ВИДЕО КОНТЕНТСПОРТЯрилцлага

З.Шинэчагтга: Мартин Нгуенийг ялж, “One championship” холбооны аварга болохыг хүсдэг

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад холимог тулааны спорт хурдацтай хөгжин, тэр хэрээр манай тамирчдын амжилт улам ахисаар буй. Холимог тулааны тамирчин бүхний мөрөөдөл болсон UFC холбоонд Д.Батгэрэл Монголоос анх удаа хөл тавин, Н.Отгонбаатар, Д.Батсүмбэрэл нар “Драгон хаус” холбооны аварга болж, М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын “Road FC”-д шуугиулж, “One championship” холбоонд Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг тэргүүтэй цөөнгүй шилдэг тулалдаж яваа нь үүний  илрэл.

Тамирчдын чансаа, нэр хүндээрээ дэлхийд өндөрт эрэмбэлэгдэн, хүчээ аваад буй “One championship” холбооны ирээдүйн нүүр царай, аварга болох ирээдүйтэй тулаанч хэмээн үнэлэгдэж буй монгол тамирчдын нэг нь Золцэцэгийн Шинэчагтга.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын харьяат, “Ширэн бээлий”, “Zorky’s MMA” клубийн тамирчин тэрбээр өнгөрсөн жил “One championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулж, Монголоос анхдагч болсон юм. Тус холбоотой ийм үнийн дүнтэй гэрээ байгуулсан монгол тулаанч түүнээс өөр үгүй.

“Мастер тулаанч” шоуны ялагч З.Шинэчагтга ур чадвар, эрэмгий дайчин тоглолт, биеэ авч яваа байдал зэрэг олон чанараараа монголчуудын төдийгүй дэлхийн спорт сонирхогчдын хайртай тулаанчдын нэг нь.

“Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч Д.Төрбатын шавь тэрбээр хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын тамирчин Ма Жиа Венийг эхний үед хүнд цохилтоор ялсан юм. Түүнтэй ярилцлаа.

Биднийг ярилцлага хийхээр очиход З.Шинэчагтга “Cardio MMA fitness”-т бэлтгэлээ хийж байсан юм.

ӨРСӨЛДӨГЧӨӨ ХҮНД ЦОХИЛТООР ЯЛСНААС ИЛҮҮ АМЛАЛТДАА ХҮРСЭН МИНЬ НАДАД ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ

-БНХАУ-ын тамирчныг тулааны эхний үед хүнд цохилтоор яллаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн хийв?

-Миний хувьд чухал, хариуцлагатай тулаан байлаа. Цаашдын карьерт маань маш чухал нөлөөлөх тоглолт байсан юм л даа. Учир нь би “One championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулснаасаа хойш оролцсон анхны том эвент маань байсан юм. Өрсөлдөгч маань бөх суурьтай, чөлөөт бөхийн тамирчин. Тиймээс би барилдааны бэлтгэлдээ түлхүү анхаарлаа. Барилдаанч тамирчинтай өрсөлдсөн болохоор эвгүй байсан. Монголынхоо чөлөөт бөхийн шигшээ багийн, УАШТ-ий медальтай тамирчидтай барилдааны бэлтгэлээ хийсэн нь үр дүнгээ өглөө. Маш чухал, хариуцлагатай тулаанд ялсандаа их баяртай байна.

-Холимог тулааны спортод тулааны төдийгүй барилдааны бэлтгэл, ур чадвар чухал. Чөлөөт бөх суурьтай хятад тамирчнаас дутуугаа юугаар нөхөв?

-Ялахын төлөөх эрмэлзэл, тулааны ур чадвараараа. Спортын хорхойтнууд босоогоос өрсөлдсөн тулаанд дуртай, үзүүштэй байдаг. Хэвтээ байрлалын тулаан үзэгчдэд уйтгартай. Бэлтгэл дээр босоогоос өрсөлдвөл ингэж довтолно, барилдвал, хэвтээгээс хүч сорьвол ингэж хамгаална гээд төлөвлөгөөгөө боловсруулсан байсан. Болж өгвөл өөрийнхөө тоглолтын хэмнэлд оруулаад, босоогоос өрсөлдөх, хүнд цохилтоор ялах бодолтой байлаа.

-Тулааны өмнө “One championship” холбооноос ярилцлага авахад та “Эхний үед, эхний минутад хүнд цохилтоор ялна” гэж хэлсэн. Тэгэхээр өөртөө их итгэлтэй байсны тань илрэл байх. Өрсөлдөгчөө ганцхан минутын дотор ялна гээд итгэл дүүрэн амладаг тамирчин ховор шүү дээ.

-Тийм ээ. Өмнө нь ч бас тэгж амлаад түүндээ хүрсэн тулаан цөөнгүй бий. Өрсөлдөгчөө яаж ялах, хэрхэх учраа олохгүй байгаа бол тэгж амлаагүй нь зөв. Худлаа баахан томорч, ам гарснаа ялагдчихвал яах вэ. Намайг дэмжиж, ялчихаасай хэмээн дээлийн минь захыг мушгиж суусан олон хүн бий. Тэднийхээ, монголчуудынхаа итгэлийг алдахгүйн төлөө хичээлээ.

ТУЛААНЫ ӨМНӨ БИД ХОЁРЫН ДУНД НЭЛЭЭД АРСАЛДААН БАЙСАН ЮМ ШҮҮ

-Тэгэхээр та энэ тулаанд хоёр ялж. Нэг нь өрсөлдөгчөө дийлж, нөгөө нь амлалтдаа хүрээд өөрийгөө ялж. Тэр хэрээр урам авсан уу?

-Тэгсэн. Өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялснаас илүү амлалтдаа хүрсэн минь надад үнэ цэнэтэй.

-Хятад тамирчин ялагдсаныхаа дараа нэлээд хүнд байдалд орж, шүүгчийг тантай андуураад өчинэ лээ.

https://www.youtube.com/watch?v=J--aq10SUgc

-Бид хоёр Тайландад нэг буудалд байрласан юм. Жин үзэх, буудалд хааяа таарахад над руу зэвүүн хараад, зах зээлээрээ бааварлаад, Монгол Улсыг басаад байсан юм. Тулаан эхлэхийн өмнө түүн рүү би албаар муухай харсан. Хүнд цохилтод орсныхоо дараа шүүгчийг андуураад өччихөөр нь би сэтгэл хөдлөлөө тэгж илэрхийлсэн юм. Еэ, ингэж унаж байна шүү дээ гээд би албаар тэгсэн.

-Мэргэжлийн спортын тэр тусмаа холимог тулааныг сонирхончдын анхаарлыг татдаг зүйлсийн нэг нь энэ. Дэвжээн дээрх тулаанаас дутахгүй тухайн тамирчдын бие биенийхээ шарыг хэрхэн малтах нь спортын хорхойтнуудын сонирхлыг татдаг шүү дээ. Зарим хүн “Шинэчагтга ямар онгироо юм бэ” гэж өнгөц дүгнэсэн байж магадгүй.

-Харин тийм ээ. Зарим хүн тухайн үеийн үйл явдлаар өнгөж дүгнэсэн байж магадгүй. Бид хоёрын дунд тиймэрхүү арсалдаан байсан юм шүү.

-Өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан хэд дэх ялалт тань вэ?

-Найм бил үү ес дэх нь. “One championship” холбоонд хийгээд хүнд цохилтоор ялвсан дөрөв дэх тулаан. Тамирчны замналын маань 10 дахь ялалт.

-Спортын хорхойтнууд таны эрэмгий, дайчин тоглолт, сэтгэл хөдлөл, хэв маягт дуртай байдаг юм билээ. Тэр их эрч хүчийг та юунаас авдаг вэ?

-Би өрсөлдөгчөө “шатаан”, тоглолтынх нь хэв маягийг, тактикийг өөрийнхөө боловсруулсан төлөвлөгөөгөөр эвддэг. Өмнөө тавьсан зорилгодоо хүрсэн хүн ямар байдаг билээ. Мэдээж гоё байна. Багаасаа өссөн орчин маань намайг өөртөө итгэлтэй, биеэ даасан, эрэмгий болгон хүмүүжүүлсэн. Зөндөө олон хүүхдүүдтэй зодолдож өссөн. Одоо эргээд бодоход тэр бүхэн намайг тулаанч болоход, өнөөгийн Шинэчагтгыг бий болоход их нөлөөлсөн юм.

