Алтны үнэ 2020 оноос хойш үзэгдээгүй уналтад орлоо

Алтны үнэ мягмар гарагт /2025.10.21/ сүүлийн таван жилд үзэгдсэн хамгийн огцом уналтад орсон байна. АНУ бодлогын хүүгээ бууруулж, эрсдэл багатай хөрөнгөнүүдийн эрэлт нэмэгдсэн тул тус үнэт металлын ханш түүхэн дээд хэмжээнд хүрээд байсан юм.
Даваа гарагт /2025.10.20/ унц алтны үнэ 4,381.21 ам.доллар хүрч, энэ он эхэлснээс хойш 60 хувиар өссөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар /2025.10.22/ унц алтны үнэ 4,092 ам.доллар буюу 5.76 хувиар буурчээ. Хөрөнгө оруулагчид ашгаа авахын тулд алт их хэмжээгээр худалдсан нь ийнхүү үнэ унахад хүргэв.
Бие даасан металл арилжаач Тай Вонг “Өчигдрийг хүртэл алтны ханш бага зэрэг унасныг хөрөнгө оруулагчид худалдан авах замаар үнэ өсгөсөн. Гэхдээ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн алтны ханш сүүлийн долоо хоногт огцом хэлбэлзсэн нь аюулын дохио болсон. Энэ нь хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашгаа авах арилжаа хийхэд түлхэж болж магадгүй” гэжээ.
АНУ-ын засгийн газар тэг зогссоныг удахгүй шийдэх магадлалтай байгаагаас гадна БНХАУ, АНУ худалдааны гэрээний талаар мэдэгдэл хийх төлөвтэй учир алтны үнэ ирэх долоо хоногуудад нэмэгдэнэ гэж “Citi” фирмийн шинжээчид үзсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.