсэн 14 хоногийн хугацаа хоёр хоногийн дараа буюу энэ сарын 5-нд дуусах гэж байна. Өөрөөр хэлбэл, “Цемент шохой” үйлдвэрийн дарга Д.Баттүвшинд хариуцлага тооцоход ердөө хоёрхон хоног үлджээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hubichilxad saixan shaltag