ЯЛАГДАХ ВИЙ ГЭХ АЙДАС ТАМИРЧИН БҮХЭНД БИЙ, НАДАД Ч БАС

https://www.facebook.com/eguur.mn2/videos/216196602743397/UzpfSTEwMDAwMjIwNjYzNzIyNTpWSzoyNDYwOTI3MjE0MDEyNzIw/?q=%20EGUUR.MN%20%D1%88%D0%98%D0%9D%D0%AD%D0%A7%D0%90%D0%93%D0%A2%D0%93%D0%90&epa=SEARCH_BOX

-Гадаадын цөөнгүй хэвлэл таныг “One championship” холбооны ирээдүйн нүүр царай, аварга болох ирээдүйтэй тамирчин торниж байна” хэмээн тодотгосоор байна. Тэр бүхэн заримдаа танд дарамт болох юм уу?

-Гайгүй ээ. Энэ бүхэн аймар том хариуцлага. Бусдын итгэлийг алдахгүйн төлөө хичээх чухал. Монголчууд маань ингэж сайхан дэмжиж байхад доожоогүй царайлаад ялагдаж болохгүй. Тиймээс би шилдэг байх ёстой, хожигдох ёсгүй гэж өөрийгөө хурцалдаг. Өрсөлдөгчөө шатаагаад, “Би ялна, чадна” гээд бардам хэлээд тулалдах хүмүүст гоё байдаг байх. Гэхдээ “Ингэж яваад навсайтлаа ялагдвал хүмүүс яах бол” гэсэн айдас надад бий. Үүнийгээ юу гэж бусдад хэлэх вэ. Тэгж боддоггүй юм шиг л явдаг.

“ONE CHAMPIONSHIP” ХОЛБООТОЙ 100 МАНГАН АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН МОНГОЛЫН АНХНЫ ТУЛААНЧ

-Та “One championship” холбоонд тулалдах, 100 мянган ам.долларын гэрээ байгуулах гарцыг хэрхэн олов?

-Би боксын суурьтай. Спортын замнал минь боксоор эхэлсэн, 14 настай байхад. Боксоор тууштай хичээллээд олимп, дэлхийн аварга болохын төлөө зүтгэх, мэргэжлийн бокст хөл тавих боломж надад байсан. Гэхдээ багын хүмүүжил, тоглолтын хэв маягт маань холимог тулаанд илүү зохиж байсан юм л даа.

Би 2017 онд холимог тулааны “Мастер тулаанч” шоунд түрүүлснийхээ дараа У.Зоригт ахтай тамирчин, менежерийн гэрээ хийв. Тэгээд гадаад руу тулалдах судалгаа хийлээ. Цөөнгүй холбоонд санал тавьж, өөрийнхөө тулааны бичлэгийг илгээхэд “One championship” зөвшөөрөөд гэрээ байгуулсан.

Би спортод хөл тавьснаасаа хойш өнөөг хүртэл “Ширэн бээлий” клубийн ахлах дасгалжуулагч Д.Төрбат багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж байна. Манай “Ширэн бээлий” клубээс олон шилдэг тамирчин тулааны спортын цөөнгүй төрөлд амжилт гарган, гялалзаж байгаад баярладаг.

-Олонх тулаанч UFC холбоонд тулалдахыг хүсдэг. Анхнаасаа тоглохыг хүсэж байсан холбоо тань “One championship” байв уу?

-Анхнаасаа “One championship”-т тоглохыг мөрөөдсөн. Тус холбооны чансаа, нэр хүнд дэлхийд дээгүүр орох хэмжээнд хэдийнэ хүрсэн.

-Та тус холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч. Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг “One championship” холбооны аварга болж байсан. Тэгэхээр зөвхөн амжилт бус өөр зүйлийг тань харгалзаж байгаад ийм гэрээ байгуусан бололтой.

