Нийгэм ярилцлага

МУГЖ Ө.Наранбаатар: Ээж минь намайг "Жүжигчин болно" гэдэг байсан ч, тэнцчихээд очиход сонсож амжилгүй бурхан болсон

Хэдхэн хоногийн өмнө түүнийг "Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнахаар боллоо" гэдэг мэдээ хаа сайгүй цацагдаж, олон мянган хүн баяр хүргэлээ. Тэртээ 1991 оноос МҮОНТ-ээр үзэгч бидэнтэй дуу хоолойгоороо уулзаж эхэлсэн энэ эрхэм өдгөө 30,000 кинонд дуу оруулаад байна. Түүнийг мэдэхгүй, танихгүй телевиз үзэгч, кино үзэгч бараг л үгүй. Үүний дээр өгүүлэхүйн урлагийн тод өнгө болж, 20 орчим жил "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын тайзнаас уншигч, сонсогчидтойгоо уулзаж, сонорыг нь мялаасаар буй. Ингээд дуу хоолойгоороо нүдлэгдэж, аль хэдий нь ард түмний гавьяат болсон нэрт дуу оруулагч, жүжигчин Ө.Наранбаатарыг уншигч тантай уулзуулж байна.


-Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги таныг элсдэг жил одоогийн СУИС-ийн харьяанд очиж байжээ. Ингэж СУИС-ийн анхны элсэгч болж, бүр сургуулийнхаа хаягийг та хадаж байсан юм байна лээ. Тэр цаг хугацаанаас яриагаа эхэлье?

-Үнэн л дээ. 1990 оны намар юм. Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийн элсэлтэд тэнцэж, наймдугаар сарын 20-нд сургуульдаа ирлээ. Тэр хавиар жүжигчний ангийн хүүхдүүд байна уу гэж хайгаад л. Гэтэл тэндээс нэг цагаан хослолтой залуу л намайг хараад байна. Удалгүй над руу ирээд “Чи жүжигчний ангид орсон хүүхэд үү” гэж байна. Би ч өө тийм л гэлээ. Нөгөө залуу маань бас жүжигчний ангид орж байгаа болж таараад танилцлаа. Ингээд ангийнхнаа хүлээгээд, юм яриад зогсож байтал нэг хүн гарч ирээд яриа хийв. 

“Улсын багшийн дээд сургуулийн жүжигчин, хөгжимчин, дуулаачийн анги нүүхээр болсон. Нэгдүгээр курст элсэхээр ирсэн хүүхдүүд байна уу” л гэж байна. Бид нар ч байна гээд л. Тэгтэл “та нар одоо нүүлгэнэ дээ, хуучин гурван яам байсан барилга руу. Барилгачдын соёлын ордон гэдэг юм. Тийшээ нүүлгэнэ ээ. Тэнд Соёл урлагийн дээд сургууль гэж байгуулагдаж байгаа. Тэр сургуульд та нар анхны оюутнууд нь болж элсэнэ дээ” гэв. Ингэж л бид одоогийн СУИС-аа нүүлгэж байлаа. Нүүлгэж дуусчхаад нэгдүгээр курсийнхэнтэйгээ танилцаад, ангиа хүлээж аваад, ангийнхаа цонхыг хүртэл угаагаад хичээлийн шинэ жилийнхээ нээлтэд бэлдээд л. Ингээд бүгд бужигналдаж байтал нэг хүн хадаас, алх, хаяг бариад гараад ирлээ. Бид нар ч гүйгээд очлоо. Тэр олон оюутнууд дундаас багшийн дээдийн гадаа танилцсан нөгөө залуу бид хоёрыг дуудаад “энэ хаягийг хадна шүү” гэв. Хартал Соёл урлагийн дээд сургууль гэж бичсэн хаяг байсан. Тэгээд найзынхаа шатыг түшиж өгөөд чи эхлээд нэг хадаасаар нь хад. Би нөгөө хадаасыг нь хадъя гээд анх бид хоёр хадаж байлаа.

-Тухайн үед юм бүхэн нь л сонин байв уу?

