Улс төрийн мэдээ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Оюу толгойн уурхайтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар 2025 оны есдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээндээ Монгол Улсын Засгийн газар болон Англи–Австралийн Рио Тинто групп хоорондын стратегийн түншлэл болох Оюу толгойн уурхайд зочиллоо. 

”Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг хүлээн авч Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг танилцууллаа.  

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, “Оюу толгой бол зөвхөн Авcтрали болон Монгол Улс хооронд төдийгүй энэхүү уурхайг хамгийн амжилттай, хамгийн томоохон уурхайнуудын нэг болгохоор хамтран зүтгэж буй компаниуд, Монголын ард түмэн, Рио Тинто болон бусад олон инженерингийн болон уул уурхайн компаниудын түншлэлийн тод жишээ юм” хэмээн онцоллоо. 

”Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Оюу толгойн ололт амжилтуудаа  Амбан захирагч Саманта Мостинд танилцуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Бидний ололт амжилт бүр манай чадварлаг хамт олон, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн төлөөх тууштай зорилгын маань үр шим юм. Оюу толгой Монгол Улсад урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хамт олон болон орон нутгийн тогтвортой хөгжилд хөрөнгө оруулж, байгаль орчноо хамгаалан, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх чиглэлээр ажилласаар байна” хэмээлээ.

Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар уурхайд ажиллаж буй монгол, австрали мэргэжилтнүүдтэй уулзахын зэрэгцээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ц.Идэрборгилын хотонд зочилж, нүүдэлчин ахуйтай танилцсан юм. Ц.Идэрборгилын охин И.Хонгорзул “Оюу толгой” компанийн Мэдээлэл технологийн хэлтэст ажиллаж байгаад Австралид мэргэжлээ дээшлүүлэн суралцан, өдгөө тус улсад ажиллаж амьдарч буй. 

Эх сурвалж: Оюу толгой

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button