Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Би Г.Занданшатарын талаар ярихгүй, ер нь бол сайн хүн

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

Тэрбээр дараах зүйлсийг ярилаа.

"Би Б.Энхбаяр гишүүний ярилцлагыг үзээгүй, үзэх шаардлагагүй. Яаж гүтгэхий нь мэдэж байсан. Надтай ижил нэртэй хүнийг андуурч барьж хэрэг үүсгэсэн бол хууль хяналтын байгууллагын байгаа царай энэ л байна. Арай тийм зүйл болоогүй байлгүй дээ.

Миний ойрын хүмүүсээс цагдан хориогүй. Найзалж байсан, хамт зураг даруулсан үндэслэлээр бол барьж хориод байх шиг. Асуудал байвал надтай ярь. Бизнес хийх гэж махаа зулгааж байгаа хүмүүсийг бариад, “Амарбаясгалантай яагаад зураг авхуулсан, төрсөн өдөр дээр нь очсон бэ?” гэж асуух бол ажил биш ээ. АТГ баримт байгаа бол гаргаж ирээд шалга, намайг тат л даа. Манай хууль хяналтын байгууллагынхан нэр хаяггүй сошиал хуудсаар дамжуулж ялладаг байдал хэрээс хэтэрсэн. Үүний нэг зовлонг би үүрч явна.

Би УИХ-ын сонгуульд 2016, 2020 онд нэр дэвших боломж байсан ч өөрийн саналаар татгалзсан. Улс төрийн намыг институци болгох ёстой. Нам төрөөсөө хоцрогдсон байж болохгүй гээд төвлөрч ажилласан. Эрдэмтэн, судлаачдыг урьж ажиллуулж МАН-ын шинэчлэлийн олон бодлогыг хийсэн. 2024 онд бол дэвшээд, санхүүжилтийн тайлангаа аудитын байгууллагад өгсөн. Сайт дээр нь байгаа гэдгийг хэлье.

-Та сайн дураараа өөрийгөө шалгуулж болдоггүй юм уу? МАН-ын даргыг сонгохын өмнө болж буй эдгээр үйл явц танай намыг хагарсан мэт харагдуулж байна. Хагарал бий юу?

-Би өөрөө бичиг явуулж, хариуг нь авсан байгаа. Х.Мандахбаяртай холбосон, хамаарал алга гэж ирсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр бас хамаарал тогтоогдоогүй. Ийм дөрвөн хүн дээр хамаарал тогтоогдоогүй. “Админерал” дээр хамаарал байхгүй гэдэг шийдвэр бас анхан шатны шүүх дээр гарсан. Би долоон удаа цагдаа, тагнуул, шүүх гэсэн байгууллагад гомдол гаргасан байгаа. Тагнуулын байгууллага дээр манай эхнэрийг гүтгэж бичсэнээр хандсан, хариу өгдөггүй. Цагдаа хариу өгдөггүй. Энэ бүхний ард улс төр бий. МАН дотор хагарал бий, нуухгүй. Хагарлын эздийг Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нар бөгөөд хов зөөж ажил хийдэг хүмүүс гэдгийг хэлье. Я.Содбаатар НБД болоод 10 сарын дотор хагарал төрийн хэмжээнд очлоо. Энэ бол хов зөөж насаараа амиа зогоосон хүмүүсийн хийж байгаа ажил. Айдаст автаад байгаа намынхныхаа итгэл үнэмшлийг сэргээхийн тулд би нэр дэвшсэн. Тийм учраас би энэ бүгдийг намын даргын сонгуультай холбож ойлгож байгаа. Ц.Чулуунзагд гэр буруутай бол хоёр жилийн өмнө шалгагдахгүй яагаав. Дөнгөж өчигдөр орой Д.Амарбаясгаланд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүд дээр хавтаст хэрэг нээх гэж үзсэн.

Ийм дарамт үзүүлэх бол тултлаа үзнэ гэдгийг би Я.Содбаатарт хэлсэн. Ингэж хэлсний дараа АТГ тэр материалаа устгасан. Надад баримт байгаа, гэрч байгаа. Дарангуйлал тогтоох хүсэл сонирхлын эсрэг хатуу тэмцэнэ. Өнөөдөр та бүгд ч бас айдаст автсан байгаа. Н.Өнөрцэцэг сэтгүүлчдийг барьж хорих гээд байхад нь боль оо гэдгийг хэлсэн учраас Б.Энхбаяр надад өсөрхдөг. Л.Оюун-Эрдэнэ “Бид ийм замаар явах бол ажлаа өгөөд төрөөс зайлцгаая” гэж хэлж байсан шүү. Харамсалтай нь Н.Өнөрцэцэг шоронд суусан. Монгол ийм болж болохгүй. Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг холбосон. Эзэд нь Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар. Тэр хоёр Ерөнхийлөгчийн ажиллах хугацааг сунгая гэж гишүүдтэй уулзаж явсан байдаг. Сүүлдээ УИХ-ын гишүүд ордонд айдаст автсан. Улмаар даамжирч, эрх баригч намын даргыг шахаж эхэлсэн. Ингэсээр төрийн тэргүүнийг Ерөнхий сайдтай муудалцуулах ажил явсан. Энэ бүгдийг хэн хийсэн бэ. Г.Занданшатар дарга энэ бүгдийг хийсэн гэдгийг хэлье.

