НийгмийнЯрилцлага

Э.Ууганцэцэг: Хүүхдийн асрагч, гэрийн үйлчлэгчийг нэг цагаар ч авах боломжтой албан ёсны үйлчилгээ бий

“Nanny”-тайгаа найзалж, нууцаа хуваалцдаг, ээж ааваасаа ч илүү их итгэдэг болсон тухай түүхүүд гадаадын олон кинон дээр гардаг. Монгол улсад харин энэ соёл шинэ тутам. Ээж нь гэртээ “сууж”, аав нь ажилдаа явдаг, эсвэл ээж нь ажилдаа явж, эмээтэйгээ үлддэг хүүхдүүдийн тухай манайхны дуун дээр хүртэл гардаг. Гэвч нийгэм цаг үе өөрчлөгдөж, нийслэлийн иргэд өндөр ачаалалтай ажилтай үедээ хүүхдээ цоожтой хаалганы цаана ганцааранг нь үлдээхээс илүүтэй найдвартай, баталгаатай асрагчид үлдээж, сурч боловсрох, нийгэмших, эрүүл хүнсээр хооллох зэрэг асуудлыг нь шийдвэрлэдэг болсон.

Иймд Монгол улсад анхны гэх тодотголуудын нэг болж “Happy Flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төв үүд хаалгаа нээж, эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх талд хамтран ажиллах болжээ.

Заавал баячууд гэлтгүй дундаж давхрагынханд ч ийм эрэлт хэрэгцээ өндөр байна. Учир нь уг байгууллага нь эцэг эхчүүдэд заавал бүтэн цагаар эсвэл бүтэн сар, бүтэн жилээр гэрээ байгуулна гэх хатуу шаардлага тавьдаггүй. Нэг өдрөөр, нэг цагаар, тогтсон өдрүүдэд, нэг сараар гээд маш уян хатан нөхцөл санал болгодог аж.

Ийм эрэлт хэрэгцээг олж харсан хүмүүс фэйсбүүкт хүүхэд асрагчийн групп хүртэл нээсэн ч эцэг эхчүүд баталгаагүй, эргээд холбогдох боломжгүй, итгэхэд бэрх гэж үзэн болгоомжилсоор байдаг. Нөгөөтэйгүүр, мэргэжлийн хүүхэд асрагч биш тул хүрч ирж хүүхэд харахдаа залхуурч хэвтдэг, нямбай биш, бохир заваан гээд тэдний сэтгэлд нийцэхгүй.   

Харин “Happy flowers” бол хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийн албан ёсны байгууллага. Олон улсын хүүхэд асрагчдын холбооны анхны албан ёсны гишүүн. Тэд 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Канад улсад болох Олон улсын хүүхэд асрах үйлчилгээний хуралд оролцохоор болоод байна.

Happy flower ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Э.Ууганцэцэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

