Сурвалжилга: Монголын анхны 512 дэмбээчинтэй айрагны баярыг Дундговьчууд зохион байгуулж байна

Намрын тунамал өдрүүдэд айраг шуугьж, “Дэмбээ манан хө” гэх дуу хөг алсруулан сонстоно. Дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймаг айргаараа улсдаа дээгүүрт жагсдаг. Таана, хөмүүл, агь, ганга, бут, бударгана, дэрс гээд аагтай болгоны цуглуулга болсон говь нутгийн айргийг хэдэнтээ залгилахад толгой манарч, хацар улаа бутарна. Тус аймгийн “Айрагны баяр-2025” энэ жил “Миний нутгийн бараа” нэрийн дор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Шагайн асарт эхэлжээ.
Энэ сарын 11-нээс 13 хүртэл үргэлжлэх тус арга хэмжээ 516 дэмбээчин хуруучдын уралдаан, айраг уух тэмцээн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зэрэг олон үйл ажиллагааг багтаасан байна. Намрын налгар өдрийг исэж шуугьсан хултай айраг, хуруу дэмбээтэй өнжөөсөн тус “Айрагны баяр-2025” арга хэмжээг сурвалжиллаа.
Дундговь аймгийн айрагны баярыг зорих иргэдийн хөл үл тасрах ажээ. Асрын захыг тойруулан нутгийн цагаан идээ, айраг, хуушуур, говийн брэнд гэгдэг “жимбий” зэргийг худалдаалж байлаа. Ирсэн зочид асрын голд ширээ тойрон сууцгааж хултай айраг сөгнөнгөө хуушуур зэргийг идэн хууч хөөрч тухлан сууна. Зохион байгуулагч болох Дундговь аймгийн уугуул, суугуул иргэд олноороо зорин иржээ. Түүний нэг бол Б.Цэндбаяр гуай. Тэрбээр Дундговь аймгийн уугуул, Говьсүмбэр аймгийн суугуул иргэн.

Хүүхэд ахуй наснаасаа хултай айраг залгилан “Дэмбээ манан хө” гэж л өслөө хэмээн хуучилна. Өдгөө тэр 60 орчим жил дэмбээгээр наадаж, улсын чанартай томоохон дэмбээний тэмцээнд цөөнгүй түрүүлсэн, шаггүй дэмбээчин хүн. Энэ тухайгаа ярихдаа “Монголын үйлдвэрчний соёлын төв ордон”-д анх 1990 онд зохион байгуулалттай, олон хүн оролцсон дэмбээний тэмцээн болж байсан санагдана. Тухайн үед би цуваа дэмбээний төрөлд 38 хүн хожиж нэгдүгээр байранд орж байлаа. Түүнээс хойш өргөн дэлгэр зохион байгуулалттай өнөөдрийнх шиг 516 хүн оролцсон тэмцээн тоотой байх. Дэмбээ гэдэг хурдны морьтой ижил зүйл. Тухайн өдрийн хүний аз ёондоо зэргээс шалтгаалах үе бий. Сонсгол, хараа, хурдан сэтгэх чадвар зэргийг хүнээс шаарддаг наадгай.
-Дэмбээ сонсголонтой их сайхан юм. Таны тухайд 60 орчим жил дэмбээдэж өв соёлоо тээсээр иржээ?
- Ер нь дэмбээ наадгай мартагдаж гээгдэх аятай болж байсан. Сүүлийн жилүүдээс сэргэж, өнөөдрийнх шиг үйл ажиллагаа зохиогдож байгаад талархалтай байдаг. Ер нь нягтлан бодогч, урлагийн мэргэжилтэй хүмүүс илүү сайн дэмбээддэг талтай. Зүгээр 10 чулуу таах шиг амар зүйл биш л дээ. Маш нарийн, урлаг гэж боддог. Бөх хүн тухайн цаг мөчийг мэдэрч мэхээ даалгадаг шиг дэмбээдэхдээ өрсөлдөгчийнхөө гарын байрлал, үг, хурууны алдаа зэргийг сайн харах шаардлагатай.
-Хүүхэд залуусыг дэмбээ сонирхоосой гэсэн бодолтой явдаг байх?
-Дэмбээ тэмцээний хоорондын зай ойртох тусам залуу үе төдий чинээ сурч, дэмбээний соёл хадгалагдаж үлдэнэ. Ном сурахгүй байгаа хүүхдэд дэмбээ заагаад өгчихөөр маш богино хугацаанд тоо тоолж, бодож сурдаг. Солгой хоолойтой хүн дэмбээ сураад, дэмбээдээд байвал хоолой нь богино хугацаанд засарч сайжирдаг гэх мэтчилэн олон янзын онцлогтой сайхан өв соёл юм даа. Залуу үе маань сонирхож өв соёлоо мэдэж өвлөж аваасай гэж боддог” хэмээн хуучиллаа.
Дэмбээ наадгайг өвлөж бас өвлүүлж яваа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин И.Охинжаргал. Түүний хувьд айрагны баярт оролцохоор мөн адил нутгаасаа Улаанбаатар хотод ирээд байна. Тэрбээр ач хүүдээ дэмбээ сургаж, өвөө хүү хоёул дэмбээний тэмцээнд оролцжээ.

Энэ тухай “Дэмбээ бол бидний өв соёл мөнөөс мөн. Хувь хүнээс авьяас их шаарддаг уламжлалт наадгай. Харааны хурд, түргэн бодож сэтгэх гээд онцлог ихтэй. Тиймээс ач хүүдээ зааж, өв соёлоо өвлүүлж байна. Ач маань анхныхаа тэмцээнд орж, нутгийнхаа өвөөд хожигдсон. Ялж ялагдах нь чухал биш, сайхан дэмбээдэж өв соёлоо тээж бусдад үлгэрлэж яваарай гэж ачдаа захидаг” хэмээн ярилаа.
Түүний ач хүүг Г.Бат-Ирээдүй гэдэг. Тэр “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Өвөөгөөрөө дэмбээ заалгаж, анхны тэмцээндээ орж байгаа нь энэ. Энэ тухайгаа ярихдаа,
“Айрагны баярт анх удаа оролцож үзлээ, их сайхан болдог юм байна. Дэмбээний тэмцээнд бас анх удаа орлоо. Анхны тэмцээн, туршлага муу учир хожигдчихлоо. Зуны амралтаараа дэмбээ сурсан. Сурахыг хичээсэн хүнд бол аягүй амархан санагдсан. Хэлж байгаа үг холболт аялгуу зэрэг нь үнэхээр сэтгэл татдаг. Хотод амьдрахаас илүүтэйгээр хөдөө морь унаж, айраг ууж дэмбээдэж хөдөө амьдрах нь сайхан санагдаж байгаа" гэлээ.
Дэмбээдэж наадахад нас огт хамаардаггүй, бидний уламжлалт наадгай юм. Эрт үеэс зун цагт цэгээ дэлгэрсэн үед малчид хонь малаа хотлуулсны дараа, зав чөлөөгөөрөө наадаж ирсэн түүхтэй. Энэ жилийн “Айрагны баяр-2025” Улаанбаатар хотод илүү өргөн хүрээтэйгээр гурван өдөр зохиогдож буйг гэдгээрээ онцлог. Мөн малчдын сүү, цагаан идээг борлуулах, аймгийнхаа онцлогийг харуулах, өв соёлоо хадгалан хамгаалах зэрэг олон төрлийн ач холбогдолтой ажээ.
Өв соёлоо хадгалж хамгаалж яваа иргэдийн төлөөлөл болгож нутгийн уугуул Ж.Саранцэцэгтэй уулзлаа. Тэрбээр “Бага наснаасаа л айраг ууж дэмбээдэж өссөн. Орой унагаа тавьчхаад л үеийн хүүхдүүдтэйгээ айраг ууж дэмбээгээр нааддаг байлаа. Манай Эрдэнэдалай, Дэлгэрхаан сумынхан илүү сайн дэмбээддэг. Өнөөдөр сайн дэмбээчид их ирсэн, өндөр чансаатай тэмцээн болж байна. Манай нутгийнхан зочломтгой найрсаг хүмүүс байдаг. Намайг багад гэрээ түгждэг айл байдаггүй байсан. Отор нүүдлээр яваа аяны улс хоол цайгаа хийж хоноглочхоод морддог тийм л найрсаг сайхан хүмүүс” хэмээн хуучилсан юм.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ учиргүй олон баяраа болиоч. Өвөл хаяанд ирлээ, өвс тэжээлээ бэлдээч.
Айрагны аягандаа шавхруу үлдээж дээр нь нэмээд нэг аягаар тойруулан дараагийн хүндээ өгдөгийг л болихгүй бол ариун цэвэр, х�##�двар т�##�аасаа нэг л заваан харагдаад байхийм билээ! Нэг удаагийн цаасан аяга хэрэглэж болмоор л юм!
Хойч үедээ өв соёлоо түгээж яваа хүмүүст баяр хүргэе. Хожигдсон ч хамаагүй ая үг нийлсэн амьсгаа задарсан хүнтэй дэмбээдээд уруул чимчигнүүлсэн намрын айраг з�##�гих ч бас л сайхан бдаг . Намрын дэг жаягтай найр ч нүргээнтэй шүү .
Гадуур явахдаа гэрээ түгждэггүй өв соёлыг Улаанбаатарт дэлгэрүүлмээр байна. Дарга сайд баячууд эхлээд манлайлж үлгэр жишээ үзүүлбэл сайн байна.
ёстой гоё. ямар сайхан нүдэнд харагтт�##� бичээ вэ
За даа эргэн тойрондох 00 - дууссаан!!! Хөдөө бол хэд �##�хаад хангайдаа морь харчихна гэж байгаа УБ- хотод энэ тэндгүй шээс баас үнэртсэн орчин үлддэг!!! Одоо өвс тэжээлээ бэлдэж м�##� махны ажилаа төлөвлөхгүй бол ирэх өвөл их хүйтэн болох шинжтэй шүү!!!
Одоо наадам найраа дуусгаад хуйтний улирлын бэлтгэлдээ ор овол гэвэл ойлгохоо байчихсан юмнууд хамгийн туруунд зуд болдог хамгийн туруунд тусламж гуйдаг аймаг Овоо засаг даргатай болж дээ гэж бодтол уусчихсан байнаС.Монхчулуун
Өвөл хаяанд ирсэн байхад наадаж наргихаас өөр юм мэдэхгүй хүүрүүд юм аа
Янз бүрийн нэртэй баяр наадмаа болимоор юмаа
нэг өдөр хэрүүлчдийн баяр гээд байж байхад гайхмааргүй л юм бна.арай,арай
Xiix ajlaa olj yadsan erguunuud
Дундговийнхон багаасаа дэмбээдэж өсдөг болохоор л дундговийнхон дуучин байдаг.
Гүү барьсан айлууд хөхүүр дундлах зар тарааж дэмбээдэж айргаа ууцгаадаг. Зах зээл хөгжөөгүй айргаа зарах боломж муу байсан зарна гэсэн ойлголт ч байгаагүй дээ