-100 мянган ам.долларын гэрээ нь анх байгуулснаас тусдаа. Тэд зургаан тулаан хийгээд ялбал энэ гэрээг байгуулахаар тохирсон юм. Би таван тулаан хийж өөрийгөө харуулаад, болзлыг нь хангасан. Миний өмнө “One championship” холбоонд Монголын олон шилдэг тамирчин хөл тавьсан, одоо тулалдаж байгаа. Миний стиль, сэтгэл хөдлөл, тулааны хэв маяг “One championship”-ын сонирхлыг их татсан юм шиг байна лээ.

100 МЯНГАН АМ.ДОЛЛАРОО ОГТ ХЭРЭГЛЭЭГҮЙ, ХАДГАЛДАГ

-Гэрээний 100 мянган ам.доллароо хадгалдаг юм билээ. Түүгээрээ ирээдүйд хийхээр төлөвлөсөн зүйл бий юү. Эсвэл сайн үйлсийн аян ч юм уу?

-Хийхийг хүссэн бизнес, зүйл маш олон бий. Гадаадынхан намайг “Shine” гэдэг нэрээр андахгүй. Түүгээрээ брэнд бий болгохыг хэн ч үгүйсгэхгүй. Үүний сацуу сайн үйлсийн аян зохион байгуулах, нэгдэх талаар маш их боддог.

-Хүн бүхэн хуримтлалтай болохыг хүсдэг. Гэвч ямар нэгэн юманд зарцуулалгүйгээр хадгалдаг нь ховор. Та дээжээс нь хэрэглэсэн үү. Эсвэл яг тэр чигээр нь хадгалсан уу?

-100 мянган доллароосоо ер хэрэглээгүй. Гоё чамин, тансаг, үнэтэй зүйл хэрэглэх нас надад байна. Санхүүгийн асуудал, хэрэгцээ зөндөө л гардаг. Гэхдээ ирээдүйд илүү чухал зүйлд зарцуулах гээд хадгалсан болохоор яаж ийж байгаад зохицуулдаг.

ТУЛААНААС АВАХ ШАГНАЛЫН ХЭМЖЭЭГ МААНЬ МАНАЙ ГЭРИЙНХЭН Ч МЭДЭХГҮЙ, НУУЦ

-Ялах, чансаа ахихын хэрээр тухайн тулаанаас авах шагналын хэмжээ нэмэгдэж байгаа нь мэдээж. Та одоо нэг тулаанаас хэчнээн ам.доллар авдаг вэ?

-Одоохондоо хэнд ч хэлэхгүй. Угаасаа хэлэхгүй байгаа. Үүнийг миний менежер Н.Зоригт ах бид хоёр л мэднэ. Ер нь манай гэрийнхэн ч мэдэхгүй ээ.

-Та үсээ олон өнгөөр будуулдаг, өвөрмөц шивээстэй. Энэ бүхэн спортын хорхойтнууд таныг дэмжих, татагдах бас нэгэн шалтгаан болдог.

-Тулааны спортод гадаад үзэмж, тулааны хэв маяг их чухал.

-Үсээ өөр өнгөөр будуулах бодол бий юү?

-Одоогоор төлөвлөсөн юм алга. Ирэх зун ямар өнгөтэй үс трэнд болох нь уу. Түүгээр нь будуулна. Би залуу хүн. Одоо өөрийнхөөрөө, хүссэнээрээ амьдрах хэрэгтэй. Хөгширсөн хойноо тэгж чадахгүй шүү дээ.

-Таны шивээснүүд их өвөрмөц, өөр өөр утга учиртай байх. Аль шивээс нь ямар утгатай вэ?

-Машиныг гоё харагдуулахын тулд стикер наадаг шүү дээ. Тэгвэл шивээс огт тийм биш. Шивээс хийлгэхдээ хийморио, зорилгоо, мөрөөдлөө гээд олон зүйлийг бэлгэддэг.

Баруун гартаа чоно, үхрийн гавал, өдтэй. Үхрийн гавал духан дээрээ өөрийн гэсэн цолтой ахлагч гэсэн утгатай. Өд хөнгөн шингэн, амархан хийсчихдэг. Чоно хийморьтай, үхэр тэнхээтэй, өдөөр чимж, шүрээр тойруулсан.