АНХ ОЮУТАН БОЛЖ ХОТОД ИРЭЭД ӨӨРӨӨ ЭНЭ АЖЛЫГ ХИЙЖ, ТҮҮНИЙГЭЭ БИЗНЕС БОЛГОСОН

-Олон улсад хэвшсэн энэ үйлчилгээ, соёлыг Монголдоо нэвтрүүлэх санааг анх хэрхэн олж, хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-2007 онд би оюутан болж хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж байлаа.   Тухайн үед манай ар гэрийн амьдрал тийм ч боломжтой байсангүй. Тиймээс надад ч мөн төлбөрийн бэрхшээл тулгарсан. Тэр үед надад сайн хүмүүс таарч их сургуулийн минь дөрвөн жилийн төлбөрийг төлж өгөхөөр боллоо. Ингээд л маш баяртайгаар Улаанбаатар хотод иртэл оюутан хүүхдэд сургалтын төлбөрөөс гадна амьдрах байр, идэх хоол, өмсөх хувцас, ном сурах бичиг, автобус унаанаас эхлээд маш их асуудал гарч ирдэг юм. Үүнийгээ шийдэхийн тулд ажил хийх хэрэгцээ тулгарсан. Ингээд хамгийн анх сонины булан дээрээс хүүхэд асрагчийн ажил олж харан хийж эхэлсэн. Намайг хийж эхлэхэд ямар нэгэн албан ёсны байгууллага байгаагүй, ганц нэг хувь хүн л зуучилж өгдөг байв. Би МУИС-д программ хангамжийн инженерийн ангид суралцдаг байсан. Хичээлийнхээ хажуугаар, их сургуулиа төгсөн төгстөл энэ ажлаа хийсэн. Их сургуулиа төгсөөд юу хийх ёстой вэ, мэргэжлээрээ ажиллах ёстой юу, үгүй юу гэж их бодсон. Миний хувьд хамгийн сайн хийж чадах буюу хамгийн ойр санагдсан зүйл нь хүүхэд харах, гэр цэвэрлэх гэдгийг ойлгосон. Гэтэл их сургууль төгсчхөөд ийм ажил хийгээд явах нь зөв үү, буруу юу гэж өөртэйгөө ч их зөрчилдлөө. Өмнө нь хагас цагаар ажилладаг байсан би их сургуулиа төгсөөд яг нэг бүтэн жил бүтэн цагаар гэрийн үйлчлэгч хийж, ажиллаж үзсэн. Ингэхдээ яг л гутлынх нь тоосыг арчиж, тосолж өгөөд явуулдаг буюу гэрийн үйлчлэгчийн ажлыг “утгаар нь” хийж үзсэн. Энэ явцдаа ийм зах зээл байгаа юм байна, хүмүүст ийм хэрэгцээ байгаа юм байна, эсрэгээрээ нөгөө талд ч ажил хайж байгаа маш олон хүн байгаа юм байна гэдгийг олж харсан. Ингээд л 2013 онд компаниа байгуулж, түүнээс хойш үйл ажиллагаагаа явуулаад долоон жил болж байна.

-Танай агентлаг эцэг эхчүүдэд ямар ямар үйлчилгээг санал болгож байгаа вэ?

-Бид хэрэглэгч айлуудынхаа онцлог, хэрэгцээнээс шалтгаалж долоон төрлийн үйлчилгээ санал болгож байгаа.

НЭГ. Хамгийн өргөн хэрэгцээтэй байдаг буюу ажлын 5-6 өдөр гэртээ байрлуулж ажиллуулах. Айлынхаа гэрт амьдарч ажиллана гэсэн үг. Айл тухайн асрагч эсвэл үйлчлэгчид тусгай өрөө гаргаж өгөөд яг л гэр бүлийнх нь гишүүн мэт хамтдаа амьдарна.

ХОЁР. Ажлын 5 өдөр ажлын цагаар ажиллуулах. Уг цагийг айл өөрөө сонгодог. Тухайлбал, өглөө 09-18, 08-15 цаг гэх мэт.

ГУРАВ. Сонголтот өдөр буюу Даваа, Лхагва, Баасан эсвэл  Мягмар Пүрэв гаригт гэх мэт өөрт шаардлагатай өдөр ажиллуулах. Магадгүй долоо хоногийн ганц өдөр ч байж болно.

ДӨРӨВ. Богино цагаар буюу өглөө оройн цагаар өдөрт 3-5 цагийн хугацаатай ажиллуулах. Өглөө 09-12 цагийн хооронд, орой 19-21 цагийн хооронд гэх мэт. Өглөө ганц нэгхэн цаг хичээлтэй оюутан, гэвч хүүхдийг нь хараад өгөх хүн байхгүй бол манай энэ үйлчилгээг авах боломжтой.

ТАВ. Зөвхөн баасан гаригт 24 цаг ажиллуулах, “Friday багц”-ыг байнгын өндөр ачаалалтай ажилладаг аав ээжүүд алжаал, ядаргаагаа тайлахаар зорилгоор найз нөхөдтэйгөө уулзах, саун массажинд орох үедээ авч болдог. Баасан гарагийн 16:00 цагт очоод бямба гарагийн 16:00 цагт буудаг, хонодог багц гэсэн үг.

ЗУРГАА. Амралтын өдрийн багц буюу бямба, ням гаригт тогтмол ажиллуулах. Ажлын таван өдөр аав ээжүүд нь ажил ихтэй, хүүхдүүд нь хичээл сургуульдаа явчихдаг, хагас бүтэнсайнаар аав ээжүүд нь өөрсдөдөө цаг гаргах, хүнсээ цуглуулах гэх мэт ойр зуур ажлаа амжуулах гэхээр хүүхдүүдийг харж өгөх хүн байдаггүй. Ийм үйлчлүүлэгчдэдээ бид дараах үйлчилгээг санал болгож байгаа юм.

ДОЛОО. Шаардлагатай үедээ дуудлагаар харуулах гэх мэт ажлын нөхцөлүүдээс аль нэгийг сонгоно.Хэзээ ч, хаана ч, хүссэн үедээ дуудаж болдог. Найзындаа очоод гэрт нь, үсчинд, эмнэлэгт, арга хэмжээн дээр, машиндаа, хөдөө амралт зугаалгад аваад явж болдог.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ЯГ ҮНЭНДЭЭ РОБОТ ХҮСДЭГ. НЭГ Л ХҮН АВААД ГЭРЭЭ ЦЭВЭРЛҮҮЛЖ, ХҮҮХДЭЭ ХАРУУЛААД, ХООЛОО ХИЙЛГЭЭД, ХУВЦСАА УГААЛГАХЫГ ХҮСДЭГ

-Хамгийн хайртай хүнээ, хүүхдээ даатгаж үлдээх гэж байгаа учир хэнээр харуулах вэ гэдэг эцэг эхчүүдийн хувьд хамгийн гол шаардлага болдог байх. Танайх хүний нөөцөө хэрхэн бүрдүүлдэг вэ, тэдэнд ямар шаардлага тавьдаг вэ?

-Хүний нөөц хомсдолтой салбар. Учир нь энэ ажлыг хүмүүс ойлгодоггүй. Айлд хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийн ажил хийнэ гэхээр Монголчууд шууд л “зарцын ажил” хийх гэж байна гэх буруу ойлголттой байдаг. Бид энэ сэтгэхүйг өөрчлөхийн тулд маш их хичээл зүтгэл гаргаж байгаа. Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг мэдээж бүх төрлийн зарын сүлжээгээр явуулдаг. Зорилтот бүлгээ тодорхойлохдоо, нэгдүгээрт, 18-22 насны ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, төлбөрийн бэрхшээлээс болоод суралцаж чадахгүй байгаа охид, хоёрдугаарт, их сургууль суралцаж байгаад төлбөрийн асуудлаас болоод жилийн чөлөө авчихсан хүүхдүүдэд, гуравдугаарт, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ажил хийхээр зорьж ирж байгаа эмэгтэйчүүд, дөрөвдүгээрт, 40-50 насны гадуур ажил хайхаар насны хязгаар, царай зүс заагаад авахгүй байгаа гэх дөрвөн үндсэн зорилтот бүлгийг тодорхойлон, хүнээ сонгон шалгаруулж авдаг.

Эхний ээлжид бид ярилцлага хийж, манай шаардлагад нийцэх юм байна гэж үзвэл ажилтанд ажлын байрны талаар бүрэн ойлголт мэдээлэл өгдөг. Ингээд мэдээлэл өгөөд, тухайн хүн ажлын байраа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд анкет бөглүүлж, ажилд орохыг хүссэн өргөдөл бичүүлдэг. Ингээд эрүүл мэндийн шинжилгээнд явуулдаг. Шинжилгээний хариу сайн гарсны дараа ажлын байрны ерөнхий зааварчилгаа өгдөг. Үүгээр бид айлд очоод ах, эгч, дүү нартайгаа хэрхэн яаж харилцах вэ, тухайн айлд ирж буй зочин гийчин, найз нөхөдтэй нь хэрхэн харилцах вэ, хүүхэд харахдаа юу юун дээр анхаарах ёстой юм гэдгийг зааварчилна. Хамгийн гол зүйл нь буюу хүүхэд асрах үйлчилгээ гэдэг нь ямар учиртай юм, ямар давуу талтай юм, ирээдүйд үүсэх үнэ цэнэ нь юу юм, дэлхийн зах зээл дээр ямар байгаа юм гэдгийг маш сайхан зураглал үүстэл хэлж, ярьж, ойлгуулах чухал.