“Шрек”-ийн муур шиг дагаж явж байгаад ар нуруунаас хутга шаадаг байж болохгүй. Б.Энхбаярын түүх гэвэл анх Сү.Батболд даргын туслахаар орж ирчихээд, У.Хүрэлсүхийн зөвлөх болсон. Дараа нь С.Бямбацогтод зөвлөсөн. Удалгүй Ц.Нямдорж гуайн үед дэд сайд болж очсон. Тэгж яривал Б.Энхбаярыг “Зөв хүн электорат” эвслээс дэвших гээд явж байхад нь би дуудаж ирээд намын дарга У.Хүрэлсүхтэй уулзуулж байсан. Ийм гунигтай, увайгүй байдалд орж байгаад нь би ичиж байна. Өнөөдөр ийм зүйл яриад сууж байгаадаа ч ичиж байна. Гурван удаагийн парламентын сонгуулийг удирдаж ард нь гарчихаад, өнөөдөр би УЗ болон Хяналтын ерөнхий хороон дээрээ ийм гомдол мэдүүлж зогсоно гэж зүүдлээ ч үгүй. Манай дүүг АТГ-аас дуудсан байна лээ. Холбоод байгаа компани дээр нь хуурамч гарын үсэг зурсан байна. Түүнийг шинжлүүлээд, хуурамч гэдгий нь баталгаажуулж өгсөн байгаа. Батбаатар гэдэг залууг мөн дуудсан байсан. Тэр залуу МАН-ын байрны дөрвөн давхарт фитнес ажиллуулдаг. Энэ залуугаар засвар хийлгэж, оронд нь бартераар манай дөрвөн давхрыг түрээсэлдэг ийм л хүн. Ийм хүнийг улстөрд хутгаж, их хэмжээний төлбөр авна үгүй бол бизнес чинь дампуурна гэж тулгаж болохгүй. Б.Энхбаяр чинь хүний нүд рүү эгц хардаггүй ш дээ.

-Та намын даргад өрсөлдөнө гэж мэдэгдэхдээ хувь хүн биш хууль засаглах ёстой гэсэн. Тэгвэл, яг хэн засаглаад байгаа юм бэ? Үндсэн хуулийн өөрчлөлт хийх замаар Ерөнхийлөгчийн ажиллах хугацааг сунгах асуудал яригдаж байсан гэж та хэллээ. Үүн дээр бодит мэдээлэл өгөөч. Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуульд нэмэлт оруулах хүсэлтийг нь хангаагүй учир шахаж буулгасан гэж таамагладаг. Одоо Я.Содбаатар нар ард нийтийн санал асуулга явуулж, энэ Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг дахин сөхнө гэдэг мэдээлэл ч бас сонсогдож байна?

-Одоогоор ард нийтийн санал асуулга гэх мэтийн зүйл яриагдаагүй. Ерөнхийлөгчийн түвшинд ч энэ яриа байхгүй гэж бодож байна. ЗГ дотор юу яригдаж байгааг мэдэхгүй. Мэдээж хэрэг хувь хүн биш хууль засаглах ёстой гэдгийг 2020 оноос хойш олон удаа ярьсан. У.Хүрэлсүх даргыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхдээ ч тэгж байсан. Өчигдөр орой намайг дэмжье гэж байгаа Бага хурлын гишүүдийг байцаагч тус бүрд 20, 20-оор нь хуваарилж өгөөд, хавтаст хэрэг үүсгэх гэж оролдсон гэдэг бол хувь хүн засаглаж байгаагийн нэг жишээ. АТГ-ын шууд удирдлага ЗГ-аас байдгийг та бүхэн мэднэ. Энэ байдал хэрээс хэтэрсэн. Би Бага хурал дээр очоод, намайг илтэд дэмждэг хүмүүс ирээгүй байвал шууд дарамтлуулсан байна гэж үзнэ. Нэрийг нь хэлнэ, зарлана.

-Та сая сайд нарыг нэр цохож, хов зөөсөн гэлээ. Хэнд, ямар хов зөөснийг хэлээд өгөөч?

