
Ус цаг агаар, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Өнөөдөр буюу 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа.
Хур тунадас: 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 24-нд говь, тал хээрийн нутгаар 25-27-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -15…-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.