Мөн ярилцлага хийхэд эргэлзээтэй санагдвал сэтгэлзүйн сорил тестэд хамрагдуулдаг. Манайх “Монгол билиг судлал” гэж сэтгэл судлалын төвтэй хамтарч, сүүлийн үед дэлгэрээд буй зурган терапи буюу зураг зуруулаад тухайн хүний бага нас, одоог дүгнүүлж, ямар хүүхэдтэй ажиллавал болох вэ гэдгийг тодорхойлдог.

-Өнгөрсөн долоон жилийн туршлагаас харахад танайхаар үйлчлүүлж буй эцэг эхчүүдийн нийтлэг шаардлага юу байдаг вэ?

-Яг үнэндээ робот хүсдэг. Нэг л хүн аваад тэр хүнээрээ гэрээ цэвэрлүүлээд, хүүхдээ харуулаад, хоолоо хийлгээд, хувцсаа угаалгахыг хүсдэг. Энэ бол байж болохгүй зүйл. Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч гэдэг хоёр тусдаа ажил. Хүүхэд асрагчийн хамгийн чухал зүйл бол хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал. Хүүхэд асрагчид гэрийн ажлын үүрэг даалгавар өгөхөөр хүүхдэд зарцуулах цаг багасаад, гэрийн ажил хийж байх хооронд хүүхэд унаж бэртэх, өөрийгөө өвтгөх эрсдэл өндөр байдаг учир энэ хоёр тусдаа ажил гэдгийг сайн ойлгох ёстой.

Хүүхэд асрагчийн үндсэн үүрэг бол хүүхдийн хоол хийнэ, хооллоно, хувцаслана, агаар салхинд гаргана, хүүхэдтэй харилцана, тоглоно, хөгжүүлнэ, тоглоом хувцас хэрэглэлийг нь угааж арчина, усанд оруулна, хүүхдийн эргэн тойрон дахь орчинд хөнгөн чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Мэдээж хүүхэд эрүүл цэвэр орчинд байх ёстой учир тэр. Харин томчуудын хувцсыг угаагаад л, индүүдээд байх ажил хийхгүй.

Гэрийн үйлчлэгч бол гэрийн бүх төрлийн цэвэрлэгээ, бүх гишүүдийн хоол хийх, угаалга, индүүдлэг, хүнс цуглуулах зэрэг ажлуудыг хийнэ. Гурваас дээш насны хүүхдүүдтэй айлд хүүхдийг харгалзаж байж болно.

Мөн ээжүүд нь байнга хамтдаа байдаг ч туслах хүн авч байгаа бол “эзэгтэйн туслах” гэдэг нөхцөлөөр ажилтнаа өгдөг. Энэ нь ээж хүүхдээ харж байх хооронд гэр орныг нь цэвэрлэдэг, ээж нь гараад явсан хойгуур хүүхдийг нь харж өгнө гэсэн үг.

