НИЙГЭМ

Иргэд: Багш нар цалингаа 3.5 сая болгохоор ажил хаялт зарлах гэж буйг дэмжиж байна

Маргааш буюу энэ сарын 16-ны өдөр Нийслэлийн хэмжээнд 78 сургууль, 160 гаруй цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж буй багш нарын ажил хаялтыг иргэд дэмжиж буй эсэхийг тодрууллаа.

Иргэд,

Багш нарын жагсаалыг дэмжиж байгаа. Би ЕБС-ийн дөрвөн хүүхэдтэй. Эцэг эхчүүдээс санал асууж, гарын үсэг зуруулаад эхэлсэн байна билээ. Жагсаалыг дэмжиж гарын үсгээ зурсан. Хэдийгээр тодорхой хугацаанд хүүхдүүдийн хичээл хоцрогдол үүсэх эрсдэлтэй. Зарим хүмүүсийн зүгээс хүүхдийн боловсрох эрхээр барьцаалсан жагсаал хийх гэлээ хэмээн шүүмжилж байна. Гэхдээ алсаа харвал жагсах нь зөв.

Би ч гэсэн төрийн албан хаагч. Цалин хөлс ямар шатлалаар хэрхэн олгогдож явдгийг сайн мэднэ. Өргөн хэрэглээний барааных нь үнэ долоо хоног бүр өсдөг оронд тийм бага цалингаар аж амьдралаа авч явах ямар ч боломжгүй.

Багш нар цалингаа 3.5 сая болгох хүртэл жагсахаа илэрхийлээд байгаа. Иргэн хүний зүгээс харахад зөв л гэж бодож байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар байгаа билээ дээ. Бага цалин авна, ачаалалтай ажиллана. Яаж ч бодсон цалинг нь нэмэх хэрэгтэй. Би ЕБС-д сурдаг нэг зээтэй. Одоогоор багш нь жагсаалд оролцохоо бидэнд илэрхийлээгүй байна. Гэхдээ жагсана гэвэл хамгийн түрүүнд дэмжинэ. Багш нар ажил хаялт зарлавал хичээлийн хоцрогдол үүсэх нь мэдээж. Тийм учраас хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг удаан үргэлжлүүлэхгүйн тулд төр оновчтой шийдэл гаргана гэдэгт найдаж байна.

Багш нараас гадна тэтгэврийн хөгшчүүд хэцүүдэж байна. 600 гаруй мянган төгрөгөөрөө эм тариа, мах, сүүгээ ч авч чаддаггүй. Хүүхдүүдээсээ гуйх хэрэгтэй болдог. Тиймээс төр засаг хуваагдаж, талцахынхаа оронд ард түмнээ бодсон шийдвэр гаргаасай. Үнэхээр чадахгүй бол суудлаа тавиад өгөөсэй.

Багш нар цалингаа нэмүүлэхээр жагсана гэсэн. Би дэмжиж байгаа. Олон цагийг бидэнд зарцуулж, хөдөлмөрлөдөг хэр нь маш бага цалин авдаг юм байна билээ. Цаг хугацааны хувьд ч гэсэн боломжтой. Удахгүй бие даалтын долоо хоног эхлэх гэж байгаа учир энэ өдрүүдэд жагсаалаа үргэлжлүүлж, үр дүндээ хүрээсэй гэж бодож байна.

Багш нар ажил хаялт зарлаж байгаа нь зөв. Хувийн сургуулиудын багш нарын цалин сайн л байдаг байх. Гэвч Улсын сургуулийн анги дүүргэлт ямар билээ дээ. Бодит ачаалалтай нь харьцуулахад маш бага мөнгөөр ажил эрхэлж буй шүү дээ. Зарим хүмүүсийн зүгээс хичээл хоцрогдол үүснэ хэмээн жагсаалыг эсэргүүцэж байгаа харагдсан. Гэсэн ч урт хугацааны аж амьдралаа бодвол цалингаа нэмүүлэхээр жагсаж буй багш нарын зөв. Ач зээ нар маань ЕБС-д сурдаг. Хэрэв багш нар нь жагсаалд нэгдэнэ гэвэл би дэмжинэ.

Багш нарын жагсаал удаан үргэлжилбэл хичээлийн хоцрогдол үүснэ гэгдэж байна. Дан ганц жагсаал гэхээс илүүтэйгээр өдөр тутам л хүүхдийн хичээл хоцрогдол явагдсаар ирсэн. Өнгөрсөн жил 40 хүүхэд нэг ангид сурч байсан бол энэ жил 50 болоод нэмэгдсэн. Нэг цагийн хичээл багш заалаа гэхэд 50 хүүхдийн хэдэд нь хүрч ажиллаж чадах вэ гэдэг эргэлзээтэй.

Багш нарын цалин бага байгаа нь үнэн шүү дээ. Бид боловсролдоо хөрөнгө оруулахгүй бол яагаад ч хөгжихгүй. Тийм учраас багш нар цалингаа нэмэгдүүлэхийн тулд ажил хаялт зарлаж байгаа нь зөв. Цалин бага байгаатай холбоотойгоор багш мэргэжлээр төгсөгчид мэргэжлээрээ ажиллахгүй, дийлэнх нь гадны орон руу явж байна. Хэрэв цалин хөлс нь амьдралд хүрэлцээтэй байвал төгссөн мэргэжлээрээ ажиллаад явах нь мэдээж шүү дээ.

Би ЕБС-д сурдаг хүүхэдтэй. Багш нар нь жагсаалд оролцохоор эцэг эхчүүдээс санал асуугаад эхэлсэн байна билээ. Би дэмжсэн. Тодорхой үр дүндээ хүрээсэй гэж бодож байна.

Багш нар хэдийг хүртэл түмний хүүхдийн төлөө гэж өөрсдийгөө орхиж, бага цалингаар ядруу амьдрах юм бэ. Хийсэн ажлынхаа хөлсийг хангалттай хүртдэг байдал руу шилжих хэрэгтэй. Манай Улс ядуу орон биш. Тиймээс багш нарын цалинг нэмэхэд нэг их асуудал үүсэхгүй гэж бодож байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Surgaar ni yumnii une nemegchihsen bn

Холбоотой мэдээ

Back to top button