Гадаад мэдээДЭЛХИЙ

Дайнаас хүнд сэтгэл зүйтэй эргэн ирэх цэргүүдэд ОХУ-ын нийгэм бэлэн үү

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд оролцсон ахмад дайчдыг “Эх орноо хамгаалж буй шилдгүүд” хэмээн магтсан. Ахмад дайчид бол Оросын ирээдүйг удирдахад бэлтгэгдсэн үеийнхэн хэмээн Путин сайшааж, “Ийм хүмүүсийн гарт улсаа өвлүүлэн өгнө гэдэг аймшигтай биш” гэсэн юм.

Гэвч Украйнаас буцаж ирж буй орос цэргүүдийн аль хэдийн гэр бүл болон нийгэмдээ хүндрэл байна. Хүнд гэмт хэргүүд олон нийтийн анхаарлыг татаж, иргэдийн сэтгэл түгших болжээ. Одоогоор 700 мянга орчим эрэгтэй фронтод байлдаж байгаа. Тэд бүгд гэртээ ирэхэд ОХУ-ын нийгэм хэрхэх вэ гэдэг нь илүү том сорилт болно.

Абэрисвит их сургуулийн олон улсын улс төрийн багш, доктор Женни Мазерс “The Moscow Times”-д хэлэхдээ “Дайнаас ирсэн ахмад цэргүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, сэргээн засах хөтөлбөрт хамрагдуулсан ч гэсэн нийгэмд буцаж уусахад  хэцүү байдаг” гэжээ.

Тэр нэмж “ОХУ-д олон ахмад цэрэг ийм дэмжлэг авч чаддаггүй. Үүн дээр нэмээд Оросын нийгэм эрчүүдээс хатуу ширүүн байх, уй гашуу эсвэл айдас зэрэг сэтгэлээ нуух гэх мэт шинж чанар харуулахыг шаарддаг. Энэ бүхэн нь нийгэмд буцаж уусахыг бүр ч хэцүү болгоно” гэж хэлсэн юм.

Фронтоос ирсэн цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн тоо тогтмол өссөөр байна. Сүүлийн нэг жишээ бол фронтоос чөлөө авсан цэрэг Алексей Марчуков юм. Тэр хуримынхаа шөнө эхнэрээ хөнөөсөн хэргээр хатуу дэглэмтэй ангид 12.5 жил хоригдох ял сонссон.

Шүүхийн баримт бичгээс харвал Марчуков хуримын баярын дараа согтуурсан үедээ маргалдсаны улмаас эхнэрээ хутгалж хөнөөсөн байна. Түүний эгч гэрчийн мэдүүлэг өгөхдөө Марчуков шоронд суухаас зугтаж армид элссэн гэжээ.

Ял сонссоны дараа тэрбээр дахин фронт руу буцмаар байна хэмээн шүүхэд хэлсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Марчуковын хэрэг дайны талбар, ОХУ-ын шорон хоёрын хоорондын хаалга хоорондоо хэрхэн холбогдсоныг харуулсан явдал болсон юм.

Зургийн эх сурвалж: The Moscow Times

ОХУ армидаа хоригдол элсүүлэх ажиллагааг 2022 оны дунд үед Вагнер бүлэг эхлүүлсэн. Энэ ажиллагааны хүрээнд зургаан сар фронтод байлдаад шоронгоос суллагдах саналыг Вагнер бүлэг хоригдлуудад тавьсан юм. 2023 оны эхээр Батлан хамгаалах яам энэ арга хэмжээг үргэлжлүүлэх болжээ.

Шинжээчид энэхүү бодлого нь ирээдүйн гэмт хэргийн суурийг тавьсан гэж үзэж байна. ОХУ-ын Дотоод хэргийн яамны Уралын хуулийн хүрээлэнгийн судлаач Вилли Маслов “Дайн ОХУ-ын гэмт хэргийн гаралтын нөхцөл байдалд аль хэдийн нөлөөлж  эхэлсэн. Цаашдаа ч гэмт хэргийн тохиолдолд нөлөөлнө” гэжээ. Тэр дайн ОХУ-ын гэмт хэргийн тохиолдолд хэрхэн нөлөөлсөн талаар 2019-2023 оны ял шийтгэлийн статистикийг ашиглан судалсан байна.

Тэрбээр “Өршөөгдсөн хоригдлууд дахин гэмт хэрэг үйлдэх нь цаг хугацааны асуудал” гэжээ. Мөн төрийн дэмжлэггүйгээр тэднийг нийгэмд эргэн нэгтгэх боломжгүй гэдгийг онцолсон юм.

Одоогоор дайнаас буцаж ирж буй цэргүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээ заавал хийх ёстой гэсэн хууль зохицуулалт байхгүй. Зарим тохиолдолд ял сонсоод нэг их удаагүй байхад нь фронт руу илгээсэн явдал гарч байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Тийм хоригдлууд буцаад ирэхдээ уур хилэнгээ өөрсдийг нь шүүсэн хүмүүст гаргаж магадгүй гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.

2024 онд Хохирогчдыг дэмжих сан ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөж, Украинд байлдуулахаа зогсоохыг ОХУ-ын Батлан хамгаалах яамд уриалсан юм. Мөн Думын Гэр бүл хамгаалах хорооны дарга Нина Останина дайнаас буцаж ирсэн хуучин хоригдлуудыг байнгын хяналтад байлгах санал гаргасан. Гэвч үүний аль аль нь хэрэгжээгүй.