ХҮҮХЭД АСРАГЧААР АЖИЛД ОРЖ БАЙГАА АЖИЛЧДЫН ЦАЛИН ХАМГИЙН БАГАДАА 1 САЯ ТӨГРӨГ БАЙДАГ

-Эсрэгээрээ танайхаас очиж буй үйлчлэгч, асрагчийн хувьд бэрхшээлтэй зүйлс тохиолддог уу? Өмнө хэлсэнчлэн робот биш тул харилцаанаас үүдэж гарах асуудлуудыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Манай нэг үйлчлүүлэгч эгч хэлэхдээ “Бизнес гэдэг нэг шугамаар явдаг. Танайх их хүнд бизнесийн салбар юм. Дөнгөж арван жилийн сургуулиа төгссөн хүүхдүүдийг сургаж авна, гэтэл нөгөө талд ажил бизнес эрхэлдэг хүмүүс байна. Тэднийг нэг шугамд оруулж, хоорондынх нь харилцааг зохицуулна гэдэг асар хүнд юм. Яаж энэ хэцүү ажлыг хийж байна аа” гэж байсан. Үнэхээр л тийм. Ер нь маш их асуудал тулгардаг. Хууль эрхзүйн орчин байхгүй. Хандаж байгаа үйлчлүүлэгч айлууд бүгд өөр өөрийн дур зоргоор хүсэл сонирхлоо илэрхийлдэг. Гэтэл нөгөө ажил хийж буй хүмүүсийн хувьд ажил гэдэг өнцгөөс хандахгүй, хэн нэгний төлөө ажиллаад байгаа юм шиг зан ааш гаргана. Энэ л харилцааг бид зохицуулж, урт удаан хугацаанд тогтвортой асрагч байлгахын тулд манай байгууллага анхаарч ажиллаж байна.

Эцэг эхчүүдийн хувьд мэргэжлийн байгууллагаас ирж байгаа гэдэг утгаар төгс хүнийг хүлээгээд байдаг. Их мундаг орж ирүүтээ л шууд гэрийг нь цэвэрлээд л, үргэлж л гэр нь цэмцийгээд л, хүүхэд нь инээгээд л, байнга халуун хоолтой байх ёстой гэх хүлээлттэй. Гэтэл нөгөө талд хүлээлтэд нь хүрч чаддаггүй. Хэдийгээр энд ажлын байрны сургалт, зааварчилгаа аваад, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаад очиж байгаа ч айл бүр өөр онцлогтой. Зарим айл хүүхдэдээ бантан идүүлж байхад, зарим айл гурил цардуул ихтэй тул идүүлэхгүй гэдэг. Энэ бүх онцлогоос хамаарч тухайн айлд очоод шууд таалагдахгүй, айл ч асрагчдаа өөрийн гэр бүлийн онцлогийг тайлбарлаж өгөх ёстой. Хэрэв очиж буй айл маань хувцсаа эвхээд жаахан жишүү тавьж хураадаг бол үйлчлэгч очоод тэгшхэн тавиад хураачихвал л таалагддаггүй. Энэ мэт ойлголтын зөрүүгээс болох тохиолдол бий.

Асрагч тогтвортой байх нь айлаас шалтгаалдаг. Шууд л супер хүн ирнэ гэсэн хүлээлттэй байдгаас гурав хоногийн дотор хүнээ буцаадаг. Гэтэл айл, асрагч хоёр дасан зохицоход нэг сар гаруйн хугацаа шаардагддаг. Хийх ёстой ажлууд тодорхой байвал хэн хэндээ амар байдаг. Манайхаас ерөнхий зааварчилгаа мэдээж өгнө.  

Асрагч тухайлбал, өдөр бүр усанд орсон байх ёстой. Өдөрт гурван удаа шүдээ угаах ёстой. Ажлын байрных нь хувцас заавал цэвэр байх ёстой. Ажлынхаа дүрэмт хувцастай байх ёстой. Хүүхдэд ойртох бүрдээ гараа тогтмол ариутгах ёстой. Гэрийн үйлчлэгч бол гал тогоонд ойртох бүрдээ гараа ариутгасан байх ёстой гэх мэт ерөнхий шаардлагууд бий.

Ажлын байранд заавал анхаарах ёстой зүйлсээс тухайлбал, айлын гэрийн хаягийг өөр хүнд огт зааж өгөхгүй байх, өсөж яваа хүүхэд санамсаргүй байдлаар унаж бэртвэл заавал эцэг эхэд мэдэгдэнэ, мэдэгдэхгүй нуугаад өнгөрч болохгүй гэх мэт бий. Үүнээс гадна айл, асрагч хоёр өдөр тутамд заавал хийх ёстой зүйлсээ тохироод ханандаа наагаад түүнийхээ дагуу ажиллаад явахад амар байдаг.