-Эхлээд жүжигчний ангийн хүүхдүүдтэйгээ танилцаж байгаа юм. Газар газраас л ирцгээсэн, жүжигчин болох ижил мөрөөдөлтэй хүүхдүүд. Манай ангид тэр кино, тийм жүжигт тоглосон хүүхэд орсон байна гэж яриад л. Энэ ярианууд их сонин. Багш нар нь дандаа Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин цолтой ийм сайхан хүмүүс байна гэцгээгээд, харж бахархаад л. Тийм л орчин байсан. Бид дэлгүүрийн лангуун дээр давс л байх үеийн оюутнууд шүү дээ, их өлсөнө. 1990-ээд он, зах зээл шилжиж байсан үе. Талбай дээр хүмүүс өлсөж байна гэнэ ээ, хичээлээ тараад очиж харья гээд гүйнэ. Картын бараанд орчихсон, айлууд өнжөөд хоёр талх авдаг байсан тийм л цаг хугацаа. Гэхдээ оюутнууд хоёр жил стипенд гэж авсан. Бас ч гэж азтай. 

-Хэд орчим төгрөг вэ?

-Тухайн үедээ боломжийн, боломжийн. Автобус нэг төгрөг байсан үе л дээ. Тэгээд бид нарыг гуравдугаар курст орох жил нөгөө айхтар тогтоол гарч, сургуулиуд төлбөртэй болж эхэлсэн. 1993 он юм байна. 

-Та жүжигчин мэргэжлийг өөрөө хүсэж сонгоогүй юу. "Ээжийн минь хүсэл байсан" гэж таныг хаа нэгтээ ярьсныг би үзсэн юм байна?

-Би сургуульд байхдаа дуулчихдаг, шүлэг уншчихдаг, урлагийн үзлэгээ аваад гарчихдаг тийм л хүүхэд байсан. Шинэ жилээр сургуулийнхаа алиалагч болчих жишээний. Гэхдээ жүжигчин болно гэж зүрх сэтгэлдээ боддоггүй байсан. Мөрөөдөөд ч гэдэг юм уу алсын дуудлага байгаагүй. Ээж маань дөрөв, тавдугаар ангиас эхлээд гадаад, дотоодын олон ном өгч уншуулсан. Гэрийн номын сан дээр “Номтой нөхөрлө” гээд оёдлоор бичээд тавьчихдаг байлаа. “Миний хүү урлагийн хүн болно доо, урлагийн хүн болох ёстой” гэдэг байсан юм. Харамсалтай нь жүжигчний ангид тэнцээд очиход сонсож чадалгүй бурхан болчихсон. Харамсаж явдаг. 

-Та өөрөө ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог байв?

-Аравдугаар ангиа төгсөх жил Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын  ангийн жүжигчний хувиар ирсэн. Ангийн дарга “ийм зарлал театрын үүдэнд гарчээ, Наранбаатараа очоод шалгалт өгчхөөч” гээд. Би үгүй, Төмөр замын темст явна аа гээд л. Дотроо урлагийн хүн болохгүй, төмөр замын л хүн болно гээд бодчихсон. Миний аав төмөр замд насаараа жолооч хийсэн. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон, ахмад дайчин хүн байсан л даа. Би айлын бага, гурван ах, нэг эгчтэй. Гурван ах маань гурвуулаа шахуу аавын мэргэжлийг эзэмшиж, төмөр замд жолооч хийсэн. Айлын бага учраас ах нараа хараад төмөр замын хүн л болно гэж боддог. Бүр ОХУ, Москвад очиж суралцана гээд шийдчихсэн байсан. Тийм болохоор ангийн даргад зөвшөөрөөгүй хэрэг. Гэтэл ангийн дарга багшид хэлнэ гээд. Багш ч намайг ятгаж дийлэлгүй захирлаар хэлүүлэв ээ. Захирал хэлсэн учраас очоод, бүртгүүлээд, гурван шатны шалгалтаа өгөөд тэнцчихсэн. Шалгалт авсан улсуудад аав ээжээс гэх юм уу, байгалиас заяасан гэх юм уу авьяас харагдсан юм байгаа биз. Ингээд Орос руу төмөр замын сургуульд явна гэж бодож байсан хүүхэд дотоодынхоо урлагийн том сургуульд сурахаар болсон доо. 

-Телевизийн кинонд дуу оруулдаг, цалинтай оюутан байлаа-

-Жүжигчний мэргэжил эзэмших болсон нь ийм учиртай байжээ. Дуу оруулагч жүжигчин болсон түүх бас л сонин болов уу. Анх “Зутантай банш” гэж кинонд дуу оруулсан юм аа даа. Тэндээс л одоогийн бүхэн эхэлж гэж ойлгосон. Тэр үеийн дурсамжийг сөхвөл?

