10 цагийн хүнд хагалгааг давж, спортдоо эргэн ирсэн Амотти
"Physical Asia" нэвтрүүлгийн БНСУ-ын багийн тамирчин Амотти ирэх сард манай улсад ирэх болсон тухай цахим орчинд нийтлэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор түүний талаарх сонирхолтой баримт мэдээллийг хүргэж байна.
Амотти 1992 оны 11-р сарын 9-нд БНСУ-ын Дэгү хотод төрсөн. Ённам Их сургуулийн Биеийн тамирын коллежийг төгсөж, тэнгисийн явган цэргийн корпусад заавал хаах цэргийн албаа хаагаад 2013 онд халагдаж байжээ. Цэргийн алба хаасныхаа дараа CrossFit-ээр хичээллэж эхэлсэн байна.
Хожим 2019 онд тэр "CrossFit Open" тэмцээнд зургаадугаар байр эзэлж, "Asia Championship" тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн.
Дэлхий нийтээр хөл хорио тогтоосон үеэр өөрийн юүтүб хаягаа нээж, дасгал хөдөлгөөн болон өдөр тутмын амьдралынхаа тухай влог бичлэгүүд байршуулж эхэлжээ.
2021 оны нэгдүгээр сард тэрбээр, скүтертэй явж байхдаа автомашины осолд орж, шагайгаа хүнд гэмтээж байжээ. 10 цаг үргэлжилсэн хүнд мэс заслын дараа эмч нар түүнийг буцаад спортоор хичээллэх хэмжээний бүрэн эдгэрэхгүй гэж байсан ч хоёр жилийн хугацаанд гам барьж, чадахаараа бэлтгэл сургуулилт хийсний ачаар ийнхүү спортдоо эргэж ирсэн байна.
Энэ тухайгаа ч Physical 100 нэвтрүүлгийн үеэр ярьж байжээ. Тэрбээр, “Эмч нар намайг дахиж дасгал хөдөлгөөн хийх бүү хэл алхаж ч чадахгүй байж магадгүй гэж хэлсэн. Тэр үед бүх амьдрал минь нурж байгаа мэт санагдсан. Ээж маань л намайг асарч, хайрлаж, халамжилсаар хөл дээр минь босгосон" гэж байв.
2023 онд Амотти "Show Me the Body" хэмээх тэмцээнд түрүүлж, 20 сая воны шагнал хүртэж байжээ. Мөн тэрбээр "Physical: 100" нэгдүгээр улиралд оролцохоор бараг сонгогдох шахсан ч эцсийн жүжигчдийн бүрэлдэхүүнд багтаагүй. Харин 2024 онд тус нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд оролцсон байна.
Энэ онд тэрбээр, "Physical: Asia" шоуны БНСУ-ын багт, мөн tvN-ийн шинэ олон ангит хөгжөөнт шоу "Muscle Farmers"-т оролцсон.
Б.НОМТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.