-Нууц биш бол танай байгууллага оюутнуудыг хэдэн төгрөгөөр цалинжуулдаг вэ?

-Хүүхэд асрагчаар ажилд орж байгаа ажилчдын цалин хамгийн багадаа 1 сая төгрөг байдаг. Нас, мэргэжил, хүйс огт заахгүйгээр сарын сая төгрөгийн цалин гэдэг багагүй мөнгө. Анх манай компани байгуулагдаж байхдаа сарын 250 мянган төгрөгийн цалин өгдөг байсан. Энэ долоон жилийн хугацаанд багадаа дөрөв дахин, ихдээ найм дахин өсгөж чаджээ. Хамгийн өндөр нь 2 сая төгрөгийн цалин авдаг.

Оюутан залуусын хувьд нэг цагийн 5000 төгрөгөө, өдрийн 40 мянган төгрөгөөр ажиллуулдаг. 2018 оны есдүгээр сараас эхлээд манайх оюутнуудыг олноор ажиллуулах болсон. Зуны бүтэн гурван сарын хугацаанд сарын нэг, гурван сарын 3 сая төгрөгийн цалинтайгаар ажилд авдаг гэсэн үг.

Бид мөн оюутнуудад хандсан Таван жилийн сургалт хөтөлбөр 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь жилийн чөлөө авсан байгаа, эсвэл 11-р ангиа төгсөөд төлбөрийн асуудлаас үүдэн их дээд сургуульд суралцаж чадахгүй байгаа бүлэг хүүхдүүдэд зориулагдана. Судалгаанаас үзэхэд нэг ангийн 40 хүүхдийн дөрөв нь л ямар ч асуудалгүйгээр төлбөрөө төлж чаддаг бол бусад нь ямар нэгэн байдлаар аав ээж, эмээ өвөөгийнхөө тэтгэвэр, цалингийн зээлээр сургалтын төлбөрөө болгодог. Гэвч мэргэжлээ зөв сонгож суралцаж чадаж байгаа, үнэхээр сайн суралцаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Заавал нэг сургуульд суралцах ёстой гээд л шуураад сурчихдаг. Гэтэл зарим нэг нь үнэхээр сургуульд суралцмаар байгаа хэдий ч суралцаж чаддаггүй. Үүнээс үүдээд маш эрт хүнтэй сууж, хүүхэд гаргадаг, хүчирхийлэлд өртдөг, нийгмийн эмзэг давхрага болж үлдэх тохиол бишгүй. Үүнийг өөрчлөх нэг арга нь Таван жилийн сургалт хөтөлбөр.

Эхний нэг жил нь “Амьдралын их сургууль” буюу айлд амьдарна. Тухайн айл тусдаа нэг өрөө гаргаж өгөөд хоол унд, саван, угаалгын нунтгаас эхлээд бүх хангамжийг хариуцна. Ахуйн хэрэглээний ямар ч зардал гарахгүйгээр айлд амьдраад сарын 1 сая төгрөгийн цалин авна. Ингээд нэг жил ажиллахад 12 сая төгрөг буюу дөрвөн жилийнхээ сургалтын төлбөрөө олж байгаа юм. Үүн дээр нэмээд 13 дахь сарын урамшуулал цалин гэж нэг сарын цалин бэлэглэдэг. Монголын их дээд сургуулиудын дундаж сургалтын төлбөрийг 3 сая гэж үзвэл өөрийнхөө хүч хөдөлмөрөөр сургуульдаа суралцаж чадах нь байна. Ийм хүүхдүүд зорилгогүй суралцахгүй нь тодорхой, өөрийгөө ч олно, өөрийгөө ч ойлгосон байна. Би ер нь суралцах ёстой юу, үгүй юу, суралцах юм бол ямар мэргэжлээр суралцаж болох вэ гэдгийг мэдэж авна. Нөгөө талаас асрагч авч ажиллуулж буй айлууд улс төр, урлаг, бизнесийн хүрээлэлд өөрийн гэсэн байр сууриа олчихсон байдаг. Магадгүй тав, арав, 200  гэр бүлийг ажлын байраар хангаж, тэжээдэг айлууд ч бий. Тэр айлын гэрт орж амьдарснаараа хүнээс үг сонсож сурна, тэвчээртэй болох, ажил хийж сурах, хүнтэй харилцаж сураад, маш том зорилготой болж, хүмүүс хэрхэн амьдардгийг харж, тэдэн шиг амьдрах хүсэл эрмэлзэлтэй болно. Өвлийн улиралд ихэвчлэн ажиллаж буй асрагчдаа гадаад руу аваад явчихдаг. Тэгэхээр жилдээ 1-2 удаа ямар ч зардалгүйгээр гадагшаа аялаж, юм үзэж нүд тайлна гээд хүүхдэд асар их нөлөөлөлтэй. Ингээд нэг жилийн хугацаанд ямар ч зардалгүйгээр амьдрах ухаанд суралцаж байгаа юм. Дараагийн дөрвөн жилд өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө суралцана. Магадгүй энэ хүүхдүүдийн дундаас ирээдүйн ерөнхийлөгч ч төрж магадгүй гэж би боддог.

