НИЙГЭМНийгэм ярилцлага

Т.Хулан: Гунигтай үе олон таарлаа. Тэр болгонд сэтгэлээр уналгүй, зургаа л зурсан

Амралтын өдрүүдэд Монголын уран зургийн галерейд дэлгэгдээд буй Т.Хулангийн “Эгшигт хүрдэн” уран бүтээлийн үзэсгэлэнг зорьж, түүнтэй хэдэн хором ярилцлаа.

Зураасан зургийн зураач мэргэжлийг монголдоо эзэмшиж, Японд мэргэжил дээшлүүлсэн залуу уран бүтээлч Т.Хулангийн 16 дахь бие даасан үзэсгэлэн энэ болж байна. Тэрбээр таван жил завсарлага авсныхаа дараа судалбар зураг голчилсон, график бүтээлүүдээрээ эргэн ирэв.

16 настай зураач болсон тэрбээр өнгөрсөн таван жил завсарладаг учир нь шинэ хүн хүлээж авсных. Хөөрхөн охинтой болж, урлагаас өөр амьдралд цаг зарцуулах болсон түүний хувьд өнгөрсөн таван жил охин нь маш хүндээр өвдөж ихэнх өдрүүдийг эмнэлэгт өнгөрүүлжээ. "Үхэлтэй нүүр тулсан ч хүн тэвчээрийн утсаа алдахгүй байх ёстой юм байна лээ" гэх Т.Хулан өнөөдөр огтоос хүнд хэцүүг үзээгүй хүн шиг инээгээд ярьж зогсов. Энэ нь тэр зургаар өөрийгөө болон гэр бүлээ эмчилснийх аж.

Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Таны мэргэжил, шинээр дэлгэгдсэн үзэсгэлэнгийн танилцуулгаар яриагаа эхэлье?

-Би 2003 онд дүрслэх урлагийн дээд сургуулийг зураасан зургийн зураачаар төгссөн. 2011 онд хүүхдийн номын зургаар Япон Улсын Окинава мужийн урлагийн их сургууль магистр хамгаалсан. 2002 оноос хойш уран бүтээлээ хийж байна. “Тоост хорвоогийн төөрөг” нэртэй анхны үзэсгэлэнгээ төгсөх курсийн оюутан байхдаа Соносын санд гаргаж байлаа. Харин өнөөдөр дэлгэж буй “Эгшигт хүрдэн” нэртэй үзэсгэлэн миний бие даасан 16 дахь үзэсгэлэн болж байна. Үүний өмнө Б.Шарав гуайн бүтээлээс сэдэвлэсэн үзэсгэлэн гаргаж байсан.

Би Б.Шарав гуайтай 2018 онд анх уулзаж байсан юм. Дараа нь 2019 онд Б.Шарав гуайн бүтээлээс сэдэвлэсэн 20 орчим зурагтай “Бодлын илгээмж” гэдэг нэртэй үзэсгэлэн гаргасан. Үүнээс хойш зургаан жилийн дараа буюу энэ оны есдүгээр сарын 6-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд байдаг МУ-ын хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, УГЗ, Хөгжмийн нэрт зохиолч Б.Шарав гуайн гэр музейд энэхүү үзэсгэлэнгээ дэлгэсэн. Уг үзэсгэлэнгийн маань онцлог гэвэл судалбар зураг голчилсон, график бүтээлүүдтэй мөн хөгжмөөс сэдэвлэсэн бүтээлүүдтэй.

-Энэ үзэсгэлэнгийн бүтээлүүдээсээ онцлооч гэвэл аль бүтээлээ нэрлэх вэ. Хэрхэн бүтээв?

-Төв хэсэгт байрлуулсан ганц шар зураг бий. Зургийн нэр нь Зөнч. Б.Шарав гуайн Дөрвөн ойрадын уриа гэх монгол ардын хөгжмөөс сэдэвлэсэн зохиомжоос санаа авч зурсан. Дөрвөн ойрадын уриа гэдэг нь Ойрад үндэстний төрийн дуулал маягаар амнаас ам дамжин нутагшиж ардуудад үлдсэн байсан аялгуу. Түүнийг Б.Шарав гуай зохиомжлоод орчин үеийн хэллэгт оруулан бичсэн. Тэндээс сэдэвлэсэн энэ зургаа би жил гаран зурсан. Их цаг, ажил орсон бүтээл.

Байршил: Монголын уран зургийн галерей Т.Хулангийн үзэсгэлэнгээс

Ер нь хүн гэдэг амьтан их зөнч юм шиг санагддаг. Хүн ирээдүйгээ өөрөө зөнгөж бичдэг ч юм шиг мэдрэмж төрөөд энэ бүтээлээ зурсан. Энэ бол тэмдэг, тэмдэглэгээ бүрд санаа, сэдэл агуулсан графикийн элементтэй зураг. Утгачилж яривал их урт юм болох байх.

-Анхны бүтээлээс энэ хүртэл таны зургууд хэрхэн хувьсаж, өөрчлөгдөв?

-Төгсөх күрсийн оюутан байхдаа гэхээр арай 20 хүрээгүй жаахан охин анхны үзэсгэлгийн бүтээлээ гаргаж байсан. Миний тэр үеийн бүтээлүүдээс металл рок хөгжим сонирходог буцлам халуун залуу нас харагддаг. Түүнээс хойших бүтээлүүдээ эргээд харахаад миний зурагнууд задгай сэтгэлгээнээс бодит сэтгэлгээ рүү шилжиж, хувьсан өөрчлөгдсөн. Одоо бол 2019 онд зурж байсан хэв маягаар зурмааргүй санагддаг. Бас бүр график биш зураг ч зурмааргүй болчихсон.

-Бүрэн болсон гэж үзэх, сэтгэлд хүрсэн бүтээл танд олон байдаг уу? 

-Аливаад цэг тавина гэдэг дээ. Дууссан мэдрэмж авах. Тэр тохиолдолд бүтээлүүд хамгийн гоё санагддаг. Нэг үзэсгэлэн 50 бүтээлтэй. Зарим нь 200 бүтээлтэй, зарим нь 20 бүтээлтэй гарсан. 16 жил үзэсгэлэн гаргасан гээд бодохоор би 3000 орчим бүтээлтэй хүн байгаа юм. Дахиад дэлгэж тавиагүй гурван хуудас хавтаст зураг байна гэхээр урын сан мөн байх шиг. Гэхдээ нэг тийм торгон мэдрэмж байдаг даа. Дуусчихсан, болчихсон, санаа гүйцсэн мэдрэмж. Тэр мэдрэмжийг өгсөн бүх бүтээл маань сэтгэлд хүрч, гоё санагддаг.

Байршил: Монголын уран зургийн галерей Т.Хулангийн үзэсгэлэнгээс

-Гурван мянган бүтээлийн цаана таны амьдрал хэрхэн өрнөж байна вэ?

-Эрээнтэй, бараантай хорвоо. Сайн, муу ээлжилдэг нь жам шүү дээ. Миний амьдрал ч яг энэ жамаар л явж байна. Баяр баясгалантай үе байлаа. Олон гунигтай үе ч таарлаа. Гэхдээ тэр болгонд сэтгэлээр унаж, дарамтад орсонгүй. Зургаа зурхаараа өөрийн сэтгэлээ эмчилж босгоод байх шиг надад санагддаг. Маш их өвдсөн ч зургаа зурж, шүд зууж боссон. Мэдрэгддэг сөрөг энерги бүрийг зургаараа засаад дараа нь тэр асуудалд эмзэглэхээ больсон. Энэ хатуужлыг урлаг, уран бүтээл надад өгсөн юм болов уу гэж боддог.

-Төгссөнөө хойш тасралтгүй уран бүтээл гаргажээ. Тууштай байдал уран бүтээлчдийн дунд их ховор санагддаг?

-Би анх Дүрслэх урлагийн дээд сургуульд О.Дарамбазар гэдэг багшийн шавь болж орсон. 16 настай жаахан охин байсан болохоор багш намайг “Багшийн тоодгор” гэж нэрлэдэг. Би ангийнхан болоод үе тэнгийнхнээсээ бүгдээс нь 2-3 насаар дүү байсан юм. Тэр үед л багш миний уран бүтээлч болох суурийг маш зөв тавьж өгсөн юм байна гэж боддог. О.Дарамбазар багшийн бүтээж өгсөн уран бүтээл туурвих оршихуй намайг Японд сургуульд сурахад, төгсөхөд ч нөлөөлсөн. Одоо ч хэвээрээ байна.

Оршихуйг маань сайн чиглүүлсэн болохоор би одоог хүртэл уран бүтээлээ орхилгүй явж байгаа гэж боддог. Өнгөрсөн жил амьдралд маань маш хүнд хэцүү зүйлс тохиолдсон ч би гутрахгүй босох ёстой юм байна. Хүчтэй байж, эргээд уран бүтээлээ хийх ёстой, огт зогсох ёсгүй юм байна гээд бүтээлээ хийж эхэлсэн. Уран бүтээлчдийг цаанаасаа онгод тэнгэр гэдэг зүйл дуудаад байдаг юм шиг санагддаг. Оршихуй нь ямарт зөв хүн уран бүтээлч тэр дуудлагыг сонсож чаддаг байх.

-Уран бүтээлээ зогсоочихвол та амьдралд бууж өгөх гээд байсан гэсэн үг үү?

-Ер нь тийм. Эргээд харахад энэ 20 гаруй жилийн хугацаанд дунд нь зогссон үе надад бий. Таван жил яах араггүй завсарлах болсон. 2019 онд “Бодлын илгээмж” үзэсгэлэнгээ гаргасны дараа уран бүтээлээсээ хэсэг завсардсан. Шинэ хүнтэй болох гээд амьдрал эхлүүлээд ар араасаа асуудлууд гарч эхэлсэн. Амьдралын том нугачаанууд хүнийг эргэж бодоход, тунгаахад хүргэдэг юм байна. Хэцүү байсан тэр он жилүүддээ уран бүтээлээсээ л салж болохгүй юм байна гэдгийг олж харсан. Миний амьдрал хэд хэдэн удаа зогсонги байдалд орсон үе бий. Тэдгээрээс би зургаараа л эргэж боссон. Өөрийнхөө сэтгэлийг зургаар эмчилсэн шиг. Бусдын сэтгэлийг зургууд маань эмчлээсэй гэж хүсдэг.