-Төрийн гурван өндөрлөгийн хооронд хов зөөж, Ерөнхийлөгчийг Ерөнхий сайдтай хүртэл хагаралдуулсан.

-АТГ-ыг хэний гар хөлөөр ажиллаж байна гэж үзэж байгаа юм бэ? Ерөнхийлөгч бол нам бус болдог. Ерөнхийлөгч одоо МАН-ын үйл ажиллагаанд оролцоод байгаа юм уу гэдгийг тодорхой хэлээч. Үеэрээ хуваагдан талцаж байгаа нь бодитой юу?

-2008 онд ҮЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатарт хэрэг үүсгэлээ. 2017 онд ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин дээр бас л хэрэг үүсгэж байна. Энэ яагаад ч хууль засаглаж байгаа хэлбэр биш. Үүний цаана өөр агуулга байж мэдэх нөхцөл байна. Би үүний эсрэг тэмцэж ирсэн. 2022 онд парламентын гишүүдийн тоог нэмэх, олон намын оролцоог хангах зорилт тавьсан нь үүний жишээ. Өнөөдөр таван нам оролцож, асуудалд олон ургальч байдлаар хандаж байна. Энэ бол хуулийн засаглалыг баталгаажуулах маш том алхам. АН-ын үйл ажиллагаа сэргэх тусам МАН сайжирна, улам эрч хүчтэй болно. Өрсөлдөөн сайжирна, нээлттэй ил тод болно. Ерөнхийлөгчийн зүгээс намын даргын асуудалд оролцохгүй гэдгээ өөрөө хэлсэн. НҮБ руу явахаасаа өмнө ярьсан. Эв зүйгээ олоод, асуудлаа шийдээрэй. Намаа хагалж бутаргаж болохгүй гэдгийг хэлүүлсэн. Би Г.Занданшатар даргатай гурван удаа уулзсан. Хүлээж авах боломжгүй хувилбар санал болгосон. Жишээ нь хос даргатай болъё гэсэн. Бид хоёр хоёр биендээ зориулж дүрмээ өөрчлөөд хоёулаа нам даргалж байдаг ийм инээдэм байж болохгүй гэдгийг хэлсэн.

-Б.Энхбаяр та хоёр яагаад муудчихав. Ерөнхийлөгч та хоёрын одоогийн харилцаа ямар байдаг юм бэ. Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрох үед MCS, Ухаа худгийн асуудал түлхэц болсон. Одоо нам гүм болсон. Энэ өнөөгийн нөхцөлд бас нөлөөлж байна уу. Та бүгд ард иргэдийнхөө төлөө хэзээ ажиллах вэ. Эрх баригчид хоорондоо муудалцаад л, эдгээрийг мэдэхгүй байгаа юм биш үү?

-Б.Энхбаяртай яагаад муудсан бэ гэдгийг хариулж мэдэхгүй. Би МАН-д 16 жил шат шатны алба хашиж ажилласан. Энэ бүх цаг хугацаанд зөвхөн бодлого ярьсан. Өнөөдөр ч бодлого л ярьж байгаа. Магадгүй цаанаас том даалгавар авч надтай өөрөө муудсан байх. Түүнээс төөрөөд явж байхад нь дуудаж би намаас нэр дэвшүүлж, амьдралд нь том өөрчлөлт оруулж өгсөн хүн шүү. Харин нүүрсний асуудлыг над руу чиглүүлэх сценарь гаргасан тал дээр гэрч байгаа. Х.Нямбаатараас асуугаарай. “Бодь”-той холбоотой оффтейк гэрээний асуудлыг дарах гэж ингэсэн гэдэг мэдээлэл бий. Ерөнхийлөгчтэй хэвийн харилцаатай байгаа. Санал бодол зөрөх зүйл зөндөө. Бүх зүйл дохиогоор явахгүй шүү дээ. Ярилцана.

Маргах, мэтгэлцэх зүйл гарна. Олон хүний дэргэд уур бухимдлаа гаргасан тохиолдол байгаа юм билээ. Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгч намын асуудалд оролцохгүй байгаа. Ухаа худгийн асуудал таг болоогүй. 16 гишүүнтэй ажлын хэсэг гарчихсан шалгаж байгаа. П.Мөнхулга гишүүн ахалж байгаа, түүнээс асууж болно. Би бол уул уурхайн өгөөж ард түмэнд очих ёстой, нөгөө талаас хувийн хэвшлийг боомилдог төр байж болохгүй гэсэн үзэл санаатай хүн.

-Н.Өнөрцэцэг дээр ямар баримт байсан юм бэ. Төрийн нууц хадгалах үүрэггүй хүнийг хадгалсангүй гээд хорьсон. Энэ ямар нийгэм юм бэ?

