Кристоф Уолз: Надад жүжиглэхээс өөр сонголт ч байгаагүй

“Inglourious Basterds”, “Django Unchained” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал авч байсан алдарт жүжигчин Кристоф Уолз “The Talks” сэтгүүлд өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе.
Ноён Уолз, аливаа кино дүр ямар шинж чанартай байвал та тэр дүрийг бүтээхийг хүсдэг вэ?
Үнэндээ энэ бол огт хамаагүй зүйл. Гол нь үзэгчдэд сонирхолтой байх эсэх нь чухал. Мэдээж би өөртөө сонирхолгүй, надад юу ч өгч чадахгүй дүрийг авдаггүй. Гэхдээ энэ талаар ярих дургүй. Нэг сайхан ресторанд ороод, үнэхээр амттай хоол идлээ гэж бодъё. Тэгээд тогооч нь тухайн өдөр хэр сэтгэл хангалуун байсан, эсвэл ногоогоо хаанаас авсныг мэдэх шаардлагатай гэж үү? Үгүй шүү дээ. Би уран бүтээлийнхээ талаар тайлбарлаж эхэлбэл, өөрийн ажлын ид шидийг үгүй хийнэ гэж боддог. Киноны зорилго бол тайлбарлах биш, харин үзэгчдэд ямар мэдрэмж төрүүлэх вэ гэдэгт л оршдог.
Гэхдээ, жишээлбэл хорон санаагүй сайн талын дүр бүтээх нь танд урам өгдөг үү?
Тийм талаас нь бодож үзэж байгаагүй. Аливаа дүрийг “муу хүн” гэж дүгнэх нь үзэгчийн асуудал, жүжигчний биш. Зарим жүжигчид өөрийн дүрийг тэс өөрөөр ойлгож, яагаад хүмүүс тэднийг муу хүн гэж хардгийг ойлгодоггүй нь их сонирхолтой.
Тэгвэл та өөрийнхөө имижийн талаар ер нь боддоггүй гэсэн үг үү? Холливудын жүжигчин өөрийнхөө үзэмж, имижийн талаар бодохгүй байж болно гэж үү
Үнэндээ мэдэхгүй. Магадгүй ийм эрх чөлөөтэй эдлэх нь ямар ч хүний хувьд боломжгүй байж болох юм. Гэхдээ би өөртөө ингэж тансаглах эрхийг зөвшөөрдөг.

Таны бодлоор хүсэл тэмүүлэлтэй ажиллах нь тансаглал мөн үү?
Өнөө цагт “хүсэл тэмүүлэл” бол бараа бүтээгдэхүүн шиг л зүйл болсон. Хүн бүр л “Хүсэл тэмүүллээ дага, тэгвэл амьдрал чинь утга учиртай болно” гэж сонсож байсан. Гэвч эцэст нь энэ бүгдийн цаана зүгээр л ямар нэг зүйл худалдах гэсэн санаа л байдаг. “Хүсэл тэмүүллээ дага!”, “Өөрийгөө ол” энэ бүгд бол зүгээр л хоосон үг.
Яагаад тэгж боддог юм бэ?
Нэгдүгээрт, хүн бүр хүсэл тэмүүллээ дагаж амьдарч чаддаггүй. Хоёрдугаарт, бүх зүйл хүсэлтэй холбоотой байдаггүй. Гуравдугаарт, хүн бүрд тийм хүчтэй хүсэл байдаггүй, түүнийг хүсээд бий болгож ч болохгүй. Хамгийн гол нь гэвэл хүсэл тэмүүллээ дагахаар амьдрал сайжирна гэсэн баталгаа байхгүй. Ажилдаа шатсан хүсэл тэмлүүлэлгүй байх нь чамд ямар нэгэн зүйл дутагдаад байна гэсэн үг биш.
Гэхдээ таны хувьд жүжиглэх нь хүсэл тэмүүлэл биш гэж үү?
Үгүй ээ. Энэ бол миний ажил, бусад мэргэжлээс ялгарах зүйлгүй. Эмнэлгийн салбар дахь сайн эмч нар агуу урам зоригтой хүмүүс биш, харин тооцоолол сайн хийдэг, тайван хүмүүс байдаг. Харин хэт хүсэл тэмүүлэлтэй эмч нар л алдаа гаргадаг.
Тэгвэл та хүсэл тэмүүлэлтэй жүжигчин байсан бол ямар алдаа гаргах байсан бол?
Хүмүүст “би маш их хүсэл тэмүүлэлтэй хүн” гэж итгүүлэх гэж оролдох байсан байх. Миний бодлоор хамгийн том алдаж болох байсан зүйл бол энэ. Харин миний хувьд бол кино уран бүтээлийн гол зүйл нь түүх, өгүүлэмж. Тэнд мэдээж хүсэл оршиж болно, гэхдээ тэр нь ажлын гол утга биш.
Тодорхой хугацаанд амжилт ололгүй хүнд цаг үеийг туулж байсан. Тэр үед чинь хүсэл тэмүүлэл бус, өөр зүйл л таныг авч явсан гэсэн үг үү?
Тийм ээ. Хүн тийм үед зүгээр нэг зөрүүд зан, амьдрахын тулд зайлшгүй хэрэгцээ, эсвэл тэвчээрээрээ л явдаг. Хүсэл тэмүүлэл хамгийн сайндаа урам хугарахад л хүргэнэ, харин тэсвэр хатуужил өгдөггүй. Тэсвэртэй хатуужилтай байна гэдэг хүсэлтэй байхтай адил биш.

Тэгэхээр та кино урлагийг орхиогүй нь зүгээр л зөрүүд зангийн тань үр дүн юм уу?
Тийм гэж хэлж болно. Би өөрөөр яаж амьдрах вэ гэдгээ мэдэхгүй байсан. Надад жүжиглэхээс өөр сонголт ч байгаагүй. Ер нь ажил, харилцаа, хобби гээд аливаа бүх зүйл нэг цэгтээ хүрэхэд хүсэл тэмүүлэл биш, харин тууштай байдал л урагшлахад тусална
Тэгвэл тийм тууштай занг сурах боломжтой юу?
Боломжтой. Зүгээр л орхилгүйгээр, үргэлжлүүлээд бай. Гэхдээ энэ нь хэцүү, ихэнх хүн тууштай байж чаддаггүй. Харин хичээж чадвал, тэр нь л жинхэнэ тэвчээр юм.
Тэгвэл танд ямар нэгэн “хүсэл” байдаг уу?
Сайн кинонд л хүсэл тэмүүлэлтэй ханддаг.
Сүүлд өөрөө дүр бүтээгээгүй, ямар кино үзээд таалагдсан бэ?
Би өөрийнхөө тоглосон киног ер нь үздэггүй, юу гардгийг нь хэтэрхий сайн мэддэг болохоор. Надад таалагддаг тодорхой жанрын кинонууд бий. Жишээлбэл “Noir” кино. Хуучны кинонууд их таалагддаг. 1950–60-аад оны Италийн инээдмийн кинонууд надад таалагддаг. Сүүлийн үед Хэл Эшбигийн бүтээлүүдийг үзэж байгаа. Түүний кинонд хүний амьдрал, ертөнцийг тун нарийн тусгаж өгсөн мэдрэмж байдаг, тийм зүйлсийг орчин цагийн киноноос үгүйлдэг. Сайн кино бол үнэхээр сайн. Тийм киног би таны хэлдгээр чин сэтгэлээсээ үздэг.
Эх сурвалж: The Talks
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.