-Заа бараг тийм шүү. СУИС-д сурч байхад манай ангийнхныг багш нар дадлагад гаргана гээд. Тухайн үеийн жүжигчний ангийн оюутнууд дадлагаа голцуу театрт л хийнэ. Харин тэр жил анх удаа радио, телевизэд дадлага хийлгэсэн юм. Ингэхдээ 20 гаруй хүүхдийг хоёр хувааж нэг хэсгийг нь радио, нөгөө хэсгийг телевиз рүү хуваарилсан. Би ч их азтай, телевизэд хуваарилагдсан. 1992 оны намар. Гээд очтол нөгөө алдартай нэвтрүүлэгчид чинь тэнд байж байна даа. Алдарт нэвтрүүлэгч Б.Цэенханд гуай, Ж.Батбаяр ах, Д.Нарантуяа эгч, Ж.Бямбаа эгч гээд л бүгд гавьяатууд. Залуучуудаас манай Ш.Бямбацогт, Б.Гантигмаа, Б.Уранчимэг  нар байсан. Тэр үед залуудаа ордог байлаа шүү дээ. 

Тухайн үед телевизээр хүүхдийн амралтад зориулаад намар 10 дугаар сард телевизийн хөтөлбөрийн дагуу кино гардаг. Тэр кино нь Германы телевизийн олон ангит кино “Банштай зутан”. Тэр кинон дээр шууд дүр хуваарилаад, чи энэнд нь дуу оруулна шүү гээд дадлага эхэлсэн дээ. Үнэндээ ч мэдэхгүй шүү дээ.

-Гол нь шууд уншдаг байсан гэл үү?

-Тийм ээ. Нэвтрүүлэгчид,” та нар жүжигчний ангийн оюутнууд учраас багцаагаа мэднэ” гээд л шууд эхэлсэн. Мэдээж ганц, хоёр юм хэлнэ л дээ. “Урд өдөр нь маргааш гарах ангиа сайн үздэг юм. Орчуулагчийн орчуулга ирнэ. Орчуулга дээрээ үгийн тэмдэглэгээ хийгээд явдаг юм. Зогсоц ингэж авна” гээд л заана. 

Тэр үед телевизэд дуу бичлэгийн студи байгаагүй юм. Киног бичдэггүй, эфирт орон даяар шууд уншдаг байсан.

-Дүрс явлаа, араас нь уншлаа?

-Тийм ээ, оройны мэдээ дуусаад 9 цаг 30 минутын кино эхлэхэд студи дотроо сууж байна. Эхлээд дуусах хүртэл дагаж уншина, дуугаа оруулна. Сандарч айгаад, хар хөлс цуваад л гарч ирдэг байсан сан. Бөөн юм болно шүү дээ. Гараад ирэнгүүт Б.Цэенханд нэвтрүүлэгч багш маань загнана, ингэ тэг гээд зөвлөнө. Маргааш нь ахиц гаргах гээд хичээнэ. Өдөр нь киногоо дахин дахин үзнэ. Ингэсээр байгаад кинонд дуу оруулах тэр амт шимтэд орчихсон. Дадлага хийж байхдаа л орчихсон. Дадлага дуусаад буухад багш нарт “танай энэ Наранбаатар гэж хүүхдийг авна аа” гэж хэлсэн. Багш нар ч зөвшөөрлөө. Ингээд хичээлдээ суухынхаа хажуугаар телевиз рүү гүйнэ, киногоо уншина, телевиз цалин өгнө. 

-Энэ мэдрэмж бол хачин сайхан биз?

-Хөдөлмөрөө үнэлүүлээд цалин авна гэдэг гоё байхгүй юу. Цалинтай оюутан байлаа шүү дээ /инээв/.

-Их мөнгө үү?

-Тухайн  үеийн мундаг л мөнгө байсан даа. Нэг кино уншихад овоо мөнгө авна. Сард нэгээр тогтохгүй 10, 20 кино уншина гэхээр их мөнгө. Оюутан залууд хангалттай. Цалингаа аваад баярлаад л давхичхаж байгаа юм чинь. 

-Та сургуулиа төгсөөд шууд телевиз рүү очоогүй байх. Хүүхэлдэйн театрт хоёр жил ажилласан уу?

