Төрийн ордныг хэдхэн хоногт хэрүүлийн, бүлэглэлийн, хорны, бүр архины газар болгож орхилоо

Төв талбай дээр багш нар гороолон жагсаж байна. Улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхээр хүлээгдэж буй. УИХ-ын чуулган өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт огт хуралдаагүй. Өнөөдөр байнгын хорооны хуралдаан дээр 84 төрийн албан хаагч ирсэн ч, асуултад хариулах үүрэгтэй нэг ч сайд суусангүй. Уг нь УИХ төсвөө хэлэлцэх гээд байгаа царай нь энэ.
Ч.Лодойсамбуу гишүүн хэлж байна, “Ийм нөхцөлд сайд нар нь бөөндөө улстөржин мэдэгдэл хийгээд зогсож байна, мэдрэл муутай юм уу?” гэж. Г.Лувсанжамц гишүүн ч “Ах нар эмо байна, үүнийгээ хэзээ болих юм бол доо” хэмээж.
Энэ бол тоглоом биш. Эхлээд Б.Энхбаяр, Д.Амарбаясгалан нар Монголын хууль хяналтын байгууллагыг тэр чигт нь хөдөлгөөнд оруулах, иргэдийн төрд итгэх итгэлийг бужигнуулах түвшний мэдээллийг ээлжлэн дэлгэлцэж байхад асуудал энэ хүрээд зогсоно гэж итгэж байсан. Учир нь тэр үедээ л энэ аль хэдийнэ хүрэх ёстой хэм хэмжээг давчихсан.
Дараа нь Ерөнхий сайд Г.Занданшатар нэг хүнд, нэг хэрэгт, нэг зорилгод нийцүүлж ХЗДХ-ийн сайдыг томилж болдог гэсэн мессежийг ил цагаан шууд өгчихсөн.
Ингээд л Б.Энхбаярыг УИХ дээр тангараг өргөхөөс өмнө Засгийн газрыг огцруулахаар ажиллаж эхэлсэн. Түүнээс нь аль болох урьтаж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийг нь унагах санаачилга дэвшигдсэн.
Нэг ёсондоо хоёр долоо хоногийн дотор төрийн ордонд юу л байна, энд тэнд гарын үсэг цуглуулж, тал бүлэг болон хуваагдаж, бөөр бөөрөндөө наалдан шивгэнэлдсэн хүмүүсээр дүүрчихлээ. Бас ч болоогүй, өрөө өрөөндөө өдөр тутам архи ууж байгаа нь ил тод буй.
П.Сайнзориг Ерөнхий сайдыг огцруулъя гэж гүйгээд, Д.Энхтүвшин УИХ-ын дарга өөрөө ажлаа өгөөд шалгуул гэж давхиад. Дээр нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ухаа худгийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилж, бас гарын үсэг цуглуулаад. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг шалгана гэж мөн түр хороо байгуулах гарын үсэг гуйж яваад, Төрийн ордонд АН-ынхан хүртэл хэрүүл шуугианд чих тавиастай.
Хэдийгээр арай ажил хэрэгчээр байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаандаа сууж байгаа нь АН-ынхан боловч үүсээд байгаа нөхцөл байдлын хайнааг кнопоор хагалах нь бас тэд. Тийм учраас тэдэнд эрх баригч намаас асар хүчтэй саналууд тавигдаж л байгаа, тэр талаар бодоод бас завгүй.
“Өвөл айсуй” гэдэг бил үү. Өнөөдөр намын дотоод асуудал төр хямрах шалтгаан болж байгаа нь хариуцлагатай цаг үед бүгдийг улам дордуулсаар. Оюу толгойн зээлийн хүүг бууруулах, “Онтрэ”-тэй хэлцэлд орох, өвөлдөө түлээ түлш, эрчим хүчнээс авхуулаад бэлдэх, хөдөө орон нутгаарх малчдын амьдралд санаа сэтгэл тавих, гол нь төсвөө баталж аваад дараа дараагийн гол хуулиудаа хэлэлцэж эхлэх гээд ажил хоолой байтугайд тулчихсан. За, хэрэв арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвөө баталж чадахгүй бол УИХ бүр тарах хуультай.
Одоогийн байдлаар энэ долоо хоногийн баасан гараг гэхэд Засгийн газар, УИХ-ын даргын аль нэг огцорлоо ч Ерөнхийлөгч хориг тавих эсэх, араас нь дараагийн кандидат, томилгоо гэх мэтээр үйл явц үргэлжлэх нь гарцаагүй байна. Тийм учраас төсвийг яаран сандран баталж амжлаа ч өвөл рүү шинэ Засгийн газар нь, эсвэл ямар нэг шинэ “бүтэц” нь шууд халуун намрын хувцастайгаа хөл тавиад орчих нь. Энэ горыг иргэд амсана. Тийм хэмжээний хорыг л долоо, долоо хоног дамнан хутгаж байна, МАН.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.