Тойм: Парламентдаа хүчгүйдсэн ХҮН, ИЗНН
Монгол Улс 76 гишүүнтэй парламентын тогтолцоогоо жил гаруйн өмнө халж, 126 гишүүнтэй, олон намын тогтолцоотой байхаар бүрдүүлсэн. Угтаа улсынхаа хувь заяаг нэг намын халаасанд оршихоос сэргийлж, олон хянагч суулгаж буйгаа тухайн цагтаа тунхагласан. Гэсэн ч өдгөө Засгийн газрын бүрэлдэхүүнд буй ХҮН нам болон ИЗНН парламентад яах аргагүй хүчгүй тоглогчид болж, нэг намын ноёрхол руу чирч эхлэв.
ХҮН нам харьцангуй боловсон хүчин сайтай гэдгээрээ танигдаж, олон нийтийн хүлээлтэд нийцэж байсан ч МАН-ын 80 оны лидрүүдийн халаасанд байсаар ирэв. Нэг үгээр хэлбэл гадагш сурах, боловсрох, сонгуульдахаа хүртэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараар л даалгаж явсан. Гэтэл Г.Занданшатарын Засгийн газраа тэргүүлж эхэлснээр тэд намжмал байдалд бүрэн шилжив.
Эргэн сануулахад, 2019 онд Д.Амарбаясгалангийн захиалгаар тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг тангаргаасаа няцсан хэмээн ҮХЦ-д хэд, хэдэн хуулийн заалт зөрчсөн хэмээн өгч байсан удаатай.
Тэд УИХ-д найман суудалтай байсан ч энэ долоо хоногт долоо болж цөөрөв. Учир нь тус намаас нэр дэвшиж Баянгол дүүргийн 28 мянган хүний саналаар УИХ-ын гишүүн болсон Ж.Золжаргал намаасаа гарч, сул гишүүн болж байгаагаа зарлав. Гарах болсон маргааны үндэс нь Ж.Золжаргал гишүүн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, гарын үсэг зурснаас эхэлж. Ийн намынхандаа нүд үзүүрлэгдэж явсаар "Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Мөр мөрөө бодъё, амжилт хүсье" гээд гарч одов. Харин ХҮН намын дарга Т.Доржханд намаасаа аль хэдийн гарсан гишүүндээ хариуцлага тооцох тухай юм яриад үлдэв.
ХҮН нам угаас УИХ дахь намын бүлэг болж чадаагүй. УИХ-ын тухай хуулийн 29.1.Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 10 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг /цаашид "бүлэг" гэх/ байгуулж болно гэх заалт бий. Гэсэн ч нэг суудлаа алдана гэдэг цөөн бүрэлдэхүүнтэй намын хувьд том гарз. Мөн МАН-ын 80-аад оныхны халаасанд багтаасан дарга Т.Доржхандаа суудлаас нь буулгахгүй бол Ерөнхийлөгчийн ивээлд багтахгүй болчихлоо.
ИЗНН. УИХ-ын гишүүн, сайд асан С.Оюунаас Б.Батбаатарт шилжсэн, боловсон хүчний "дутагдалтай" гэж хэлж болохуйц УИХ-д дөрвөн суудалтай, Засгийн газарт нэг сайдтай нам.
Хуучин АН-ын С.Одонтуяагийн удирдаж байсан БОУАӨЯ-ыг Б.Батбаатар удирдах болсон ч яамны боловсон хүчин нь АН-ын үеийн томилгоогоор буй. НҮБ-ын эгнээнд багтсан 193 орныхон чуулах COP17 төслийн ажлын хэсэгт нь МАН-ынхан буй.
Угтаа нам сайдтай болчихвол толгойлж буй яамандаа намынхан нь ажиллах амбицтай байдаг. Ингэж чадахгүй байгаадаа ИЗНН-ынхан бухимдаж Б.Батбаатараа намнуулахаар дэд дарга С.Батбаатараа хөдөлгөсөн. Тодруулбал, нэг сарын өмнө СОР17 хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нь гадаад улс орнуудад зорчихдоо Төрийн хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчиж, хоёр сард хоёр тэрбумаар зугаалсан гэж АТГ-д мэдэгдсэн байдаг. Ерөнхийдөө нам дотроо асар бужигнаантай буй нь энэ.
Үндэсний эвсэл. Мөн л УИХ-д дөрвөн суудалтай нам. Одоогоор бусдын халаас руу орчихгүй, эрүүл шиг нүдтэй нь Н.Номтойбаярын тэргүүлсэн нам боловч систем угсрах боломжгүй, МАК-ийн бизнесийг хамгаалах хүрээнд л эргэлдэх дүр зурагтай.
Эргэн сануулахад, Г.Занданшатарын Засгийн газар бүрэлдэх үеэр шадар сайдын түвшинд хамтарч ажиллах саналаас нь татгалзаж, сайдын сэтэр зүүж л байвал юу ч хийсэн хамаагүй гэдэг улс төрч биш гэдгээ илэрхийлсэн. Харин Д.Амарбаясгаланг Засгийн газар тэргүүлбэл нэгдэхэд бэлэн гэж дуугараад амжсан.
Олон гишүүнтэй, олон ургальч парламент болно гэснийх нь байж байгаа царай нь ер энэ билээ. Санаатай, санаандгүй байдлаар олон намын тогтолцоо цааш явж чадахгүйд хүрч, нэг намын тогтолцоо руу чирч байна. Үнэндээ ноёрхох нам ч алга.
Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, намууд энэ оны 12 сарын 31-ээс урьтаж, шинэ хуульд нийцсэн дүрмээ УДШ-д бүртгүүлсэн байх учиртай. Гэсэн ч МАН даргын зодооноосоо болж дүрмээ ч, даргаа ч УДШ-рүү илгээгээгүй. ХҮН, ИЗНН, Үндэсний эвслээс дүрмээ илгээсэн эсэх нь одоогоор тодорхойгүй. Харин АН шинэ дарга О.Цогтгэрэлээ бүртгүүлсэн ч дүрэм нь шаардлагад нийцэхгүй буцсан учир дахин илгээсэн байдалтай байна.
Төгсгөлд нь, одоогийн байдлаар олон нийтийн зүгээс "хүн" шиг ажиллаасай, 2028 он хүртэл сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж, эрх баригч намынхаа эрхшээлд орчихгүйхэн урагшлахыг нь хүлээж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Занданшатар аа хуучны олон удаа сайд хийсэн нударган баячуудын нэрс орж ирвэл Огцрох амархан шүү гэж мэдэж л баймаар. Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр мэтийн ашиг сонирхлын зөрчилтэй хулгайчдыг Хүрэлсүх мөнгө авч засагт байлгаад байгаа нь Тимон Пумба хоёроор туг тахисан үйлдэл гэж харагдаж байна