-Төгстлөө киногоо уншсан. Төгсөөд их хөгжилтэй юм болсон. Телевиздээ дуу оруулж сууж байгаад Улсын драмын театр руу очмоор санагдаад болдоггүй. Багш маань театр руу хэдэн хүүхдийн нэр өгсөн. Тэр дунд миний нэр яваа гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд л асууя гэж бодоод очлоо. Хаягийг нь сайн харалгүй булангийн нэг хаалгаар давхиад орчихсон. Драмын байшингаа бол мэдээд байгаа юм. Яваад ортол жижүүр нь “дээр хоёр давхарт шалгалт авч байгаа” гэж байна. Тэгээд дээшээ гартал шалгаруулалт ч болж байна аа. Дугаарлаж байгаад л орлоо. Миний нэр энд байгаа даа гэтэл чи хэн багшийн ангийг төгссөн юм л гэж байна.

Би ч СУИС-ийг төгссөн, Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн анги л гэлээ. Тэгтэл шууд авна гээд авчихлаа. Би ч баярлаж гараад, үеийнхэнтэйгээ ярьж байтал нэг л биш болоод явчихлаа шүү. Хүүш энэ ямар театр юм бэ гэтэл “Хүүхэлдэйн театр шүү дээ” гэдэг юм. Тэгээд яах вэ дээ, нэгэнт орчихсон хойно 1996 он хүртэл хоёр жил ажилласан даа. Энэ хоёр жил том, том зохиолчдын олон арван хүүхдийн бүтээлд тоглосон. Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиол “Хуруун чинээ хаан”, алдарт найруулагч А.Чойсон гуайн найруулсан “Наран гэрэлт дагина” жүжгийн гол дүр гэхчлэн дурдвал олон л доо. 

Хүүхэлдэйн театрынхан маань дөнгөж төгсөөд ирсэн залуу хүн болохоор тэгсэн юм уу их дэмнэж, урам өгч багт хүүхэлдэйн төрлийн “Леопольд муур” жүжгийг өөрөө найруулаад, нохойны дүрд нь тоглохыг дэмжсэн. Энэ жүжгийг тайзнаа тавьж, хүүхдүүдэд хүргэсэндээ баярлаж явдаг. Театрт байхдаа их ч зүйл сурсан. 

-МУГЖ цолоор шагнахаар болсон гэдэг мэдээг сонсоод ижий, аав минь амьд байсан бол гэж л бодогдсон-

-Телевиз рүүгээ очсон уу, энэ хоёр жил?

-Олон гүйсэн. Театрт байхад телевиз рүү гүймээр санагдана. Очиж кинондоо дуу оруулах гээд л…

Нэг өдөр хүмүүсийн сайн мэдэхээр “Буратино”-д тоглосон алдарт жүжигчин Н.Норолхоо эгч маань “миний дүү дуудлага, театрын юман дээр хоцроод, телевиз рүүгээ гүйгээд кинондоо дуу оруулах гээд байх. Сэтгэл чинь болохгүй шууд шийд гаргаад, нэг юмаа сонго, яв” гэж зөвлөсөн. Би ч баярлалаа эгчээ, телевиз рүү явлаа гээд Хүүхэлдэйн театраасаа гарч байлаа. Хүний хувь тавилан их сонин. Би одоо хүртэл баярлаж явдаг. Намайг энэ хүүхэд кино руу явах гээд байна, кинонд л дуу оруулах гээд байна даа гэж мэдэрсэн байгаа юм. Ингэж телевиз рүүгээ очоод тэр чигтээ кинонд дуу оруулдаг болсон доо. 

-Сэтгэл хоёрдохгүй амар болосн байх. Таныг очдог тэр жил бичлэгийн студитэй болсон уу, телевиз?

-”Халтар царайт”-ыг бичих үед байна уу. Тэрнээс өмнөх ганц, хоёр кино бичих үед ч байж магадгүй. Нэг хэсэг мэргэжлийн жүжигчид биш нэвтрүүлэгчид кинонд дуу оруулдаг байсан. Энэ үед бичлэгийн студи байгуулсан юм. Өөрөөр хэлбэл кинонуудаа бэхжүүлье, олон кино авъя, мэргэжлийн жүжигчдээр дуу оруулъя гэж шийдэцгээсэн л дээ. Кино үйлдвэр гэж том айлаас алдартай, туршлагатай, мэргэжлийн  жүжигчдийг телевизэд авчирсан. Тухайн үед Кино үйлдвэр тарчихсан байсан. Ингэж телевизийн кинонд жинхэнэ мэргэжлийн жүжигчид дуу оруулж эхэлсэн юм. Би бол тэдний дэргэд жаахан амьтан шүү дээ. Хүүхэд байхдаа сонсдог байсан хоолойнуудаа тэнд сонсоод, дунд нь гайхшираад л. Найруулагч маань бас намайг “байж бай чи, болоогүй” гээд оруулахгүй ээ. Гэсэн ч өглөө нэг их ажилтай хүн шиг ирнэ. Ирчхээд нөгөө жүжигчдээ хараад, сонсоод л. Хажуугаар нь хоол, цайнд нь гүйнэ ээ. Ингээд нэг юм таван сарын дараа л зөвшөөрөгдөөд, дуу оруулж эхэлсэн дээ. 

-”Халтар царайт”-аас эхэлсэн үү, таны дуу хоолой сонсогддог?

-Тийм шүү, “Халтар царайт”-ын Тонид дуу оруулсан. Бараг жил гаруй дуу оруулсан  байх аа. 

-”Халтар царайт” гарахад хаа газар чимээгүй болдог байсан гэж ярьдаг. Би ч мэдэхгүй л дээ?

-Үнэн. Бид цагаасаа өмнө дуугаа оруулчихна. Яг гарч эхлэх үед гудамжинд хүн байхгүй, машин тэрэг зогсчихдог байсан. Хотод бол унаа олдохгүй. Автобуснууд хүртэл буудал дээрээ цуваад зогсчихсон, зурагттай ТҮЦ рүүгээ бүгдээрээ ороод шавчихсан, киногоо үзэж байдаг тийм байлаа. “Халтар царайт” үнэхээр байлдан дагуулсан л даа. Хөдөө ч ялгаагүй тийм л байсан гэдэг. 

-”Халтар царайт” шиг олон ангит кинонд та зөндөө дуу оруулсан. Хүмүүсийн сайн мэдэх “Цэргийн сургууль” гэдэг ч юм уу. Жишээлбэл тэр киноны 10 хүний дүрд таныг ганцаараа дуу оруулсан гэдэг?

-”Цэргийн сургууль” кинонд ахмад хоёр, залуу хоёр л жүжигчин дуу оруулсан. Ахмад жүжигчид маань настай хүн гарвал ганц, хоёр үг хэлчхээд болчихно. Гол дүр нь нөгөө Сувoровын сургуулийн сонсогч нар шүү дээ. Макаровоос эхлээд л. Энэ дүрүүдийг нөгөө залуутайгаа хувааж аваад л дуу оруулна. 10 гаруй дүрд нь дуу оруулсан шүү, хоолойгоо өөрчлөөд л. Миний дуу оруулсан зөвхөн олон ангит кино гэхэд л 5,000 гарна. Хэд хэдэн телевизийн кино ч үүнд багтсан. 

-Нийтдээ гэвэл хэдэн мянган кинонд дуу оруулсан бол?

-Дуу оруулахуйн урлагийн холбоо гэж бий. Тэр холбооны залуучууд намайг хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн үү гээд. Би ч өөрөө тийм зүйлд дургүй болохоор яах юм бэ л гэсэн. Тэгсэн үгүй ээ та үнэлүүл гээд. Тэгээд тэдгээр хүмүүсийн шахалт шаардлагаар гэх юм уу нэг тодорхойлолт хийгдсэн. Тэр тодорхойлолт дээр хүүхэлдэйн кино, телевизийн олон ангит кино, шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат кино, орчуулгын уран сайхны кино гээд тоо гаргахад бүгд нийлээд 30,000 болсон. Өндөр тоо л доо. Миний хувьд бас олон арван нэвтрүүлэг хөтөлсөн юм байна лээ. Хориод жил “Утгын чимэг” наадамд зохиолчдын өгүүллэгүүдийг тайзнаас уншиж, үзэгчдэд хүргэсэн байна. 

-Tаны энэ их хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол, тэмдгээр шагнах гэж байна. Энэ мэдээг хэзээ сонсов. Эргээд бодохоор жүжигчин мэргэжил рүү, урлагийн хүн болно гэж хөтөлсөн ээжийн тань зөн совин зөв байсан юм шиг?

