Трампын Азийн орнууд дахь айлчлал: Ши Жиньпинтэй уулзаж магадгүй нь анхаарал татаж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн сүүлээр Ази руу айлчлах гэж байна. Тэрбээр энэхүү айлчлалаараа дамжуулан томоохон асуудлуудыг шийдэж чадна гэж найдаж байгаа юм. Энэ нь Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш Азид хийж буй анхны айлчлал болно.
Ази дахь айлчлалаар нь дэлхийн эдийн засгийн ирээдүй шийдэгдэх боломжтой. Учир нь Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй БНСУ-д уулзана. Тус уулзалтаар хоёр орны худалдааны зөрчлийг намжааж чадвал дэлхийн эдийн засгийн чиг хандлагад эергээр нөлөөлж магадгүй. Харин нэг л буруу алхам хийвэл Трампын татварын бодлого, улс төрийн тоглолтоос цохилт амссан Америкийн аж үйлдвэрийн салбаруудад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Цаашлаад дэлхийн хэмжээнд энэ нөлөө нь мэдрэгдэнэ.
Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ явуулсан бодлогууд заримдаа амжилт авчирч, заримдаа бүтэлгүйтсэн. Тухайлбал Хамас барьцааны хүмүүсийг сулласан ч гал зогсоох хэлэлцээр эмзэг хэвээр байна. БНХАУ-ын эсрэг эхлүүлсэн худалдааны дайн нь хурцдан намжсан байдлаар үргэлжилсэн. Харин Украины дайн Трампын хүчин чармайлтаас үл хамааран намдах шинжгүй.
Ази дахь айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл Цагаан ордон өгөөгүй учир тодорхой бус байдал үүсээд байгаа юм. Айлчлах улсуудын бүрэн жагсаалт байхгүй. Даваа гарагт /2025.10.20/ Трамп хэлэхдээ Малайзад болох бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэсэн. Дараа нь гадаад хөрөнгө оруулалт татах зорилгоор Япон улсад айлчлахаар төлөвлөснөө мэдэгдсэн юм. Тэр хамгийн эхэнд айлчлах улс болох Малайзад ням гарагт /2025.10.26/ газардах төлөвтэй байна.
Мөн тэрбээр БНСУ-д айлчилж, худалдаатай холбоотой хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Тэд Трамп Ши Жиньпинтэй уулзана гэж найдаж байгаа. Гэвч Бээжин уг уулзалтыг албан ёсоор батлаагүй, хоёр удирдагч сүүлийн үед гаалийн татвар болон экспортын хязгаарлалтын талаар бие биедээ анхааруулга өгсөн.
Трамп ням гарагт /2025.10.19/ “Би Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй маш сайн харилцаатай” гэж хэлсэн. Тэр мөн гаалийн татвараа бууруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч “Тэд бас бидэнд тодорхой зүйлс өгөх хэрэгтэй” хэмээсэн юм. Үүнд АНУ-аас шар буурцаг худалдан авах, фентанил үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдийн урсгалыг хязгаарлах, өндөр технологийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай ховор элементүүдэд тавьсан хязгаарлалтыг цуцлах зэрэг асуудал орно.
Трамп тодорхойгүй байдал үүсгэх дуртай. Тийм нөхцөл байдал үүсгэх дуртай хүний хувьд ч гэсэн энэ удаагийн нөхцөл байдал илүү хачирхалтай байгаа аж. Вашингтонд төвтэй “German” удирдах захирал Бонни Глейзер “Энэ айлчлал анхнаасаа л тодорхойгүй шинжтэй байсан” гэж хэлжээ.
Трамп Азийн удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзсан. Гэхдээ бусад тивийн удирдагчидтай тогтоосон шиг харилцааг Азийн орнуудтай хараахан бүрдүүлж амжаагүй байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Анна Келлигээс айлчлалын төлөвлөгөөний талаарх асуултуудад “Тэр Азид хурал, арга хэмжээнд оролцож, манай улсын хувьд олон ашигтай хэлэлцээр байгуулах болно. Хүлээж байгаарай, сонирхолтой зүйлс болно” гэсэн юм.
Трамп Азийн орнуудад баримталж буй бодлого нь шударга бус гэж үздэг худалдааны тогтолцоог өөрчлөх. Үүний тэр тулд гаалийн татварыг ашиглаж байгаа Гаалиын татварын улмаас АНУ-ыг экспортын хамгийн том зах зээлээ гэж найдаж ирсэн Азийн орнууд түгшээд байна.
Тэр Ши Жиньпинтэй хийж магадгүй уулзалт зарим хүмүүсийн сэтгэлийг зовоож байгаа. Хоёр удирдагч үзэл бодлын зөрчлөө шийдэж чадахгүй бол дэлхийн эдийн засгийг донслох аюултай.
Глейзер “Түүний Азид айлчилж буйг хүмүүс нааштайгаар хүлээж авах нь тодорхой. Гэхдээ энэ нь бүс нутагт үүсээд буй эргэлзээ, түгшүүрийг бүрэн намжаах хэмжээнд хүрэхгүй” гэж хэлжээ.
Трамп анхны бүрэн эрхийнхээ үетэй харьцуулахад гадаад бодлогынхоо багийг эрс цөөлсөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн уламжлалт бүтцийн оронд тэр өөрт нь үнэнч цөөн тооны хүмүүсийг томилсон.
Ерөнхийлөгч асан Жо Байдены үед Хятадын талаарх бодлого ажиллаж байсан Руш Доши “Ийм төрлийн ажил гүйцэтгэх хүн Цагаан ордонд одоо бараг байхгүй. Үүний улмаас АНУ урьд өмнө байгаагүй тодорхойгүй нөхцөл байдалд орсон” гэжээ. Ерөнхийлөгч асан Жорж Бушийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Майкл Грин “Трампт Азийн талаар тодорхой стратеги хараахан байхгүй. Тэр Азийн орнуудын хувьд ямар байр суурь илэрхийлэхийг нь хүн болгон л хүлээж байна” гэж хэлсэн юм.
Трампын энэ тодорхойгүй хандлага ямартай ч үр дүн үзүүлж байна гэж зарим шинжээч дүгнэжээ. “Heritage Foundation”-ийн олон улсын эдийн засаг судлаач Энтони Ким “Япон, Өмнөд Солонгос хоёр Трампын захиргаатай хамтран ажиллаж, харилцаагаа бататгахыг хүсэж байна. Тэр хоёр орны илэрхийлээд буй гол санаа нь “Суугаад ярилцъя, нарийн ширийн зүйлсийг тохиролцож гэрээ байгуулцгаая” юм” гэж хэлжээ.
Эх сурвалж: Associated Press












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud