Top StoriesГадаад

Америк сэтгүүлчийн тэмдэглэл: Нүүдэлчин Монголчууд ахуй соёлоо аялал жуулчлалын нэг хэсэг болгох уу

Conde Nast Traveler`s сэтгүүлийн цуврал нийтлэлийн нэгэн дугаарт Монголын талаарх аяллын тэмдэглэл багтсаныг орчуулан хүргэж байна.

“Чүү, хэмээн би хэллээ. Энэ нь монголчуудын морь унахдаа хэлдэг үг. Гэвч унасан морь минь догшин ч байсан уу эсвэл миний америк аялга таалагдаагүй болоод ч тэр үү бид ойлголцолцож чадсангүй. Адуучин Бундхорол болон түүний 10 настай охин Урантуяагийн хамт бид төв замаас 70 гаруй км зайтай, эцэс төгсгөл нь үл харагдах тал нутагт байгаа нь энэ. Гурав дахь удаагаа “Чүү” гэх үедээ би дууныхаа өнгийг өөрчилсөн үү, морь минь гэнэт л ухасхийсэнд би урагш уначих шахав. Урантуяагийн өмссөн шаргал дээл, салхинд элэгдсэн малгай нь нүднээ тусаж, тэр мориндоо морьдох үедээ намайг инээмсэглэн ширтэж байлаа. Гартаа барьсан ташуур нь яс шиг харагдавч үүнийгээ нэг их хэрэглэх шаардлагагүй морь нь шогших юм.

Би 2025 оны 8-р сард Монголд ирж , энэ улсын хамгийн үзэсгэлэнтэй, онгон зэлүүд газруудыг үзэхийг хүссэн. Бундхорол болон түүний охин шиг нүүдэлчид энд амьдардаг. Монголын нийт хүн амын гуравны нэг нь нүүдэлчин бөгөөд хүн ам цөөнтэй, Техасыг хоёр ч нийлүүлсэнтэй тэнцэх өргөн уудам газар нутагтай орон билээ. Нөгөө талаар, Монголын аялал жуулчлалын салбар эдийн засгийн өсөлтийн чамгүй эх үүсвэр болж байна.

Энэ жил Монголд зочлохыг хүсэгч гадаад жуулчдын анхаарал улам бүр нэмэгдэж, нэгэн шинэ үе эхэллээ. Тухайлбал, тавдугаар сард “United Airlines” компани Токиогоор дамжуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд шинэ чиглэл нээж, Монголд тогтмол нислэг үйлдсэн анхны Америкийн агаарын тээврийн компани болов.

Үүнээс өмнөх онд, аравдугаар сард “Бүргэдийн баяр соёлын төв” нээгдэж, уламжлалт өв соёл, зэрлэг амьтдын хамгаалал, аялал жуулчлал гурвыг нэгтгэсэн байнгын орон зай бий болсон. Жуулчдын тоо өсөж буйтай холбогдон олон тур операторууд аялал жуулчлалын улирлыг уртасгах боломжийг судалж эхэлжээ. Ийм өөрчлөлтийн үед, аялал жуулчлалын салбар нүүдэлчдийн уламжлал, байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах боломж бий. Гэхдээ орон нутгийн үнэт зүйлс, хүслийг хүндэтгэн харьцах нь хамгийн чухал юм.

Монголын нүүдэлчид жилдээ дор хаяж хоёр гурван удаа нүүдэллэн, хонь ямаа болон адуу тэмээ, үхэр маллана. Нүүдэлчин амьдрал бол тэдний өв уламжлалын салшгүй хэсэг. Гэвч цаг уурын өөрчлөлт болон олон улсын зах зээлийн савлагаанаас хамаарч энэ амьдралын үнэ цэн өөрчлөгдөх нь бий. Мах, ноос ноолуурын үнэ өндөр үед олон малтай айлууд ашиг олж, нийслэлд байр сууц худалдан авах болон хүүхдүүдээ их сургуульд сургах нь элбэг. Харин хатуу ширүүн уур амьсгал, ган гачиг, цас зудтай өвөл -50 хэм хүрдэг нь тэдний амьдралыг ганцхан шөнийн дотор эргүүлчихэж мэднэ. Малын гаралтай түүхий эдийн үнэ унахад ч бас амьдрал дорхноо хүндэрнэ.

