Б.Жавхлан: ЭМДЕГ-ын үйл ажиллагаа, менежментийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан

Сангийн сайд Б.Жавхлангаас ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан дараах тодруулгыг өглөө.
-Ардчилсан намын бүлэг төсвөөр 2 хоногийн засварлага авсан. АН-ын бүлэгт төсвөө танилцуулсан юм уу?
-Танилцуулсан. Гишүүд мэдээлэлтэй болчихсон. Ямар нэг санал хэлээгүй.
-Эрүүл мэндийн салбарын худалдан авалт 6-р сард гацсан асуудал бий?
-Худалдан авалтын жагсаалтаа батлаагүй байж яаж тендер зарлах юм бэ. Энэ бол салбарын асуудал. Тодотголоор нэгэнт зарлагдах боломжгүй учраас хасагдсан гэсэн үг. 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтын асуудал байгаа. Ингэж төсвөөр тоглож болохгүй. Яамдуудын хөрөнгө оруулалтын газрууд үүнийг баталдаг. Сайд нарын багцыг ирэх онд илүү сайн задлаж өгсөн байгаа. Ирэх жил тухайн салбарын сайд Сангийн сайдтай хамтарч батлана. Төсөв батлагдмагц л аль сайдынх бэлэн байна гэдгээр шууд шийдвэрлээд явна.
Одоогийн хэлэлцэж байгаа төсвийн төслийг 4-5 жил мөрдөөд явчихвал цаашдаа төсөв дээр сахилга бат тогтоно. Төсөв батлагдсаны маргааш тендер зарлах хууль нь нээгддэг. Гэтэл 6 сар гацааж байж тендер зарлана гэдэг байж болохгүй.
-Бүлэг дээр төсөвтэй холбоотой ямар нэг асуулт тавигдсан уу?
-Асуулт гэхээсээ санал л гарлаа. УИХ дээрээ хэлэлцээд явж байгаа. Энэ жилийн төсөв бол маш их хичээж гаргасан төсөв. Төсвийн тэлэлтийг багасгах. 200 гаруй хуулийн 1000 гаруй заалтаар шахаад явж байгаа. УИХ-аас өгсөн үүргийн дагуу урсгал зардлыг 24 хувьд барьсан.
-Үр дүн рүү чиглэсэн бодлогод Сангийн яам яаж ажиллав?
-Салбар бүр өөрсдөө төлөвлөгөөндөө хүрэх зорилтоо тусгаж чадвал хөрөнгө оруулалт нарийн болно. Энэ жилийн KPI-г яам өөрөө хариуцаж, үүнд Сангийн яам оролцдоггүй.
-Эрүүл мэндийн даатгалын салбарт үүсэн өрөөс үүдэж эрт илрүүлгийг хүртэл зогсоолоо?
-Эрүүл мэндийн даатгалын салбарын зардал ирэх онд 2.3 наяд их болж нэмэгдэнэ. Энэ сан бол хуримтлагддаг сан биш. Жил бүрийн 12-р сард тэглэгддэг салбар. Эмнэлэг дагасан биш өвчтнөө дагасан санхүүжилт явдаг гэж ойлгож болно. Эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн л бол тарифын дагуу санхүүжигдэнэ. Ковидын үед зардал нэмэгдсэн.
Үүнээс хойш жил бүр өр нь нэмэгдээд байгааг менежментдээ байна уу, мөнгөндөө байна уу гэдгийг эргэж харж, тогтоох ёстой. ЗГХЭГ-аас болон Эрүүл мэндийн яамнаас ч ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ирэх жилээс энэ байгууллагын менежмент дээр сайн ажиллаж тогтооно. Даатгалын тогтолцоо учраас мэргэжлийн институциэр нь ажиллуулна. Олон нийтийн хяналт оролцоог илүү нэмэгдүүлэх байдлаар ажиллах юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud