Сурвалжилга, Нийтлэл

Тархины хорт хавдартай ч эсэн мэнд амаржсан эх хавдрынхаа 70 хувийг амжилттай авахуулан эх орондоо иржээ

Өнгөрөгч оны аравдугаар сарын 7-нд Ц.Уугансарнай тархины хорт хавдрын хүнд шатандаа эсэн мэнд амаржиж, 2 кг 200 гр хүү төрүүлсэн нь Монголын анагаах ухааны түүхэнд тохиолдож байгаагүй амжилттай кисеров хагалгааны нэг болсон. Энэ тухай мэдээлэл цахим сүлжээгээр түгж, олон ч хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн. Харин хүү нь өдрөөс өдөрт эрүүл саруул бойживч, ээжийн нь хавдар цаг мөч өнгөрөх бүр үсэрхийлж, сэтгэц эрүүл мэнд нь дордсоор байсан юм.

Бид аравдугаар сарын 29-ний өдөр Ц.Уугансарнай ба түүний гэр бүл гэрийн эмчилгээнд зориулж орон сууц түрээслэн төвхнөөд байхад нь ирж сурвалжилж байв. Эмнэлгийн зүгээс, “Одоо бидний хувьд хийх эмчилгээ дууссан. Гэртээ гарч, гадагшаа явах арга хөөцөлд” гэсэн хариу хэлсэн тул Ц.Уугансарнай ямар нэг системт эмчилгээгүй, өвчин намдаагч эмтэй биднийг угтсан. Дэргэд нь нэгхэн сартай бяцхан үр хорвоогийн энэлгэн шаналганыг мэдэхгүй нойрсож байхад ээжийн нь ухаан санаа орж гарч, нэг уйлж, нэг инээж байх дүр зураг хүнд тусаж байв.

Ц.Уугансарнайн нөхөр Б.Доржтой товч ярилцахад, “Энэтхэг, Турк, Өмнөд Солонгос, Хятад гэх мэт орнуудыг судалж, материалаа илгээж байна. Хандивын аян зохион байгуулж, ах дүү, хамаатан саднууд нэг мянгыг нэг мянга гэлтгүй өгч, тусалж байна. Ямар ч байсан миний хань энэ бүгдийг даван туулна. Сорьж, шалгасан амьдралын хэсэг хугацааны даваа юм болов уу гэж бодох юм. Хүүг минь надад төрүүлж өгөх гэж бүхнээ золиосоллоо” гэдэг зүйлийг ярьж байлаа.


Ингээд бид энэ цагаас хоёр сар хагасын дараа эргэн холбогдож, Ц.Уугансарнайн эмчилгээний явц, биеийн байдлыг тодруулсан юм. Хоног, хугацаа алдаж болохгүй эрсдэлт байдалд байсан тэдний хүсэлтийг Энэтхэг улсын Гүрүграм хотын Артемс эмнэлэг хүлээн авчээ. Холбогдох мөнгөн дүн ч бусад орнуудтай харьцуулахад хямд, амьдралд ойр санагдсан тул Энэтхэгийг сонгож, хилийн дээс алхахаар эрс шийдсэн гэдгээ Б.Дорж хэлж байв. Ийнхүү тэд арванхоёрдугаар сарын 6-нд Монголоос нисэж, 17-ны өдөр яаралтай хагалгаанд орсон байна.

Гэвч тархин дахь хорт хавдрын 70 хувийг нь л дэлхийд хоёр байдаг төхөөрөмжийн тусламжтай авсан аж. Үлдсэн 30 хувийг нь гамма туяагаар шарж, үгүй болгох учиртай ч санхүүгийн хүнд байдлаас шалтгаалан энэ эмчилгээг хийлгэж чадалгүй тэд арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эх орондоо эргэн иржээ. Эмчийн хэлсний дагуу гурван сарын дараа гэхэд Энэтхэг улсыг дахин зорьж, холбогдох мэс ажилбарыг хийлгэх ёстой бөгөөд, үүнд шаардагдах мөнгийг цуглуулахаар тэд эрвийх дэрвийхээрээ хичээж байна.


Ц.Уугансарнайтай ярилцахад тэр, “Одоо миний бие хавьгүй дээрдсэн. Яриа хөөрөө ч зүгээр болсон. Гэхдээ тархиндаа ачаалал өгч, нэг их юм бодохгүй байх гам барьж байна” хэмээсэн юм. Үнэхээр биднийг анх ирэхэд угтсан байдалтай нь харьцуулахад сайжирсан ч, тархиндаа жаахан л ачаалал өгөхөд ухаан санаа төөрч буй нь мэдэгдэж байв.

Харин түүний нөхөр Б.Дорж, “Монголын эмч нар эдгээх боломжгүй гэж байсан ч Энэтхэгийн эмч нар ямар ч асуудалгүй гэдэг хариу өгсөн ба хавдрын 70 хувийг авсан. Гурван сарын дараа дахин очиж үлдсэн 30 хувийг авахуулах ёстой гэсэн. Биеийн байдал нь маш сайн байна, эх орондоо очиж болно гэсэн тул бид ирээд байна.

Биднийг Энэтхэг рүү нисдэг өдөр эхнэрийн маань бие бүрчиг дордсон байсан. Босож явж чадахгүй, биеийнх нь баруун тал бүрэн саажсан байсан. Одоо хавьгүй дээрдэж, өөрөө явж хийдэг болчхоод байгаа” гэлээ.

Тэд эмчилгээний зардлаа арваннэгдүгээр сарын 13-нд “UB Palace”-ын Концертийн их танхимд зохион байгуулагдсан хандивын тоглолт болон сайхан сэтгэлт Монголчууд, ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө ачаар босгосон гэдгээ илэрхийлсэн юм. Б.Дорж, “Эхнэрийн маань нутгийн хүмүүс хүртэл зорьж ирэн хандивын тоглолтыг үзсэн. UB Palace-ын 3 мянган хүнтэй танхим бараг л дүүрсэн. Тоглолтыг зохион байгуулсан болон оролцсон уран бүтээлчид, мөн чадах ядахаараа хандив өргөн тусласан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна” хэмээж байлаа.

Ийнхүү тэд дутуу хийлгэсэн эмчилгээгээ гүйцээхийн тулд шаардагдах мөнгөн дүнг босгохоор хичээж байна. Бидний бэлтгэсэн өмнөх сурвалжилгыг энд дарж унших боломжтой.

ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР: 8055 0155, 8833 8802
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5992 0261 71 – Ц.Уугансарнай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button