Мазерс хэлэхдээ “Марчуковын тохиолдол шиг цэргүүд дайнаас буцаж ирэхэд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх нь олон улсад ажиглагдаж байсан үзэгдэл. Жишээ нь АНУ-д Афганистан, Иракийн дайнаас буцаж ирсэн цэргүүдийн талаар олон судалгаа хийсэн. Мөн бусад улсад ч гэртээ буцаж ирсэн цэргүүдийн гэр бүл хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгддэгийг харуулсан баримт бий” гэжээ.

“Vyorstka” нэртэй мэдээллийн сайт энэ оны хоёрдугаар сард мэдээлснээр Украйнаас буцаж ирсэн цэргүүдийн үйлдсэн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 700 орчим хүн хохирчээ. Үүнээс 378 хүн амиа алдаж, 376 нь хүнд гэмтсэн байна.

Кремль энэ эрсдэлийн талаар сайн мэдэж байгаа. Цэргүүд буцан ирэх нь нийгмийн тогтвортой байдалд эрсдэл учруулна гэдгийг Путин өөрөө ч хүлээн зөвшөөрсөн гэдгийг “Reuters” агентлаг гурван эх сурвалж дурдан мэдээлсэн юм.

Нэг эх сурвалжийн хэлснээр Афганистаны дайнаас ирсэн ахмад дайчид дэмжлэггүй үлдэж, 1990-ээд оны үймээн самууны үеэр зохион байгуулалттай гэмт хэрэг өссөн тэр явдлыг давтахгүй байхыг Кремль зорьж байгаа. Олон нийтийг айлгахгүйн тулд Кремль төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ахмад дайчдын үйлдсэн гэмт хэргийг багасгаж дарж мэдээлэхийг үүрэг болгосон гэж “Meduza” агентлаг мэдээлжээ.

Зургийн эх сурвалж: DW

Путин өнгөрсөн долоо хоногт 700 мянга гаруй орос цэрэг одоогоор фронтод байлдаж байгаа гэж хэлсэн. Харин Кремлийн албан тушаалтан Сергей Новиков энэ зун 137 мянга орчим цэрэг гэртээ буцаж ирсэн гэсэн юм.

Гэвч яг хэдий тооны хоригдол цэрэгт элссэн нь тодорхойгүй. Тоо нь хэдэн мянгаас хэдэн олон арван мянга байх боломжтой. Мөн хоригдлуудын хэд нь буцаад энгийн амьдралдаа шилжсэн нь тодорхойгүй хэвээр байна.

Гэмт хэргийн гаралтаас гадна мөнгөний асуудал бий. Фронт дээр байлдаж буй цэргүүд энгийн ажил хөдөлмөрөөсөө хэд дахин их орлого олдог. Жишээ шинэ цэрэг  жилдээ 5.2 сая рублийн (62,600 ам.доллар) цалин авдаг байна. Энэ нь Москва дахь жилийн дундаж цалингаас хоёр дахин өндөр тоо.

Новиковын хэлснээр гэртээ буцаж ирсэн цэргүүдийн ихэнх нь залуус учир тэдэнд ажил хэрэг болно. Тэр цэргүүд гэр бүлийнхээ орлогыг бууруулахгүй байдлаар буцаж ирэх шаардлага гарна гэдгийг Новиков онцолсон байна. Мөн фронтоос буцаж ирсэн мянга мянган эрчүүд ОХУ-д сэтгэцийн эрүүл мэндийн хямрал эхлүүлж магадгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Мазерс хэлэхдээ “Тэдний туулсан үзсэн аймшигтай зүйлс, мөн бусдад хийсэн аймшигтай үйлдлүүдийн дурсамж нь архи, мансууруулах бодис хэрэглэх, өөрийгөө хохироох, амиа хорлох зэрэг сөрөг байдлаар илрэх магадлалтай” гэсэн юм.

Орос цэргүүд фронт дээр бусад цэргүүдийн гарт дэглүүлдэг. Зарим сургалтын бааз дээр дүрэм зөрчсөн эсвэл фронт руу явахаас татгалзсан цэргүүдийг “нүх” хэмээн нэрлэгдэх газар хорьж, тамладаг гэж зарим эх сурвалжууд мэдээлж байсан.

2022 оны есдүгээр сарын цэрэг татлагад явсан хүмүүс хэлэхдээ Брянск, Волгоград, Оренбург мужуудад, мөн Украины эзлэгдсэн Донецк ба Луганск бүсүүдэд “нүх” гэгддэг шорон байгаа гэж ярьсан юм.

Батлан хамгаалах яам болон төрийн дэмжлэгтэй бусад санаачилгууд сэтгэл заслын хөтөлбөр цэргүүдэд санал болгодог. Гэхдээ цэргүүд өөрсдөө хүртэл сэтгэл зүйн тусламж хэрэгтэй гэдгээ ойлгодоггүй тохиолдол бий гэж албан тушаалтнууд хэлжээ. Одоо Украинд байлдаж буй 700 мянган цэрэг буцаж ирэхэд ОХУ-ын нийгэм хэрхэх тал дээр иргэд, мэргэжилтнүүд санаа зовж байна.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button