-Өчигдөр үдээс хойш, оройхон сонссон. Хэлэнгүүт нь догдолж, баярладаг юм билээ. Шуудхан хэлэхэд тэнгэрт байгаа аав, ээж минь л бодогдсон доо. Амьд байсан бол сайхан л байж гэж бодогддог юм байна лээ. Хоёрдугаарт, 34 жил дуу оруулж байгаа хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж байна даа гэж бодсон. Энэ өдрүүдэд Монголд кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. Ярьсан хүн нь “киноны 90 жилийн ойг тохиолдуулан шагнаж байгаа юм шүү” гэж хэлж байна лээ. Ингээд ярихаар Кино үйлдвэр гэж том айлын ах эгч нар болон өөрийн багш нараа их санасан, баярласан. Намайг наймдугаар анги төгсгөсөн, ес аравдугаар анги төгсгөсөн багш нар маань гавьяат. Оюутан цагийн тайзны хэл яриа, уран чадварын багш минь гавьяат. Мэргэжлийн жүжигчний багш маань Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар цолтой хүн. Ийм байхад багш нараараа бахархахгүй, дээдлэхгүй, онгирохгүй, хайрлахгүй яах юм. Нэмээд өөрөө МУГЖ болно гэхээр бүр сайхан байна. 

Дээр нь энэ шагналд тодорхойлсон Монголын дуу оруулахуйн урлагийн холбооныхон болон Монгол киноны урлагийн зөвлөлийнхөндөө их баярлаж байна. 

-Дуу оруулахуйн урлаг, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлдэг үнэлэмж муу шүү дээ. Яагаад өдий олон жил өөрчлөлт гардаггүй юм бол?

-Дуу оруулагч жүжигчдээс гадна орчуулагч, дууны найруулагчид гэж бий. Энэ хүмүүсийн цалин хөлс маш муу. Үүн дээр үнэхээр харамсаж явдаг. 20 жилийн өмнөх үнэлгээ, цалин одоо ч хэвээрээ. Огт нэмэгдээгүй. Гол нь энэ салбарт дурлаад, сонгоод шинээр ажиллаж байгаа залуучууддаа санаа зовдог юм. Холбооны удирдлагууд ч хэлж, ярьдаг л даа. Ахиц өөрчлөлт гарахгүй байгаа. 

-Та гэр бүлийнхээ хүнтэйгээ энэ салбарт хамтдаа ажиллаж, хувь нэмрээ оруулж байна. “Дуу хоолойн гайхамшиг” гэдэг нэртэй сургалт явуулж байгаа гэсэн. Таны хань телевзийн хүн үү?

-Миний хань ОХУ-д Театр урлагийн сургууль төгсөж ирсэн. Телевизэд олон жил ажилласан, найруулагч хүн. Хүүхдийн нэвтрүүлэг, бүрэн хэмжээний кинонууд  хийсэн. Ханийн минь уран бүтээл арвин шүү. Гол нь миний ажил мэргэжлийг ойлгож, урам хайрлаж явдаг ханьдаа маш их талархаж явдаг. 

Сургалтын тухайд би саналаа хэлж байсан л даа. Монгол хэлээрээ ярих яриа, хэл ярианы арга барил, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, хөтлөх, дуу оруулах жүжигчний хичээл зэргийг сургалтдаа багтаасан. Сургалт маань  уг нь гурван жилийн өмнөөс эхэлсэн ч хэсэг завсарлаад байсан юм. Харин сая зунаас үргэлжлүүлэхээр шийдээд эхэлсэн. Хүүхэд болон насанд хүрэгчид гэсэн хоёр анги эхлүүлсэн, сайн ч сурцгаасан. Сая намрын сургалт зарлахад ч маш хурдан дүүрчихлээ. Гадаадаас, хөдөө орон нутгаас хүмүүс маш олноор хандаж байна. Цахим сургалт явуулах санал, хүсэлт ч ирж байна. Эхний сургалтад “Р” үсэг хэлж чаддаггүй хүүхэд ирээд хэлж чаддаг болоод гарсан шүү. Тэгэхээр нөлөө байна л гэж харсан. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайхан нийтлэл уншлаа. Танд х�##�уун баяр хүргэе

Хөвсгөл. Чандмань-Өндөр сум
Хөвсгөл. Чандмань-Өндөр сум

Сайхан нийтлэл уншлаа, баярл�##�аа. Таны дуу хоолойг хэдийнээ таньдаг, эгэл жирийн иргэн байна. Танд х�##�уун баяр хүргэе