Монголд удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй Nomadic Expeditions нь Баян-Өлгий болон Говь нутагт байрлах баазууддаа 15 орчим нүүдэлчин өрхтэй хамтран ажиллаж, жуулчидтай харилцан хүндэтгэлтэйгээр соёлын солилцоог дэмждэг байна. Ан ав, эсгий хийх, тэмээ унах зэрэг уламжлалж ахуйд жуулчид оролцох боломжтой бөгөөд тэдгээр өрхүүд цаг, мэдлэгийнхээ хөлсөөр шударгаар авдаг. Гэхдээ үүсгэн байгуулагч Жалса Урубшуровын хэлснээр эдгээр айл, өрхүүд аялал жуулчлалаас хэт хамааралтай биш аж.

Түүний хэлснээр “Аялал жуулчлал нь Монголын нүүдэлчдийн оршин тогтнолд голлох дэмжлэг үзүүлдэг гэж шууд үзэж болохгүй. Нүүдэлчид асар тэсвэртэй хүмүүс. Энэ соёл хэдэн мянган жилийн турш оршсоор ирсэн. Бид аялал жуулчлалаас суралцах хувь тохиож байна” гэсэн юм.

Гэсэн ч цаг үе өөрчлөгдөж буй нь маргаангүй. Залуу үеийнхэн нүүдэлчний хүнд амьдралыг үргэлжлүүлэхээс татгалзаж, их дээд сургуульд сурахыг илүүд үзэх болсон. Three Eagle Camp баазын ойролцоо би 17 настай Батмөнхийн Мягмарсүрэнтэй уулзсан. Тэр ямаа сааж, хонио хариулаагүй үедээ ирээдүйд шүүх шинжилгээний чиглэлээр сурахаар төлөвлөж байлаа.

Зарим нүүдэлчид аялал жуулчлалтай хослуулан амьдрах дундын замыг сонгодог. Жишээлбэл, адуучин Бундхорол өмнө нь хэдэн зуун адуу, бусад малтай байсан ч хүүхдүүд нь их сургуульд сурах болон бага насных учраас малын тоогоо цөөрүүлж, аялал жуулчлалын компанитай хамтран ажиллаж эхэлжээ.

Нүүдэлчдийн өвөрмөц соёлын нэг болох бүргэдийн ан ч эрсдэлд орж байна. Уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, суурьшмал амьдралд шилжих нь уг уламжлалд заналхийлж байгаа бөгөөд зэрлэг бүргэдүүдийн амьдрах орчин ч хумигдаж буй. 35 жил театрын уран бүтээлчийн ажил хийсэн Тургынбек Ажкен тэтгэвэртээ гарахдаа энгийн замыг сонгосонгүй. Харин уламжлалт бүргэдийн ангаар хичээллэж, одоо Баян-Өлгийд шинээр байгуулагдсан Бүргэдийн соёлын төв-д ажиллаж байна.

Тэр бол казах үндэстэн бөгөөд 3,500 жилийн турш бүргэдээр ан хийж ирсэн нүүдэлчин ард түмний төлөөлөл. Төвд зочилсон хүмүүст бүргэдээр ан хийх арга, ёс заншил, хувийн дурсамжаа хуваалцдаг. “Би багадаа аавтайгаа хамт бүргэдээр ан хийдэг байлаа. Миний өмсөж буй дээл, хэрэглэж буй бүх хэрэгсэл ааваас минь үлдсэн” гэж Тургинбек өөрийн бүргэд Тирнекээ илж зогсоход ард нь 4000 метрийн өндөрт цойлсон Алтайн сүрлэг уулсүзэгдэнэ. “Энэ уламжлалыг хадгалж байгаадаа бахархдаг. Манай өвөг дээдэс ингэж амьдарч байсан. Бид ч өнөөдөр үргэлжлүүлж байна” гэж тэр өгүүлэв.