ЦҮНХ ШАЛГУУЛНА ГЭДЭГ АСРАГЧИЙН Ч, АЙЛЫН Ч АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ ӨГЧ БАЙГАА ЮМ

-Танай байгууллага эцэг эх, гэр бүлүүдийн өмнө ямар хариуцлага хүлээх вэ? Тухайлбал, одоо эцэг эхчүүд ихэвчлэн л фэйсбүүкийн зараар гэрийн үйлчлэгч, асрагч авч байна. Гэтэл энэ нь эргээд залилан, хулгай, хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн эх үндэс болж байдаг шүү дээ?

-Хэдийгээр эрхзүйн орчин байхгүй ч Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул хуульд захирагдаж ажил гүйцэтгэнэ. Айлуудтайгаа бид үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулдаг. Эрсдэл гарна гэхээсээ гаргахгүй байх талаас хичээж ажилладаг.

Бид эрсдэл гаргахгүйн тулд айлуудаас сард хоёр удаа санал хүсэлт авдаг. Энэ санал хүсэлтээр асрагч нэг удаа ажлаас хоцорсон байсан ч манайд мэдэгдэх ёстой. Нөгөө хүндээ бид сануулаад, сэтгэлзүйн сургалтад оруулах, ярилцах байдлаар асуудлаа шийдвэрлэдэг. Хоёрдугаарт, үйлчлүүлэгчид хулгайн асуудлаас хамгийн их эмээдэг. Хэрэв ямар нэгэн байдлаар хулгайн хэрэг гарвал бид хуулийн байгууллагаар шийдүүлдэг. Гэхдээ гаргахгүй байхын тулд өдөр бүр манай ажилчид цүнхээ шалгуулаад гарын үсэг зуруулаад айлын гэрээс гардаг. Цүнх шалгуулна гэдэг асрагчийн ч, айлын ч аюулгүй байдлыг хангаж өгч байгаа юм. Айл л юм хойно ах дүү хамаатан садан, засвар үйлчилгээ, найз нөхөд гээд олон хүн ирнэ. Гэтэл хамаатных нь нэг хүүхэд урьд өдөр нь шоудаж ирчхээд л айлын гэрээс юм аваад явчихдаг, хэн ч хамаатныхаа хүүхдийг юм аваад явчихлаа гэж бодохгүй, нөгөө хөөрхий асрагч л хардагдана. Нөгөө талаас, өсвөр насны хүүхэдтэй айлууд эрсдэлтэй, тэд найз нөхдөдөө таалагдахын тулд аав ээжийнхээ хэтэвчнээс хэдэн төгрөг авах тохиолдол их бий. Үүнд бас л асрагч бурууддаг. Ил задгай юмаа тавьдаг айлууд ч бий. Тухайлбал, жижигхэн ээмэг зүүлтээ угаалтуур дээрээ тавьчхаад өнөөх нь урсаад алга болчихвол бас л асрагчид буруудна. Тиймээс цүнх шалгах хуудсыг бөглөж, цалин буухад энэ хуудас дээрээ үндэслэн боддог.