Хөвсгөл. Чандмань-Өндөр сум
Хөвсгөл. Чандмань-Өндөр сум

Сайхан нийтлэл уншлаа, баярл�##�аа. Таны дуу хоолойг хэдийнээ таньдаг, эгэл жирийн иргэн байна. Танд х�##�уун баяр хүргэе

Зочин
Зочин

Өө нээрээ энэ хүн чинь миний багадаа өдөр бүр сонсдог байсан хоолой юм байна шүү дээ, одоо хүртэл тэр дулаан дотно өнгө санаанаас гарахгүй

Зочин
Зочин

Wow 30 мянга кино гэдэг үнэхээр итгэмээргүй тоо байна, энэ хүний дуугүй бол бидний бага насны кино ерөөс утгагүй болох байсан шүү

Зочин
Зочин

Х�##�тар царайт гарах үед гудамжинд хүнгүй болдог байсан гэдэг үг үнэн шүү, би бүр ээж аавтайгаа санд�##� дээр сууж үздэг байлаа

Зочин
Зочин

Энэ хүний хоолой яг л миний хүүхэд насны нэг хэсэг байсан, одоо хүртэл гадаад кино үзэхээр тэр дууг л хүлээгээд байдаг

Зочин
Зочин

Хоолойгоороо жүжиглэнэ гэдэг хамгийн хэцүү урлагийн нэг гэж боддог, энэ хүн бол түүний амьд бат�##�гаа нь шүү

Зочин
Зочин

Ээж маань намайг бага байхад “энэ дуу хоолойг сонсоорой, энэ хүн чинь гайх�##�тай жүжигчин” гэж хэлдэг байсан, одоо ойлгож байна

Зочин
Зочин

1990-ээд оны хүүхдүүдийн дурсамжинд энэ хүний хоолой хамгийн тод үлдсэн байх аа, тэр үед чинь телевизийг арван айл хамт үздэг байсан шүү дээ

Зочин
Зочин

Facebook дээр ингэж урт яриа уншаад дотор нэг л дулаан боллоо, жинхэнэ хөдөлмөрч, даруу урлагийн хүн гэж ийм л байдаг

Зочин
Зочин

Bi odo ch hurtel halter tsaraiat kinoson deerh toniin hooloig sonsohoor yag uur tsag ued ochij bgaa yum shig boldog

Зочин
Зочин

Монголд дуу оруулдаг жүжигчдийг ийм их ажил хийдэг гэдгийг мэдэхгүй хүн олон байдаг, үнэхээр бахархаж байна

Зочин
Зочин

Энэ хүний дуу хоолойноос илч мэдрэгддэг, яг л амьд дүр шиг болгодог гайх�##�тай чадвар

Зочин
Зочин

Яг энэ хүний хоолой гарч ирэхээр телевизийнхээ дууг нэмээд суудаг байсан, тэр үед интернет ч байгаагүй шүү дээ

Зочин
Зочин

30,000 кино гэдэг тоо бол ёстой итгэмээргүй, бараг бүх Монгол айлын зурагтанд энэ хүний хоолой нэг удаа ч болов гарсан байх

Зочин
Зочин

СУИС-ийн анхны элсэгч байсан гэдгийг нь мэдээгүй явжээ, ийм урт зам туулсан хүнд гавьяат цол бол бүр ч бага байх

Зочин
Зочин

Ээжийнх нь зөн совин гэж үнэхээр гайхамшигтай юм, хүүгээ урлагийн хүн болно гэсээр байгаад үнэхээр тэгүүлжээ

Зочин
Зочин

Odoo kino uzeheer gadnaas irsen ch bilee mongol hooloi gargahgui bol sonin l bdag, narambaatar guain hooloi bol tanil chimee

Зочин
Зочин

Би “Цэргийн сургууль”-ийн тэр дуу оруул�##�тыг санадаг, үнэхээр олон янзын хоолой гардаг байсан, одоо ойлгож байна бүгд нэг хүн байжээ

Зочин
Зочин

Урлагийн с�##�барт чинь хоолойгоороо амьдардаг ийм хүмүүсийг илүү үнэлэх хэрэгтэй шүү, жинхэнэ сэтгэл зүрхээ шингээдэг ажил

Зочин
Зочин

Сург�##�тын тухай нь их гоё санаа байна, хүүхдүүдэд зөв яриа, зөв дуу авиа заана гэдэг маш чух�##� зүйл шүү

Холбоотой мэдээ

Back to top button