-Намайг дэмжиж байгаа хүмүүс утастаад “Намайг аятайхан байгаарай гэсэн. Битгий илчлээрэй” гэж заавал хэлж байна. Бид ямар нийгэм рүү явж байна вэ. Сэтгүүлчийн хэлж байгаа үнэн. Бид цалин, тэтгэврээ нэмж чадсангүй. Хийх ажил олон байна. Иймд хурлаа хурдан хийж, асуудлаа хурдан шийдэх ёстой.

-УИХ-ын чадамжийн асуудал энд яригдахгүй байна. Хавраас хойш МАН доторх асуудлаас болж УИХ-ын чадамж суларч байна уу. Нэгэнт УИХ-аар баталчихсан асуудлыг араас нь одоо цуцлах эсэхийг хөндөөд байна. Энэ УИХ-ын чадамж суларсантай холбоотой юу. Бага хурал дээр саналыг тулгаж шалгасан гэлээ. Тухайн үед та яагаад үүнийг хэлээгүй юм бэ?

-Тухайн үед нь би мэдээгүй. Би нэр дэвшихгүй гэдгээ хэлээд гараад явчихсан юм. Одоо бол миний саналыг тэр хянаж өгүүлсэн гэдгийг нээлттэй ярьж байгаа. Одоо тийм зүйл болгуулахгүй. Намын эв нэгдэл бол ханцуй дотроо наймаалцаад болчихдог зүйл биш. Ялангуяа манай нам олонхын шийдвэртээ үнэнч байж чаддаг. Хөшигний ард бүх тохироогоо хийчихээд явж байдаг ойлголт хэрхэвч байж болохгүй. Улс төрийн нам бол амьд организм. Нийгмийнхээ хөгжлийн өмнө түрүүлж алхах ёстой. Тэгэхгүйгээр хэдхэн хүний хэрүүл маргаанд идэгдчихсэн байж болохгүй. УИХ-ын чадамжийн асуудлыг хөндлөө. 126 гишүүнтэй болсон парламент хөлөө, эвээ олтол цаг хугацаа орно. Болохгүй байгаа зүйлийг бид цоо шинээр хийх ёстой.

76 гишүүнтэй парламент муудаж эхэлсэн. Тэгээд 126 гишүүнтэй болгож, таван намын оролцоотой парламентыг цоо шинээр бүтээсэн. Үр дүн нь удахгүй гарна. Дэвшил нь иргэдэд шууд хүрдэггүй. Ирэх жилүүдэд хүнд сурталгүй, хүний эрхийг хамгаалдаг, нээлттэй энэ шинэ бодлогууд амьдрал дээр мэдэгдэж эхэлнэ. 126 гишүүн дотор асар өндөр боловсролтой маш олон шинэ залуус бий. Тэдний санал санаачилгад тулгуурлан маш олон ажлын хэсгийг байгуулж, олон улсын жишгийг нэвтрүүлнэ. Хамгийн сүүлд л гэхэд Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчилсөн.

-Чайна энержигийн гэрээг мэдсээр байж муу хийсэн гэж одоо шүүмжлээд байна. Ц.Чулуунзагд, Эрдэнэжаргал нартай та ямар хамаатай вэ. Л.Оюун-Эрдэнэ та хоёр найз хэвээр үү. С.Ганбаатар гишүүнийг эгүүлэн татна гэж үнэн үү?

-Чайна энержигийн гэрээ бол ЗГ хооронд хийгдсэн. Түүнийг УИХ соёрхон баталсан. ЗГ дээр үнэ биш зарчим нь л яригдсан. Үнийн асуудлыг Ц.Туваан гишүүнээс маш сайн асуух ёстой. Энэ хөдөлдөг үнэ үү, үгүй юу гэдгийг асуугаарай. Улс төр талаас нь яривал, Тавантолгойд сүнс нь хоргодчихсон улстөрчид олон байна аа. Өмнө нь авч чадаагүй, нас нь ч дууссан, карьер нь ч дууссан. Тэгээд шөнө зүүдлээд л “Тавантолгойг тэр, энэ хулгайлчихаж” гэж ярьдаг. Нэг нь танк орж ирнэ гэж яриад 17 жил гацаасан. Алдагдсан боломж хэдэн арван тэрбум ам.доллар. Дуншиж дуншиж арай гэж урагшлуултал дахиад л хулгай гэнэ. Сая Л.Оюун-Эрдэнэ хурал дээр “Тэгвэл цуцлаач дээ. Өөрсдөө хийгээд үз” гэж хэлж байна лээ. Асар хүнд геополитикийн нөхцөл дундуур явж хийж байгаа ажил шүү дээ. Хятадын ЗГ-тай хийсэн гэрээ шүү дээ. Нэг ам.доллар бүрээ бүртгэдэг улс. Гэтэл авлигатай гэрээг хараад зөвшөөрөөд сууж байна гэж байх уу. Арай л амьдралаас тасархай сэтгэх юм.