Нөгөөтээгүүр, бид ажилчдаа ажилдаа дуртай байлгах тал дээр маш их анхаардаг. Тухайлбал, бид төрсөн өдөр нь болж байгаа бүх ажилчдадаа цэцэгт мэндчилгээ илгээдэг. Тэр хүн ажлын байран дээрээ, хичээл сургууль гээд хаа байсан ч заавал хүргүүлнэ. Өнөөдөр гэхэд манай гурван ажилтны төрсөн өдөр тохиож байна. Бүгд эмэгтэй хүн учраас тэдний мэдрэмжийг сайхан байлгахыг хүсдэг. Мөн ажилчдаа хамт олонтой байлгаж, ажилд нь дурлуулдаг.

-Эрэлт хэрэгцээ хэр их байгаа вэ? Танай байгууллагад байнгын болон байнгын бусаар асрагч, үйлчлэгч авдаг бүртгэлтэй хэдэн гэр бүл бий вэ?

-Байгуулагдсан цагаасаа хойш 3000 гаруй эмэгтэйг ажлын байраар хангасан байна. Урт болон богино хугацааны, үндсэн болон цагийн ажилтан гэсэн ангиллаар. Айлуудын хувьд эрэлт хэрэгцээ маш өндөр. Сүүлийн үед эцэг эхчүүд бүр их л завгүй болж, эрэлт ихсэж байгаа. Өдөртөө тогтмол 1-3 айлаас, долоо хоногт хамгийн багадаа 7-30 айлд тогтмол үйлчилгээ үзүүлдэг.

-Сонирхсон асуултуудад минь ний нуугүй хариулсан танд баярлалаа. Амжилт хүсье.

-Та бүхэнд мөн баярлалаа. 2020 онд бид гадаад харилцаагаа өргөжүүлж, бусад улс орнуудаас хүн урьж авч ирэх, гадагшаа ажилтнуудаа явуулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Мөн ISO 9001 стандарт нэвтрүүлэхээр зорьж, даатгалын асуудлаа шийдэж, ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудтайгаа өрсөлдөх бус тэдэнтэйгээ хамтарч ажиллахыг зорьж байна. Хууль эрхзүйн орчин байхгүй хүнд салбар учраас бид ижил төрлийн байгууллагатайгаа нэгдэж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, хэлэлцэж, холбогдох албан тушаалтанд хүргэх ёстой болов уу. Эдгээр ажлууд дээр төвлөрч ажиллаж байна.

ХОЛБОГДОХ ХАЯГ: www.happyflowers.com, “Happy flowers llc /Хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч зуучлах төв /” фэйсбүүк хуудас, утасны дугаар: 90777755

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туяа
Туяа
2020-01-21 17:30

Жаахан гайгүй байранд амьдарч айгаа айлыг хараад маш бага хөдлөөд цагаа нэмж их мөнгө авдаг, мөн дутуу цэвэрлэдэг,

Туяа
Туяа
2020-01-21 17:32

Мөн дундаж айлууд гэрээ цэвэрлүүлэхэд маш өндөр үнэ нэхдэг
Баячууд бол нэхсэн мөнгийг нь өгдөг болохоор

Зочин
Зочин
2020-01-21 17:36

Жишээ нь 150м2 байр цэвэрлэхэд 340000 төг авч бна
Үнэн аймаар зөвхөн мөнгө хийж байна

Золоо
Золоо
2020-01-21 21:45

Ажиллаж байгаа хүмүүсээ сургах т�##� дээр тун тааруу цэвэрлэгээ хийж чадахгүй хүн ирүүлээд хэлэхээр айл нь сургаад ав гэдэг

Холбоотой мэдээ

Back to top button