Ж.Чинбүрэн: Өвчтөнийг өөрийн аав, ээж шиг эмчилдэг тогтолцоог бий болгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийж,
"Эрүүл мэндийн даатгалын сан ямар ч хязгаарлалтгүй байсныг 2025 онд хязгаарлалт хийдэг болсон. Гэсэн ч гэрээ зөрчиж, нарийн хулгаа хийж байгаа асуудал гарлаа. Энэ бүхэн ЭМД-ын сангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Тиймээс шинэ дарга томиллоо.
Мөн өнөөдрийн хуралдаанаар 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгохыг Засгийн газар дэмжиж, тогтоол гарч байна. Манай салбар төсвөөс цэвэр санхүүждэг учир энэ маш чухал.
Монгол хүн өвчин тусаад нас бардаггүй, группэд ордоггүй, эрт илрүүлдэг, эмчилгээ нь оновчтой байж чаддаг, санхүүжилт нь хангалттай, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилчид нь ирж байгаа өвчтөнд хангалттай сэтгэлээр хандаж чаддаг, өөрийн аав, ээж шиг эмчилдэг тогтолцоог бий болгох зорилго тавьж байна.
Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулах чиглэлийг надад өглөө. Mөн бид 2027 онд Эрүүл мэндийн салбарынхныг хангалттай буюу 3.5 сая төгрөгөөс давсан цалинтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго тавьж байна" гэлээ.
Мөн ажил хаялтын тухай асуусан сэтгүүлчийн асуултад,
"Мэдээж 2027 оныг хүлээе гэж хэлээгүй. 2026 онд угаасаа нэмнэ. Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоо Боловсролын салбарыг бодвол даатгалын сангаасаа гүйцэтгэлд тулгуурлаад цалин хэлбэрээр очдог. Тиймээс даатгалын тогтолцоог эрүүл болгох нь өөрөө санхүүжилтийг зөв болгоод гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваад цалинг нь нэмэх боломж одоо ч байгаа. Энэ чиглэлд юу болохгүй байгааг мэдсэн учир хяналтын тусдаа бүтэц гаргана. Гурван талын хэлэлцээрээ дүгнээд нэмэлт хэлэлцээрт оръё гэдгээ хэлсэн байгаа. Ямар үе шаттайгаар нэмэх вэ гэдгээ ярилцаж, тохиролцохоор болсон" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Лав л тан шиг мөнгөний сонирхолтой хүн чадахгүй.