Нобель 2025: Ласло Краснахоркайн "Сатантанго" романаар 7 цагийн кино бүтээж байжээ

Энэ жилийн Утга зохиолын Нобелын шагналыг 71 настай Унгар зохиолч Ласло Краснахоркай хүртлээ.
Тэрбээр "Сүйрэл гамшгийн үеийн айдас дунд урлагийн хүчийг дахин тунхаглаж, уншигчдад гүн нөлөөлөх алсын хараатай бүтээлүүд туурвисных нь төлөө" утга зохиолын Нобелын шагналын эзэн болсон юм. Тэрбээр 1954 онд Унгарын зүүн өмнөд хэсэгт, Румын улсын хилийн ойролцоох Гюла хэмээх жижиг хотод төрсөн аж.
Л.Краснахоркай 1985 онд хэвлэгдсэн анхны роман болох "Сатантанго" романаараа уран зохиолын тавцанд гарч ирсэн юм. Тус ном нь коммунизм нуран унахаас өмнөх үеийн Унгарын хөдөөх тосгоны хүмүүсийн цөхөрсөн ахуйг гаргуун дүрсэлсэн роман гэгддэг. Уг зохиолоор 1994 онд долоон цаг үргэлжлэх кино бүтээгдэж байжээ. Уг киног 1994 онд Берлиний кино академи “Энэ кино бол Белла Таррын өвөрмөц хэв маягийн хамгийн тод илэрхийлэл бөгөөд хар цагаан дүрс бүхий зураглалаар, орчныг удуушруулан харуулсан нь цаг хугацааны мэдрэмжийг сэтгэл татам илэрхийлсэн” хэмээжээ.
Мөн "The Melancholy of Resistance" хэмээх бүтээл нь 300 хуудас дамнан үргэлжлэх нийлмэл өгүүлбэрийн бүтцээрээ алдартай аж. Тэрчлэн түүний бүтээлүүд нийгмийн нуран унаж буй дэг журам, дотоод хямрал, хүний оршихуйн гүн дэх цөхрөлийг хөнддөгөөрөө онцлоготой.
1989 онд хэвлэгдсэн Эсэргүүцлийн уйтгар гуниг, 1999 онд хэвлэгдсэн Дайн ба дайн романууд нь ихээхэн алдартай бөгөөд зохиол дахь урт, угсармал, орооцолдсон өгүүлбэрийн бүтэц нь түүний "нэрийн хуудас" мэт болсон байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.