Ц.Чулуунзагд дээр би хэлсэн. Анх сайтуудын програм хийдэг залуу байсан. Надтай ирж уулзаад Top.mn гэж сайт байгуулъя гэж байсан. Бид гурван жил ажиллуулах гэж үзээд дампуурсан. Гэтэл тэр компаниар нүүрсний сонсгол дээр холбож яриад байна лээ. Ямар ч холбоо харилцаагүй байхад шүү дээ. Эрдэнэжаргал дээрх асуудлыг би өмнө нь хэлсэн. Ганц л зүйлийг хэлье, би хүнээрээ байхыг хүсдэг. Найзалсан найздаа ядаж муу хэлүүлэхгүй амьдрах сан гэж боддог. Тэр ч утгаар би Бага хурал дээр хэлсэн. Л.Оюун-Эрдэнэтэй өнөөдөр ч маргааш ч хамт гэж.

Улс төрийн хувьд санал зөрдөг зүйл бий. Ерөнхий сайд байхад нь би зарим зүйл дээр нь шүүмжлэлтэй ханддаг байсан. Сонгуульд орохдоо би хэрэв гарвал ЗГ-т орохгүй шүү гэдгийг хэлж байсан. Харин бүлгийн даргаа авна гэж хэлж явсан. Харамсалтай нь Г.Занданшатар дарга унаад, УИХ-ын дарга бол гээд л би энэ суудал дээр очсон. С.Ганбаатар гишүүнтэй холбоотой асуудлаар УИХ дээр ямар нэг бичиг ирээгүй байна.

-Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унах үед нь та энэ нөхцөл байдлыг хэлж тайлбарлаж болоогүй юу. Тойрогтоо сонгогдож чадаагүй хүнийг Ерөнхий сайд болгосон нь энэ зодооны эхлэл болчихсон юм биш үү. МАН-д эрх мэдэл бол дутаагүй. Хэн нь илүү эрх мэдэлтэй байх вэ гэж зодолдоод байгаа юм уу. Нүүрсний хулгай гараад байгаа учраас биржээр заръя гэж санаачилсан. Өнөөдөр нүүрсээ биржээр зарах нь ашиггүй байна гэдэг боллоо. Ер нь баялгаас бялуу хүртэх гэсэн зодоон МАН-ын удирдлагуудын дунд яваад байгаа юм уу. Мөн таныг 30 сая ам.доллар авсан гэж яригддаг тал дээр хариулт өгнө үү. Та ялбал яах вэ, ялагдвал юу болох вэ?

-Ерөнхий сайд ажлаа өгч байхад намын даргын асуудал яригдаагүй. Нөхцөл байдал нь өөр байна. МАН 21-р зууны дэвшилтэт нам л байх ёстой. Цаашид намын зовлон түмний зовлож болж болохгүй. Би хоёр их сургуульд бакалавр хамгаалсан нь буруу болж байх шиг. Нэг курсэд сурч байсан хүн тэнд дарга болохоор Д.Амарбаясгалангийн найз болчихдог.

Тэр Мөнхжаргал гэдэг хүнтэй би их сургууль төгссөнөөс хойш сая ЭТТ ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход нь анх таарсан. Би түр таниагүй. Масктай орж ирж суусан. Гэтэл маргааш нь Д.Амарбаясгалан ангийнхаа хүүхдийг тавьчихлаа гэж мэдээ гарахад гайхсан. МАН-д мэдээж бүх эрх мэдэл байсан. Хийж чадсан нь ч бий, чадаагүй нь ч бий. Баабар гуай хэлж байна лээ. Нураахаа л боль гэж. Өмнөх ЗГ-ын хийснийг дараагийнх гарч ирж нураадгаа болих хэрэгтэй. Өнөөдөр бол 2,3 дараалж ялсан намын зовлон эхэлж байна. Нэг хаширтал нь ялагдуулаад өгөх юм сан гэж бодогдтол, тийм түвшинд ирчихлээ. Энэ вакумаас бид гарах ёстой.

30 сая ам.доллар гэдэг дээр тийм юм байхгүй. Цар тахлын үед ямар ч боломжгүй. Тухайн асуудалд холбогдсон “Админерал”-ын Гүйцэтгэх захирлын ярилцлагыг би уншсан. Хөрөнгө оруулалтын дүнгээ бичсэнийг л тэгж гүтгэж сэвсэн юм билээ. Биржийн тухай хуулийг Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар гишүүд батлуулсан. Худалдан авагч талаас асуудал ярьж байгаа. Эдгээрийг тэдэнд нийцүүлнэ гэвэл Монголын ард түмэн хүлээж авахгүй. Уян хатан бодлогыг ЗГ судлах ёстой.