Баруун гартаа самурайн генерал шивүүлсэн. Би дэлхийн хэмжээний тулаанч болох зорилготой. Тиймээс том утгатай шивээс хийлгэсэн юм.

Цээжин дээрх шивээсний голд нь дайны шар шувуу бий. Маш олон дайнд орсон, туршлагатай шувуу. Ямар ч хаалга, нууцыг онгойлгох алтан түлхүүрийг аманд нь зуулгасан. Тархин дотор нь төөрдөг байшинг дүрсэлсэн. Миний бодлыг амархан уншиж чадахгүй шүү гэдгийг бэлэгдсэн. Хоёр талдаа хохимой толгойтой, их зүйл үзсэн. Тэр туршлагаараа бага алдах юм сан гэсэн утга учиртай.

МОНГОЛДОО ТУЛАЛДАХ БОДОЛГҮЙ

https://www.youtube.com/watch?v=pI0N5X4em8c

-Ойрын хугацаанд Монголдоо тулаан хийх үү?

-Ойрын хугацаанд товлогдсон тулаан алга. Ер нь Монголдоо тулалдахгүй гэж бодож байгаа.  “One championship” холбоо зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Уг нь У.Зоригт ахын зохион байгуулдаг MFC холбооны тэмцээнд оролцохыг хүссэн. Даанч тэмцээнтэй давхцаад чадаагүй. “MFC-3” тэмцээн удахгүй болно. Бас л оролцож амжихгүй нь.

-Тэрэнтэй л тулалдах сан гэж хүсдэг монгол тамирчин бий юү?

-Байхгүй.

-Таны тоглолтын гол онцлог юу вэ?

-Түрүүн хэлсэнчлэн багаасаа жаргал зовлон амсаж, хэрсүү, биеэ дааж өссөн хүмүүжил. Би айлын ганц хүүхэд. Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрсөн, таван настай байхад манайх Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм.

-One  championship-той байгуулсан гэрээ нь хэзээ дуусах билээ?

-Дахиад таван тулааны гэрээ бий. Тэдгээрт хэрхэн өрсөлдсөнөөс шалтгаалж гэрээгээ сунгах эсэхээ шийднэ.

“ONE CHAMPIONSHIP” ХОЛБООТОЙ ГЭРЭЭГЭЭ СУНГАНА

-Та гэрээгээ сунгах уу. Эсвэл UFC-д хүч сорих уу?

-Сунгаад “One championship” холбооны аварга болохыг хүсэж байна. Дээд юм уу доод жиндээ ч өрсөлдөж магадгүй.

-З.Шинэчагтгыг хэзээ аваргын төлөө тулалдах бол гэсэн хүлээлт спортын хорхойтнуудад бий. Барагцаагаар хэзээ аваргын төлөө хүч сорих бол?

-Би өрсөлдөгчөө яг саяных шиг хүнд цохилтоор, богино хугацаанд ялаад байвал хоёр, гуравхан тулааны дараа аваргын төлөө өрсөлдөх магадлалтай. Тэр л надад маш чухал байна.

М.НГУЕНЭЭС Ж.НАРАНТУНГАЛАГ АХЫН ХАРИУГ АВАХЫГ ХҮСДЭГ

-Хэрвээ тэгвэл хэнтэй аваргын төлөө хүч сорихыг хүсдэг вэ?

-Мартин Нгуентай. Тэрбээр сүүлд Тунгаа (Ж.Нарантунгалаг) ахыг ялсан, аваргын бүс эзэмшиж байгаа тамирчин. Түүнээс аваргын бүсийг нь булаан авч, Тунгаа ахын хариуг авахыг хүсдэг.

-Дараагийн тулаанаа хэзээ хийх вэ. Ойрын хугацаанд товлогдох уу?

