"Оюу Толгой"-н сонсголд дуудагдах хүний тоонд анхны монгол захирал С.Мөнхсүх багтах ёстой

11-р сарын сүүлээр "Рио Тинто" компанийн зүгээс "Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус компанийн Зэсийн өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүхийг томилох шийдвэрийг гаргасан билээ.
Үүний өмнөхөн Ерөнхий сайд Г.Занданшатар "Рио Тинто" компанийн удирдлагуудтай онлайн уулзалт хийх үеэрээ Монголын талын ашиг сонирхлыг авч үзэх, монгол хүнийг томилох саналыг тавьсан юм. Уг уулзалтын дараахан ийн "Рио Тинто" компани "Оюу Толгой" ХХК-ийн захирлаар ажиллаж буй Дридре Лингенфилдерийн үүрэгт хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан дараагийн гүйцэтгэх захирлыг сонгохдоо С.Мөнхсүхийг томилсон нь аль аль талын эрх ашгийг хангаж буй мэт дүр зураг үүсгээд авсан.
Нөгөө талдаа, тус компанид олон жил ажиллаж, дэвшиж ирсэн хүн монголын эрх ашгийг хангах эсэх дээр ч мөн салбарынхан олон талаас ажиглаж буй.
Ирэх долоо хоногт буюу 12-р сарын 8-ны өдөр "Оюу Толгой"-н гэрээ болон алдаа, оноог хэлэлцэх УИХ-ын түр хорооны нээлттэй сонсгол болох бөгөөд үүнд нийтдээ 300 гаруй албан тушаалтныг гэрчээр дуудахаар төлөвлөсөн. Голчлон "Оюу Толгой"-н гэрээг хийгдэх үеийн болон түүнтэй холбогдох шийдвэрүүдийг гаргаж, оролцож ирсэн бүх хүнийг дуудах боловч одоогийн удирдлагууд ч мөн оролцох ёстой юм.
Учир нь ирэх 2026 онд "Оюу Толгой"-н зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөх, мөн одоогийн үүсээд буй нөхцөл болох Жавхлант, Шивээ Толгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөц тогтоох, үнэлгээ хийх болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлуудыг ч энэ сонсголын үеэр хэлэлцэнэ.
Иймээс томилогдоод удаагүй шинэхэн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нь цаашид үнэхээр Монголын эрх ашгийг алдуулалгүй, Засгийн газрын тавьж буй нөхцлийг тэнцвэртэй авч явах сонирхол бий бол энэ сонсголд сууж, бүх талаас нь хэлэлцэж буй агуулгуудыг сонсох хүний тоонд зүй ёсоор багтах учиртай.
Өнөөдрийг хүртэл "Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захиралд "Рио Тинто" гадаад хүн томилж ирсэн бөгөөд С.Мөнхсүх бол анхны монгол томилгоо учраас сонсгол дээр анхны гэрээ зурагдсан цагаас өнөөдрийг хүртэлх бүх талаас нь арвин мэдээлэлтэй болох боломж бий. Магадгүй цаасан хэлбэрээр гар дээр танилцуулагдахаас өөрөөр буюу "Оюу Толгой"-г тойрсон улс төрийн нюансууд ч эндээс ил болж мэднэ.
С.Мөнхсүхийн хувьд зэсийн салбарт томоохон төслүүд дээр ажиллаж ирсэн туршлагаараа компанийн эрх ашгийн төлөө зүтгэх үүрэг нь түүнд бий ч, "Оюу Толгой"-н гэрээ бол Монголын хувьд алт, зэсийн хамгийн том орд төдийгүй анхны томоохон хэлцлүүдийг хийсэн гэдгээрээ яалт ч үгүй олон нийтийн анхаарлын төвд буй. Хэзээд ч байх болно.
Сонсголд дуудагдсан 300 гаруй хувийн болон төрийн албан тушаалтнуудын дунд С.Мөнхсүхийн нэр харагдаагүй. Гэвч түүнийг зайлшгүй дуудаж, өнгөрсний алдаа онооноос цаашид "Оюу Толгой"-н гэрээг хэрхэн илүү сайжруулах боломж нөөцийг бодит, халуун уур амьсгал дээрээс нь харж, сонсох нь чухал билээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.