ЭДИЙН ЗАСАГ

Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын боломжийг тэд хөгжүүлж, бид хоцров

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийн 2014 оны 9-р сард Душанбе хотноо гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар харилцан тохиролцсон.

Ингэхдээ,

  • Зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, харилцан холбогдох
  • Худалдаа, тээврийн нөхцлийг сайжруулах
  • Хилийн боомтын бүтээн байгуулалт
  • Гаалийн хяналтыг сайжруулах
  • Санхүү, хөрөнгө оруулалт,
  • Эрчим хүч,
  • Хөдөө аж ахуй,
  • Аялал жуулчал
  • Хүмүүнлэгийн солилцоо
  • Экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах гэсэн 10 хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхээр болж байсан билээ.

Энэхүү хөтөлбөрийг таван жил тутам шинэчлээгүй тохиолдолд цааш үргэлжлэн тав таван жилээр сунгагдана. Уг гурван улсын эдийн засгийн коридорын гол тоглогчид нь өнөөдөр ОХУ, БНХАУ болж, Монгол Улсын хувьд дээрх 10 хөтөлбөрөөр иж бүрэн түншлэлээр ахиц авчирч чадалгүй өнөөдрийг хүрэв. Хятад, Оросын эдийн засгийн түншлэл хэрхэн гүнзгийрч буй талаар "The Geopolitics"-т бичигдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Москва Бээжин хоёр бие биедээ стратегийн гол тулгуур болж байна

Евразийн өргөн уудам эх газарт сүүлийн жилүүдэд чимээгүйхэн боловч маш чухал өөрчлөлт өрнөж байна. Хятад, Орос хоёр улс жил ирэх тутам эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, бүс нутгийн худалдааны урсгал, эрчим хүчний сүлжээ зэргээр геополитикийн тэнцвэрээ дахин шинээр зохион байгуулж эхэллээ. Хөрш хоёр улсын прагматик харилцаанаас эхэлсэн энэхүү хамтын ажиллагаа харилцан ашиг сонирхол, нийтлэг сорилт, дэлхийн түвшний хувьсамтгай орчны дунд илүү бат бөх түншлэл болон төлөвшихөөр байна.

Украины дайнаас улбаалсан дэлхий дахины тогтворгүй байдал, эдийн засгийн хэлбэлзэл дунд Москва, Бээжин хоёр бие биедээ стратегийн гол тулгуур болох нь гарцаагүй. Барууны хориг арга хэмжээ, худалдааны шинэ нөхцөл байдал нь Оросыг зүүн тийш хандахад хүргэсэн бол Хятад улс “Бүс ба Зам” санаачилгаараа бүс нутгийн холболт, хамтын хөгжлийг түлхүү дэмжиж эхлэх болов. Ийнхүү хоёр улсын хамтын ажиллагаа нь дан зах зээлийн ойролцоо байдал бус, харин стратегийн тогтвортой байдлын шинэ загвар руу шилжиж буйг илтгэж буй.

Украины мөргөлдөөн, эрчим хүчний урсгалыг тасалдуулсны дараа хоёр улс шинэ нөхцөлд хурдан дасан зохицов. 2023 онд хоёр улсын худалдаа 240 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоосон. “Сибирийн хүч” хоолойгоор дамжих Оросын нефть, байгалийн хий, нүүрсний экспорт тогтвортой өсөж, Хятад улс барууны компаниуд гарсны дараа үүссэн орон зайг автомашин, тоног төхөөрөмж, электроникийн бүтээгдэхүүнээр нөхөж байна.

Хөдөө аж ахуйн салбар хоёр орныг холбогч гүүр нь болоод зогсохгүй, Оросын улаан буудай, далайн бүтээгдэхүүний экспорт Хятадад нэмэгдэж, Хятадын бордоо, техник хэрэгсэл Оросын фермерүүдийг дэмжиж эхлэв. Санхүүгийн салбарт рубль–юанийн тооцоо давамгай болж, барууны банк санхүүгийн системээс хамаарах хамаарлыг бууруулж байна.

Хятад, Оросын энэ хандлага нь богино хугацааны хариу арга хэмжээ бус эдийн засгийн коридорын үр өгөөж, эдийн засгийн бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх урт хугацааны стратегийн хэмжээнд хүрэх болов.

