Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг өргөн барив

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулахаар НИТХ-ын дарга А.Баярт өргөн мэдүүллээ.
Хуульд заасан зарчмын дагуу НИТХ-ын 2024 оны 24/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 5 зорилго, 195 зорилт, УИХ-ын 2025 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-нд нийслэл хэрэгжүүлэх 26 арга хэмжээг тусгасан байдаг.
Энэ хүрээнд Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг боловсруулсан талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцоллоо.
“Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын дагуу төлөвлөгөөнд туссан арга хэмжээг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүн гэсэн ангиллаар тодорхойлжээ.
Тодруулбал,
- Бүсчилсэн хөгжлийн бодлогод 67 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 9 их наяд 291.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 170 төсөл, арга хэмжээ,
- Хүний хөгжлийн бодлогод 33 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 397.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 115 төсөл, арга хэмжээ,
- Эдийн засгийн бодлогод 29 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 552.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 57 төсөл, арга хэмжээ,
- Ногоон хөгжлийн бодлогод 21 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 651.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 56 төсөл, арга хэмжээ,
- Засаглалын бодлогод 40 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 42.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 51 төсөл, арга хэмжээг тусгажээ.
2026 онд нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нийт бэлтгэл ажлын явцыг 53 хувьд хүргэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, Туулын хурдны зам, гүүрэн байгууламж барих ажлыг үргэлжлүүлж, нэгдүгээр "Тойрог зам"-ын барилга угсралтын ажлыг эхлүүлж, гол болон туслах гудамж зам, хорооллын доторх авто замыг шинээр барьж, үндсэн авто замын сүлжээний уртыг 107 км-ээр нэмэгдүүлж, сүлжээ төлөвлөлтийг сайжруулахаар 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.