-Нэг их удахгүй байх. Одоохондоо тов нь гараагүй байна. Тайландаас ирээд л бэлтгэлдээ орсон. Бэлтгэлээ заримдаа энд (Cardio MMA fitness), бусад үед “Ширэн бээлий” клубт хийдэг. Намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэндээ, Д.Төрбат багшдаа, “Zorky’s MMA” клубийн эзэн, менежер У.Зоригт ахдаа, төрснөөс дутахгүй түшдэг Хангай ахдаа, монгол түмэндээ баярлаж явдаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-20 08:56

Ирээдүйтэй сайн хүү байгаа юм. Аварга болоорой.

erleg nomun
erleg nomun
2020-01-20 10:50

amjilt amjilt gej husii chamd

Зочин
Зочин
2020-01-20 16:12

Мартин Нгуен г баасыг нь шахаад өгөөрэй амжилт

Зочин
Зочин
2020-01-22 20:34
Reply to  Зочин

Say dollartoi boloh oirhonshuu ylaad bai

Зочин
Зочин
2020-01-20 17:43

amjilt huviin hoollolt sahilga battaa sain anhaaraarai hun bolgon alddag shuu sanaj aw

Zochin
Zochin
2020-01-20 17:59

Amjilt mundag bnlee. bi lav xooruu gej xaraagui tulaanii sport d oortei itgeltei orsoldogchoo emeelgex gex met zuil xeregtei . Shivees nice

Mongolian Warrior
Mongolian Warrior
2020-01-20 18:43

Нүүрэндээ г�##�тай
Нүдэндээ цогтой
Алсын хараатай хүсэл мөрөөдөл дүүрэн з�##�уу байна. Амжилт Аварга болоорой

Лха
Лха
2020-01-20 19:27

"Эдийн засгаараа бааварлаад байсан юм" хэхэ энэ бол гоё шүү, Эхнээс нь дэмжиж байгаа шүү, бэртэл гэмтлээс холуур бай. Том амжилт хүсье

Зочин
Зочин
2020-01-20 22:24

Мартин гээд нөхрийг цохиод унагах хэрэгтэй бна

Зочин
Зочин
2020-01-20 22:24

Эртний Монгол баатаруудтай шивээс гоё шүү.

Зочин
Зочин
2020-01-20 23:55

Hevteegees sain hamgaaldag uzdeg boloh heregtei hunii huld orj sain surah heregtei bhaa bosoogoos bol heniiG ch unagaanaa

Зочин
Зочин
2020-01-20 23:57

Hevteegees sain bol heniig ch buulgaj boldogiig conor habib 2-n tulaan bodit jishee bn

Зочин
Зочин
2020-01-21 06:07

Martin Nguyen bas sain zaluu ternii orond marat gafurov gej neg orsiin baga yastan zda bnaa Tungaa avragiig 2 udaa yalsan ter zdug l ylchuul

Зочин
Зочин
2020-01-21 14:35

Avarga bolooroi Amjilt

Багш нь
Багш нь
2020-01-21 15:41

Сайн тоглосон шүү. Багын чинь дүр төрх хэвээрээ байна. Өөрийн онцлог, зан чанартаа тохирсон спорт сонгон амжилттай яваад чинь т�##�архаж бна.

Tlg
Tlg
2020-01-21 15:53

Awraga bolooroi amjilt.

Ddd
Ddd
2020-01-21 20:57

Zorigtoi yumaa bs Mgl hunii boddog bodol narantungaagiin hariug avah heregtei aguu avarguud tsaanaasaa turdug yum chi chadnaa amjilt shinee

Зочин
Зочин
2020-01-21 22:16

Byartai tenheetei bhad ni hairalchaad unaad uguhuur ni martchvaaaaaaaaa

Зочин
Зочин
2020-01-23 01:37

Шинэчацга гэж яасан муухай нэртэй хүү вэ. Амжилт хүсье. Нэрээ солимоор

Зочин
Зочин
2020-01-24 04:22
Reply to  Зочин

Хаха, уншиж чаддагүйгээ гайхуулаад байгаа юм уу

jargalmaa
jargalmaa
2020-01-24 13:52

Nguyeniig Wen gej duuddag

zochin
zochin
2020-01-24 21:05

hebtuulj unagah argig sain suraa bus#ar mundag bailaa

Зочин
Зочин
2020-02-12 01:20

Амжилт хүсье? Амны билэгээс Ашдын билэг биелэдэг зөв өөртөө итгэлтэй амл�##�т өгч бай? Бурхан сонсог?

Холбоотой мэдээ

Back to top button