Нийгэм мэдээ

Хичээлийн шинэ жилийг 8-р сарын 1-ээс эхлүүлэх боломжтой юу

Ойрын өдрүүдэд томуугийн дэгдэлт их байгаатай холбогдуулан сурагчдын хичээлийг 14 хоногоор урагшлуулах саналыг Эрүүл мэндийн яамнаас Боловсролын яаманд хүргүүлсэн билээ. Мөн Ерөнхий сайдын зүгээс 12-р сарын 1-ээс эхлэн цахимаар хичээллэх боломжийг судлахыг үүрэг болгосон.

Харин эцэг эхчүүдийн зүгээс өвлийн утааны үед томуугийн дэгдэлт нэмэгдэх нь хүүхдэд эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй нөхцөл үүсгэж байгааг онцолж, хичээлийн жилийг 9-р сарын 1-ээс биш 8-р сарын 1-ээс эхлүүлж, өвлийн амралтыг 12-р сарын 1-ээс 2-р сарын 1 хүртэл болгох асуудлыг хөндөж буй.

Монголд Ерөнхий боловсролын сургуулиуд жил бүрийн 6-р сараас 9-р сар хүртэл амарч 9-р сарын 1-ээс албан ёсоор хичээлийн жил эхэлж, өвлийн урт амралт 12-р сарын 15-аас 1-р сарын 25 хүртэл үргэлжилдэг.

Ерөнхийдөө хүйтэн сэрүүний байгаль цаг уурын болон зуны нүүдлийн аж ахуйн онцлогоо дагаж бид зуны амралтыг 6-р сараас эхлүүлсээр ирсэн юм. Энэ нь олон улсын жишигт ч мөн хөдөө аж ахуй, мал ахуй эрхэлдэг байсаньай холбогдуулан тухайн онцлогтоо нийцүүлж сурагчдын амралт, хичээл эхлэх үеийг тооцдог байжээ. Зун амрах нь сурагчдын хувьд цаг уурын эрс тэс нөхцлүүдийг давж, өндөр ачаалалтай хичээллэсний дараа бие махбодын болон сэтгэл зүйн хувьд хамгийн сайн амралт болоод зогсохгүй бие даан хөгжих, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх, сонирхолтой хөтөлбөр, зусланд хамрагдах боломжийг бүрдүүлж өгдөг.

Манайхтай төстэй буюу 9-р сараас хичээлийн шинэ жил нь эхэлдэг улс орнууд цөөнгүй бол АНУ-д 8 сарын эхэн үеэс 9-р сарын эхэн үе, Канадад 9-р сарын эхэн үед, ОХУ-д мөн 9-р сарын 1-ээс хичээл эхэлж, зуны амралт ч мөн 5-р сарын сүүл 6-р сараас эхэлдэг байна. Харин БНСУ-д хичээлийн шинэ жил 3-р сард эхлээд 7-р сарын дундаас 8-р сарын сүүл хүртэл, Японд 4-р сарын 1-ээс хичээлийн шинэ жил эхэлж мөн л зуны амралт нь Өмнөд Солонгосынхтой төстэй байдаг аж.

Энэ нь улсын төсөв болон их дээд сургуулиудын санхүүжилт, төрийн байгууллагын тооцоо, санхүүгийн жил гэх мэт тогтсон загваруудтай уялдаж, нийцсэн бөгөөд 1-2-р сар цаг уурын хувьд хамгийн хүйтэн үе нь тохиож, 3,4-р сараас дулаарч эхэлдэгтэй ч мөн холбоотой юм.

Иймд эдгээр нөхцөл шалтгаануудыг харгалзахаас гадна үндэсний томоохон баярууд, элсэлтийн шалгалт, тэтгэлэгт хөтөлбөрүүд зэрэг олон нөхцлийг хооронд нь уялдуулж байж сурагчдын амралтыг төлөвлөдөг байх нь. Тухайлбал, уламжлалт Цагаан сарын баяр жил бүр өөр сар, өдөрт болдог тул үүнийг сурагчдын амралттай хэрхэн нийцүүлэх вэ, өвлийн урт амралтаас хичээлдээ орсны дараа дахин баярын амралтаар амрах уу зэрэг асуултууд урган гарах юм.

Хэрэв Монголд сурагчдын амралтын хуваарьт томоохон өөрчлөлт хийе гэвэл тал талын нөлөөлөл, боломжуудыг харгалзаж, судлах нь зөв билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button