Жил бүрийн намар зохиогддог, ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн Алтайн бүргэдийн баяр өргөн дэлгэр тэмдэглэгддэг бол шинэ төв нь жилийн турш ажиллаж, жуулчдыг бүргэдийн сургалт, морь унах урлаг, бүс нутгийн гар урлал, эсгий эдлэлтэй танилцуулж, нутгийн айлд хонох боломж олгодог. Мөн Казахын Бүргэдийн холбоо нь зэрлэг бүргэдийн тоо толгойг хамгаалах судалгаа, бүртгэл хөтөлдөг.

“Бидний хариуцлага бол тэнцвэрийг хадгалах явдал” гэж төвийн захирал Атай Аятхан хэлэв. “Залуу бүргэдчдийн тоо буурч, бид тэднийг сургаж, боловсрол олгохыг хүсэж байна. Монголын бүргэдийн тоо судалгаа, мэдээлэл бий болгож, залуу биологичдыг татан оролцуулахыг зорьж байна. Мөн энэ спортын уламжлалыг дотоодын болон гадаадын хүмүүст үзүүлэх нь ч бидний зорилго” гэв.

Хустайн байгалийн цогцолборт газар нь устаж байсан Пржевальскийн зэрлэг адууг 1992 онд эргэн нутагшуулсан бөгөөд одоо 311 адуу бий. Тэнд мөн мануул, чоно зэрэг амьтад амьдардаг. Цогцолборын менежер Б.Батзаяа бол нийслэлийн ойролцоо нүүдэлчин гэр бүлд өссөн нэгэн. Тэрбээр малтай айлуудтай хэрхэн зөвшилцөж, аялал жуулчлал, байгаль хамгааллыг зэрэгцүүлж буйгаа тайлбарлав.

Заримдаа малчид цаг уурын нөхцлөөс хамааран мал сүргээ цогцолборын хашаагүй хэсгээр оруулдаг. Тэднийг шийтгэхийн оронд, Батзаяа болон түүний хамт олон хүүхдүүдэд байгаль орчны үнэ цэн, энд амьдардаг гайхалтай амьтдын талаар сургахыг хичээдэг. “Бид хамт өсөж, энд төрсөн нүүдэлчдээс ирээдүйн биологич, аяллын хөтөч гаргаж авахыг хүсэж байна” гэж тэр хэлэв.

Монголд ирэх олон жуулчин, түүний дотор би өөрөө ч, онгон зэрлэг байгаль, нүүдэлчдийн өвөрмөц соёлыг мэдрэхийг хүсдэг. Аялал жуулчлалын ач холбогдол өсөн нэмэгдэхийн хэрээр операторууд шинэ, хуучныг тэнцвэржүүлэн, жинхэнэ соёлыг хамгаалж үлдээх үүрэгтэй.

Ийм л хамтын хүчин чармайлтын ачаар би Бундхорол, Урантуяа хоёртой нэгэн үдшийг морь унаж, эцэс төгсгөлгүй тал нутгийг ширтэн өнгөрөөсөн юм. Тэр мөчид би аялал, өөрчлөлтийн тухай бус, харин зөвхөн өөрийн тэнцвэрээ хадгалах тухай л бодож байлаа.

Удалгүй бороо шивэрч эхлэхэд Бундхорол, Урантуяа хоёр над руу инээмсэглэн харав. Тэд англиар үг дуугарахгүй ч дохио зангаагаар надаас буцах уу эсвэл тал нутгийн уудам руу цааш давхих уу хэмээн асуув. Би толгойгоо хоосон тал тийш дохиход бид гурав морьдын үүрсээ, салхины исгэрээ дагуулан цэнхэр тэнгэрийн орныг мэдрэн мэдэрсээр цааш давхицгаалаа.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button