Байршил: Монголын уран зургийн галерей Т.Хулангийн үзэсгэлэнгээс

-Яг ямар хэцүү зүйлсийг туулж, эдгээр бүтээлээр эргэн ирэв?

-Шинэ хүнтэй болж амьдралаа шинээр эхлүүлээд бүх зүйл зогссон. Хүүхдэдээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд Хулан гэдэг ертөнцийг би мартчихсан. Гэтэл хүүхэд маань маш хүнд өвлөө. Удаан хугацаанд хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж, хүнд үеийг туулсан. Тэндээс үхэлтэй нүүр тулсан ч хүн тэвчээрийн утсаа алдахгүй байх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Ингэж явахад минь нөгөөх Хулангийн ертөнц намайг эргүүлж дуудаад байх шиг санагддаг байсан. Олон сайхан хүмүүсийн буянаар амьдрал маань эргээд зөв голдиролдоо орж байна. Одоо санаа зоволтгүй болж байгаа. Үүний хажуугаар би өөрийгөө ялан дийлж таван жил орчим завсарласан уран бүтээлээ хийж эхэллээ.

Тас харанхуй болчихсон байсан. Онгод байхгүй. Авьяас нь байгаад санаа нь орж ирэхгүй байна гэдэг хэцүү юм байна лээ. Гэхдээ ямартай ч зургаа зурсан, бүтээлүүдийнхээ ард гарсан. Буцаад уран бүтээлдээ ороод би ямартай ч өөрийгөө аварлаа гэж бодогдсон.

-Зургийн санаа яаж төрдөг вэ?  

-Чамаас бас нэг өнгө ялгарч байна. Тэнд зогсож байгаа залуугаас бас өнгө ялгарч байгааг би олж хардаг. Би хүний сэтгэлийг маш их хардаг. Тэдгээр хүмүүсийн сэтгэлээр дамжиж бүтээлийн санаа орж ирдэг. Сэтгэлээс гардаг болохоор миний уран бүтээлд ганц зорилго байдаг. Үзэсгэлэнг маань үзсэн хүмүүс жаахан ч гэсэн сэтгэлийн гэгээ, аж жаргалыг мэдрэх.

-Цаашид уран бүтээлчийн хувьд хийхээр төлөвлөсөн ажил байгаа юу?

-Энэ үзэсгэлэнд тавьж чадаагүй нэлээд хэдэн бүтээл байгаа. Сэтгэлдээ дуусгаагүй болохоор дуусгаагүй бүтээлээ хүнд үзүүлэх дургүй учир дутуу санагдаад үзэсгэлэнд авч ирээгүй. Тэр хэдэн зургаа дуусгаад хүмүүний урсгал ч юм уу андын дуулал гэдэг үзэсгэлэн гаргана гэж төлөвлөж байгаа. Хэзээ гэдгээ хэлж мэдэхгүй байгаа ч нэг өдөр гаргана даа.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Хулангийн “Эгшигт хүрдэн” уран бүтээлийн үзэсгэлэнгийн бүтээлүүд:

Зургийг: О.Улсболд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uneheer setgeld hursen yriltslaga bna, uran buteelch hvn iim hatuugaar bosoj ireh ym gj gaihamshigtai. Tanii ohind eruul enh saihan buhniig huseye

Зочин
Зочин

Sain uran buteelchdee demjij bga shvv, zurgiin tsаad setgel zuin aguulga n ilvv medregddeg ym shig sanagdlaa

Зочин
Зочин

Hulan zohiomjtoi setgeltei zuraach yum aa, bi ch bas vr hvvheddee tanii shig setgeltei baihiig husch bna

Зочин
Зочин

Uurt n mash hetsvv zvil tohiolson ch burhan shig ergeed buteeldee irsen ni gaihaltai. Mongol urlagiin huch iim ym daa

Зочин
Зочин

setgel sergeej amidralin hargis turshlaliig uran buteelleeree davj garsand talarhahaar ym bn. Amjilt hvsii

Зочин
Зочин

Tiim l huniig urlagch gj nerleh bdag bh, tuunii amidrald tohiolson hetsvv zvil huniig evdeh bish harin buteeh ym bn

Зочин
Зочин

hulan guai ta bus#ad zorilgo ogoj bn, zuragnuud tanid tusaa uguud irgeded gegee ugdug ym shig

Зочин
Зочин

Shinechlel hiisen zurguud n setgelruu shuud orj irdeg ym shg sanagddag. Bi ochij vzmeer sanagdlaa

Холбоотой мэдээ

Back to top button