Мах, сүү, хүнсний ногоонд НӨАТ тооцох заалтыг хуульд тусгахаар Х.Ганхуяг нарын гишүүд ажиллаж байна

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Х.Ганхуяг, Р.Батболд, Ж.Баясгалан, О.Номинчимэг тэргүүтэй УИХ-ын гишүүд өргөн барихаар зэхэж буй билээ. Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа НӨАТ-ын тухай хуулийн:
13.1.15 дахь заалт: Тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж боловсруулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил
13.1.16 дахь заалт: Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар
13.1.17 дахь заалт: Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛСӨН заалтыг ХҮЧИНГҮЙ болгохоор тусгажээ.
Уг хуулийн төсөл нь боловсруулагдах шатандаа явж буй бөгөөд “D.Parliament” платформ дээр урьдчилсан байдлаар нээлттэй байршуулжээ.
Тухайн хуулийн төслийн 6 дугаар зүйлд “13.1.15, 13.1.16, 13.1.17 дахь заалтыг, тус тус хүчингүй болсонд тооцсугай, мөн хуулийн 7 дугаар зүйлд Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн тусгасан байна. Энэ сарын 15-нд эхлэх намрын чуулганаар дээрх хуулийн төслийг өргөн барьж батлуулбал ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх аж.
Ингэснээр мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн болон дотоодын жимс жимсгэнэ, хүнсний ногооны үнэ 10 хувиар өсөх юм. Энэ нь нэг талаас бизнес эрхлэгчдэд НӨАТ-ын шударга, ижил тэгш систем бий болгох ач холбогдолтой ч нөгөө талдаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох мах, сүү, хүнсний ногооны үнэ 10 хувиар нэмэгдэх эрсдэлийг дагуулна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.