-Та өөрийнхөө хэлж байгаа бүх зүйлд хариуцлага хүлээж чадах уу? Э.Болормаа, Дав.Цогтбаатар нарын гишүүд ч бас асуудалд холбогдоод байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Засгийн газар дахиад унах вий гэсэн болгоомжлол бий, үүн дээр?

-Институт хоорондын зөрчил огт болоогүй. Төрийн ажил явдгаараа явж байна. Сая гурван өдөр зөвхөн төсвийн танилцуулгыг хэлэлцлээ. Өмнө нь хэзээ ч ингэж байгаагүй. Гурван өдөр хэлэлцэхээр төсвөөр дамжуулж шантаажилж байна гэж зарим сайд нар хэлсэн байна лээ. Тийм биш. УИХ-ын гишүүд төсвийг шүүмжлэх бүрэн эрхтэй. Одоо цаашид аймгийн төсвийг багцаар нь баталж, нутгийн өөрөө удирдах байгууллага хөрөнгө оруулалтын эрэмбээ өөрсдөө хийдэг болно.

Би хэлсэн үгэндээ эзэн байна, албан ёсоор хэлье. Бид асуудлыг уг сууриар нь авч үздэггүй. Цаг үедээ тааруулж, тохируулж хардаг. Ингэж явсаар өнөөдөрт хүрсэн. Тийм учраас нэгэнт болохгүй байгаа бол цоо шинээр дахин бүтээх үзэл санааг баримтална. Татварын хуулийн өөрчлөлтийг жишээ нь дэмжихгүй байгаа. Тийм хууль өнөөдөр ямар ч өөрчлөлт авчрахгүй. ААН-үүдтэй уулзаад явж байхад НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх төдийхөн нь огт дэмжлэг биш шүү гэдгийг хэлж байгаа.

-Та хуулийн байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус буйгаа хэллээ. Эдгээрт ямар өөрчлөлт хийвэл зөв гэж харж байна? Намын Бага хурлаар асуудал эцэслэгдэж чадах уу. Та “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилсан. Үр дүнг нь ярих ёстой байх?

-Би шүүх засаглалыг шүүмжлэх эрхгүй. Учир нь хууль тогтоох байгууллагын тэргүүн. ШЕЗ, ШСХ-той уулзсан, шүүн таслах ажиллагааг шударга, нээлттэй, ил тод явуулах ёстой гэдгийг хэлдэг. Хуулийн мэдлэг тааруу иргэд л алддаг. Хөрөнгөтэй, эрх мэдэлтэй нь хуулийг өөрт ашигтайгаар эргүүлдэг тал бас бий. Хэн ч эрх тэгш шүүгдэх тэр боломжийг бий болгох ёстой. Прокурор, АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагад өөр өөрсдийн онцлог бий. Дутагдалтай талуудыг нь хуульч гишүүд ярьдаг. Надад ирж байгаа дарамт ард иргэдэд ирж байгаа гэдгээр нь бодолцож, уг асуудалд шүүмжлэлтэй хандах шаардлага бий болсон.

“Шинэ хоршоо” бол хугацаа хэтэрсэн нэг ч зээлгүй явж байгаа ганц хөдөлгөөн. Төр малчдаа өөрөөс 100 хувь хамааралтай байлгадгийг больё л гэсэн. Өөрөө зээлээ аваад үйл ажиллагаа явуулдаг боломжийг бий болгоё гэж зорьсон. Зуд болохоор л зээлийг нь тэглэх мэтээр явсаар ирсэн. Хэдэн жилийн өмнө “Салхитын мөнгөний орд”-ыг хурааж аваад тэтгэврийн зээл тэглэлээ гэсэн, бүгд Монголбанкан дээр алдагдал болчихсон бичигдэж байгаа. Амжилттай хэрэгжиж байгаа тул “Шинэ хоршоо”-г улстөрчид шүүмжилж буй.

-Та сая Г.Занданшатарыг хоёр хүний хооронд хов зөөсөн мэтээр ярьчихлаа. Та тэр хүнийг дүгнэж хэлээч. Үнэхээр МАН-ын дарга болбол юу хийх хүн бэ. Хоёрт, гурилын импортын татварыг та тэглэсэн. Үүнээс болж ямар үр дагавар гарсныг салбарын сайд нь хэлсэн. УИХ-ын чуулганаар та тэр хуулийг унагаж байсан удаа ч бий. Баруун бүсэд нэр дэвшиж ялалт байгуулахын тулд гурилын импортын татварыг тэглэсэн үү?

