Япончуудын анхаарлыг татаж буй хамгийн залуу сайд Кими Онода гэж хэн бэ

Япон улсын Эдийн засгийн аюулгүй байдал, Шинжлэх ухаан ба технологийн бодлого, Оюуны өмчийн стратеги хариуцсан сайд Кими Онода нь өөрийн улс дахь гадны иргэдийн зөрчил, хууль бус үйлдлийг бууруулахын тулд илүү хатуу, шийдэмгий бодлогууд явуулна гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Зарим гадаадын иргэдийн гэмт хэрэг, эмх замбараагүй байдал гаргах, төрийн нөөц бололцоог зохисгүй ашиглах нь япончуудын дунд түгшүүр, шударга бус байдлыг бий болгож байна гэх мэдрэмж төрүүлэх болсон” хэмээн сайдад томилогдсоныхоо дараа буюу 10-р сарын 22-нд өгсөн хэвлэлийн хурлынхаа үеэр хэлжээ.
Мөн “Хууль дүрмийг үл сахиж байгаа гадны иргэдэд хатуу хариуцлага тооцох, өнөөгийн нөхцөлд нийцэхгүй систем, бодлогыг шинэчлэхэд холбогдох газруудтай нягт хамтран ажиллаж, Засгийн газрын түвшинд цогц хэлэлцүүлгийг хийнэ” гэсэн юм.
Японы шинэ Засгийн газар нь Ерөнхий сайд Санаэ Такаичигийн консерватив үзэл баримтлалыг ил тод илэрхийлсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдний нэг нь Кими Онода юм. Түүний энэ эрс шийдвэрүүд нь япончуудын анхааралд өртөх болов.
Онода нь өдгөө 42 настай бөгөөд Такаичигийн танхимын хамгийн залуу сайд, АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод төрж, нэг настайдаа Японд ирж Окаяама мужид өсчээ. Тэр америк аав, япон ээжтэй. Токио хотын Такүшоку их сургуулийн төгсөж, хувийн сургалтын төвд багшилж ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд сэтгүүлч, редактор, олон нийттэй харилцах ажилтан зэрэг ажлуудыг хийж байжээ.
Мөн тоглоом хөгжүүлэлтийн нэгэн компанид ажиллаж байгаад Токиогийн Кита дүүргийн хурлын гишүүнээр сонгогдож, хоёр дахь бүрэн эрхийнхээ үед парламентад нэр дэвшихээр огцорсон бөгөөд 2016 оны сонгуулиар анх удаа парламентын дээд танхимд сонгогдсон.
Энэ цагаас эхлэн тэр гадаад иргэдийн хууль бус оршин суух, ажил эрхлэх асуудлыг голлон анхаарч, хөндөж ирсэн юм.
Такаичи Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа ур чадвартай, мэргэжилтэй гадаад ажиллах хүчийг саадгүй хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх, оршин суух зөвшөөрлийн хяналтыг чангатгах, аялал жуулчлалд тулгуурласан эдийн засагтай улс орны шаардлагад нийцсэн цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.