Тэдний шинэ дипломат хэл

Хамтын ажиллагааны нэг сонирхолтой тал нь дэд бүтцийг дипломат зөөлөн хүчний хэрэгсэл болгон ашиглаж буй явдал юм. “Бүс ба Зам” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ) нь Азийг Европтой холбосон интеграцын механизм болж байна.

Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридор нь Хятадын хойд бүсийн үйлдвэрлэлийн төвүүдийг Сибирийн баялаг бүс нутагтай, улмаар Оросын баруун тийш чиглэсэн тээврийн сүлжээнүүдтэй холбож байна. Хятадаас гарах ачааны галт тэрэг Европын төвүүдэд ердөө хоёр долоо хоногийн дотор хүрэх боломж бүрдсэн нь усан замаас хавьгүй хурдан. Энэхүү өргөжин тэлж буй тээвэр, ложистикийн сүлжээ нь дипломат бодлогын шинэ хэв маягийг илэрхийлнэ. Хятадын хөгжлөөр дамжуулан хамтдаа өсөх хандлага, Оросын Евразийн зангилаа байх сонирхлоо хадгалах стратегийн аль аль нөхцлийг хангаж буй юм.

Украины дайн нь хоёр улсын дипломат харилцааны тэнцвэрийг шалгаад авсан ч Хятадын төвийг сахисан байр суурь, яриа хэлцлээр шийдэхийг уриалсан тогтвортой байдал нь Оросын талд үнэ цэнтэй дэмжлэг болсон.

Энэ тэнцвэр нь тэдний түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагаа нь үзэл суртлын бус, прагматик бодит ашиг сонирхолд тулгуурлаж буйг харуулдаг. Хятад улс бат бөх холбоо бус, харин хамтын ажиллагааны түншлэлийг илүүд үздэг бол Орос улс өөрийн бие даасан байдлыг хадгалсан хэлбэрийн хамтын ажиллагааг үнэлдэг.

Ирээдүйн эдийн засгийн газарзүй буюу Еврази шинэ төв болон төлөвшинө

Еврази өнөөдөр дэлхийн шинэ эдийн засгийн төв болж хувирч байна. “Бүс ба Зам” болон ЕАЭБ-ийн интеграц нь Номхон далайгаас Балтын тэнгис хүртэл үргэлжлэх эдийн засгийн коридор болон хувирах боломжтой.

  • Хятадын компаниуд Оросын Алс Дорнодод ложистикийн төв, порт, үйлдвэрлэлийн бүсэд хөрөнгө оруулж байна
  • Оросын компаниуд нөхөн сэргээгдэх эрчим хүч, уул уурхай зэрэг салбарт Хятадын төслүүдтэй нэгдэх болов

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа олон талт болохын зэрэгцээ Евразийн хөгжлийн загварыг барууны системээс хамааралгүй болох өөрчлөлт дээр зорилго огтлолцож буй. Энэхүү түншлэлийг тодорхойлж буй гол ойлголт бол стратегийн тогтвортой байдал, ноёрхлоор бус харилцан ойлголцол, яриа хэлэлцээ, бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмаар тогтвортой байдлыг хангах хандлага юм.

Ойрын жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа дижитал худалдаа, цэвэр эрчим хүч, өндөр технологийн инновацид өргөжин тэлэх төлөвтэй. Эрчим хүчний шилжилт түргэсэж буй энэ үед хоёр улс эдийн засгаа шинэчлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах зэрэг өргөн хүрээний боломжийг харж байна" гэжээ.

Хятад Монголын гадаад худалдааны нийт эргэлт 16.5 тэрбум ам.доллар бол, Монгол Оросын гадаад худалдааны нийт эргэлт 1.7 тэрбум ам.доллар бөгөөд Монголын экспорт 63.7 сая ам.доллар, импорт нь 1,6 тэрбум ам.доллар байна. Харин Хятад Оросын гадаад худалдааны нийт эргэлт 240 тэрбум ам.доллар байх жишээтэй.

Эдийн засгийн коридор байгуулсан нэрийн дор худалдааны эргэлт, худалдааны тэнцэл ийм харьцангуй байгаа нь бид өнөөг хэр бодит түншлэлүүд хийж чадахгүй хэвээр байгаагийн илрэл юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
фэтйи чаа
фэтйи чаа

үхсэний чинь коридор!!! тэнэг иванууд хараал идсэн дайнаасаа болоод хамаг баялагаа хужаад үнэгүй өгж байгааг хэлж байгаа бол,фэтий чаа, хахаха

Холбоотой мэдээ

Back to top button