-Би өрсөлдөгчийнхөө талаар ярихгүй. Ер нь бол сайн хүн. Гурилын импортын татварын асуудлыг хотод байгаа хүмүүс дүгнэхэд хэцүү. Хөдөө байгаа иргэдийн үндсэн хэрэглээ бол гурил. Нэг хониор нэг шуудай гурил авдаг байсан, одоо хоёр хонь болчихлоо гээд уйлдаг. Манай үйлдвэрүүд картель хэлбэрт ороод үнээ зохиомлоор өсгөдөг болчихсон. ШӨХТГ-аас нэр бүхий гурилын үйлдвэрт шаардлага тавьсан. Тэгтэл шүүхэд өгчихсөн. Шүүхийн процесс жил үргэлжлэхэд үнэ нь нэмэгдсэн гурил иргэдийг зовоосоор л байсан. Тэгэхээр зах зээлээ эзэлчихсэн байгаа үйлдвэрүүдийн үнийг буулгахын тулд гадаадаас өрсөлдөгч оруулж ирсэн. Гуравхан хүний үйлдвэр нийт гурилын үйлдвэрлэлийн 60 гаруй хувийг эзлэх хэмжээнд оччихсон. Би бол ард түмнийхээ талд ажилласан. Салбарын яам юуны төлөө ажиллаж байгааг одоохондоо хэлж мэдэхгүй байна.

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаснаас хойш гурван асуудал анхаарал татаж байна. ЗГ унахад нөгөө 126 гишүүний чадамж харагдаагүй. Хоёрт, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас унасан. Үеийн үед төрийн тэргүүн Ерөнхий сайдтайгаа муудвал нэгнээ татаж унагадаг. Нам харгалзахгүй. Дээр нь Үндсэн хуульд олгогдоогүй эрхээр Ерөнхийлөгч хууль шүүхийг баздаг асуудлыг хэзээ болих вэ. Сонгодог онолоор төрийг дахиж зурж болдоггүй юм уу. Яг үнэндээ Хятадын ЗГ энэ гэрээг ганц Монголтой биш, Австралитай ч хийсэн гэж байна. Гэтэл нүүрсний гэрээний асуудлыг худлаар мэдээлээд байна. Ингэж ярьж яваа Н.Энхбаярт ямар эрх ашиг бий юм бэ. Оны өмнө таны өрөөнд уулзсан хүмүүс Ерөнхийлөгчийг явуулъя гэж ярьсан гэсэн үү. Үүний дараа Х.Тэмүүжин гишүүн гарын үсэг цуглуулж явснаас хойш гол асуудал үүссэн гэдэг?

-Улс төрчдийн байр суурийг би өмнөөс нь хэлэхэд хэцүү. БНХАУ-ын Засгийн газрын зүгээс энэ гэрээн дээр ямар байр суурьтай байгааг би мэдэхгүй. Үнэтэй холбоотой асуулт нь УИХ дээр огт яригдаагүй. УИХ дээр ЗГ хоорондын гэрээг соёрхон баталсан. Би 126 гишүүнтэй парламент харин ч сайн ажиллаж байна гэж хэлнэ. ЗГ болгон гарч ирээд шинэ бодлого дэвшүүлдэг, нөгөө нам нь гарч ирээд өөрчилдөг энэ байдлыг зогсоох гэж л 126 гишүүнтэй парламент бий болгосон. Үеийн үед Ерөнхийлөгч, ЗГ хоорондын харилцаанаас маргаан үүслээ гэж яригдаж ирсэн. Өнөөдөртөө Л.Оюун-Эрдэнийн ЗГ бол Ерөнхийлөгчтэй айхтар муудаад, үүнээс болж унасан гэж ярих нь бол илүүц. Л.Оюун-Эрдэнэ дарга өөрөө ярьж хөөрөх болов уу.

Улс төрийн намууд ямар үзэл баримтлалтай байхаас үл хамаарч, ганцхан амлалтаа хэрэгжүүлж чаддаг л байх ёстой. Гэхдээ зөв аргаар. Манай нам улс төрийн тавцан дээр дангаараа зогсох гээд байна, галт тэргэндээ сууж аваарай, бид хүчээр ялагдалтай биш дээ гэж би хошигнож хэлдэг байсан. Олон мэргэжлийн гишүүд орж ирээд зарим асуудлыг унагаж чадаж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд нартайгаа хэд хэдэн удаа уулзаж байсан. Манай өрөөнд Үндсэн хууль өөрчилж, Ерөнхийлөгчийн ажиллах хугацааг сунгах асуудал ерөөсөө яригдаагүй. Харин одоогийн тогтолцоог баталгаажуулах, сонгуулийг шударга зохион байгуулдаг болох гэх мэт сэдвээр ярьсан. Одоо ч яригддаг сэдэв. Гашуунсухайтын хил холболтын бүтээн байгуулалтын гэрээг зориуд зогсоох гээд байгаа гэх мэтийн асуудалд мэдээлэлгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zass hoviin avgai bish nuursnii hergee hulee p###a

зочин
зочин

за чи зүгээр намын дарга болох гээд битгйи хов яриад байгаарай яршиг байнаа зүгээр их хурлы даргын ажлаа хий одоо болно их маяглав�##� карьер чинь дуусана даа

зочин
зочин

намын даргыг яар�##�тай сонгох гээд яахав дээ нэг их ач холбогдолгүй хойшуулж л байг дээ

Алуурчин үнэнээ хэл
Алуурчин үнэнээ хэл

Хасбаатар

Дэл
Дэл

Сайхан зодолдоод хүчээ үз

Зочин
Зочин

Үнэн жул чавганц яриатай муу юмандаа хурдан гаршиж буй хөгийн гар юмаа чи үнэнийг л ярьж бн�##�ээ чиний та нарын тухай энэ лав биш шүү.......

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө

Ээ �######�уул бүр айсан байна. Занданшатарыг их сайн хүн гэж хэлээд сууж байгаа хүн. Л.Оюун- Эрдэнийг ер нь муу хүн гэдгийг дотроо хэлсэн гэсэн үг.

ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО

АМАРБАЯСГАЛАН ДАРГА ! С.ГАНБААТАРЫГ ЗАЖИЛАХГҮЙ ЗАЛГИЖ ДҮЛЭХГҮЙ БААНА !

Зочин
Зочин

Хиншүү гамбаа энэ маань админeр�##�тай огт холбоогүйм бна лээ шүү хэмээн хошногын нялцайт�##� долоолсон тээ

Зочин
Зочин

enhbayaraas joohon um bj barag aav ni shahuu um dongosood suuj bhiin bagabandi ingej hutsan bol bas yay gehev nasiig ni bodood

Сонгогч
Сонгогч

Ийм хог эрх барьж байгаа намын генсек .УИХ ын дарга болсон гэхээр бидний байгаа царай юм даа

Иргэн
Иргэн

Товчхондоо боловсрол болон төрийн хүний түйч �##�га. Харамс�##�тай юм. Монгол төрийн хоёр дахь хүншдээ уг нь.

ЗОЧИН
ЗОЧИН

Б.ЭНХБАЯРЫН БАРИМТАД ХАРИУЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. АЖЛАА ӨГӨӨД Л ҮНЭН ХУДЛАА ШАЛГУУЛААД БУЦААД ИРЭЭЧ ДЭЭ. ЭНЭ ТЭНДЭХИЙН ХОВ ЯРИАД ДЭМИЙ ДЭЭ. НАМЫН ДАРГЫН ТУХАЙД БОЛ БҮР МӨРӨӨДӨЛТГҮЙ ШҮҮ. МАН ОДОО ШИРЭЭН ДЭЭР БИШ ШАЛАН ДЭЭР УНАСАН ШҮҮ. АН Ч САЙХАН ИНЭЭГЭЭД Л СУУЖ БАЙГАА. МАН АН АЛЬ АЛЬ МОНГОЛД ХЭРЭГГҮЙ БОЛЛОО. ХҮН ТЭЙ БОЛ БҮР ЯРИЛТГҮЙ.

Дамба
Дамба

Хаа хамаагүй Содбаатарын ярихаа болиочээ

Зочин
Зочин

зовлон үүрч явна ч гэхшиг зовлон үүрэн2 намын дарга руу үхсэн б�##�дуушаа хийж зүтгэнэ вэ �##�бан туша�##� чиний амь амьдр�##� уу

Зочин
Зочин

МАН-ыхаан Энэмуу хулгайчаа намын даргаараа сонгон толгой дээрээ з�##�ж улсын ерөнхий сайд болговол Б�##�бын хувь заяа Монголыг хүлээж байгаа шүү

Зочин
Зочин

Амарбаясг�##�анг овоо дориун з�##�уу юм болов уу гэж боддог байсан минь эндүүрэл байж. Яагаад улайраад намын даргад зүтгээд байгаа нь ч учиртай л бололтой. Хүний хувьд хог л юм байна. Улстөрөөс ч төрөөс холхон бөйлгахгүй бол самраад хаячихаар санаа суучихсан, хүн муутай бололтой шүү.

Хөөе
Хөөе

Харин тодорхой ярьсан байна эзэнтэй

Холбоотой мэдээ

Back to top button