БНХАУ Японы маргаан: Бээжин бүх далайн бүтээгдэхүүнд хориг тавьлаа
БНХАУ, Япон хоёр Тайванийн асуудлын улмаас зөрчилдөж харилцаа нь хурцдаад байгаа. Энэ маргааны улмаас БНХАУ иргэдээ Япон руу аялахгүй байхыг уриалсан. Тэгвэл Бээжингийн авсан дараагийн арга хэмжээ нь Японоос орж ирэх бүх далайн бүтээгдэхнүүний импортыг хориглосон явдал боллоо.
Нэгэн эх сурвалж хэлснээр бол БНХАУ Фүкүшимагийн цөмийн реакторын усыг далайд цутгаж буй явдлыг шалгах хэрэгтэй хэмээн импортыг зогсоожээ. 2023 оны наймдугаар сард Япон улс Фүкүшимагийн цөмийн реакторыг хөргөхөд ашигласан цацраг идэвхт усыг далай руу цутгаж эхэлсэн. Тэрхүү усыг шүүсний дараа цутгаж байгаа тул цацраг идэвхт бодисын агууламж аюултай түвшинд байхгүй гэж Японы албан тушаалтнууд мэдэгдсэн. Тухайн үед БНХАУ Японоос авах бүх далайн бүтээгдэхүүний импортыг зогсоож зөвхөн энэ сарын эхээр л тус хоригоо буулгаад байсан юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ Япон улс далайн бүтээгдэхүүн нь аюулгүй гэдгийг батлах техникийн материал бүрдүүлээгүй гэжээ. Мөн Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи буруу мэдэгдэл гаргаж, БНХАУ-д олон нийтийн дургүйцлийг хүргэсэн учир Япон далайн бүтээгдэхүүнийг авах зах зээл байхгүй гэж Мао хэлсэн байна.
Эх сурвалж: Kyodo News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.