Монголын эрчим хүчний нүүрсний экспортын боломж буюу Хятадын цахилгаан, дулааны хэрэглээ энэ өвөл түүхэн дээд амжилтаа эвдэнэ
Монгол Улсын экспортын өндөр хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс эзэлж байна. 2024 онд манай улсын нүүрсний экспортын оргил жил байсан бөгөөд дэлхийн зах зээл дээр тонн коксжих нүүрсний үнэ багадаа 104 ам.доллар, эрчим хүчний нүүрсний үнэ 75 орчим ам.доллар байсан бол энэ онд коксжих нүүрсний тонн тутмын үнэ 58 орчим ам.доллар, эрчим хүчний нүүрс 50 хүрэхтэй үгүйтэй ам.доллар болж буурав.
Манай улсын нүүрсний экспортын дийлэнх хувийг коксжих нүүрс эзэлдэг бөгөөд гол худалдан авагч БНХАУ. Жил бүр Монголын нүүрсний экспортын хувь хэмжээ нэмэгдэж байгаа хэдий ч тонн тутмын үнэ буурах тусам зах зээл дэх үнэ цэн нь ч мөн дагаад буурч буй.
2024 онд өндрийг аваад байсан нүүрсний супер цикл аажмаар удааширч байна. Коммодитийн зах зээлийн шинжээч, судлаач Жон Лафоржийн судалгаанаас харвал, түүхий эдийн үнэ ханш нь урт хугацааны өсөлт, бууралтын мөчлөгөөр хамтдаа хөдөлдөг бөгөөд энэ мөчлөг нь 15-20 жил орчим үргэлжилдэг гэжээ. Өнөөдрийг хүртэл дэлхий дахинаа уул уурхайн түүхий эдийн үнийн супер цикл ердөө 6 удаа л тохиосон байдаг аж.
2000-аад оны эхээр Хятадын бүтээн байгуулалт асар эрчимжиж, энэ хэрээр түүхий эдийн тэр дундаа төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ тэнгэрт хадаж байсан удаатай. Энэ нөлөөлөл Монголыг ч тойроогүй бөгөөд тухайн үед дотоодын эдийн засаг жилд 7-10 хувиар өсөж байсан юм.
Хятад улс өнөөдрийн байдлаар дэлхийн нүүрсний хэрэглээний 53 хувийг дангаараа эзэлж, жил ирэх бүр эрчим хүчний хэрэглээ нь нэмэгдсэнээр нүүрс ашигладаг цахилгаан станцуудын эрэлт ч мөн дагаад өсөж буй.
Түүнчлэн Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээл нь зүүн хойд хэсэгтээ байдаг учир энэ зах зээл нь бидэнд хамгийн ойр юм. Өнөөдрийн байдлаар Монголоос экспортолж байгаа эрчим хүчний нүүрсний хэмжээ коксжих нүүрсийг бодвол харьцангуй бага буюу 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2.4 сая тонн л байв.
Өнгөрсөн жилээс БНХАУ бодлогоор гангийн үйлдвэрлэлийг хумьж, ногоон эрчим хүч рүү шилжих бодлогууд хэрэгжүүлэх болсноо зарласан нь чулуун нүүрсний үнэ, эрэлтэд тийм ч таатай нөлөө үзүүлээгүй.
Гэхдээ 11-р сарын 27-нд Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооны төлөөлөгч Ли Чао Бээжинд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Хятадын хойд бүс нутагт өвлийн халаалтын улирал бүрэн эхэлж, энэ өвөл улс даяар цахилгааны ачаалал дээд цэгтээ хүрч, хийн хэрэглээ мөн түүхэн дээд түвшиндээ хүрэхээр байгааг онцолжээ. Эрчим хүчний нийлүүлэлт, хэрэглээний нөөц тогтвортой байгаа гэдгийг мөн тодотгосон байна. Мөн энэ онд халаалтын улирал буюу өвлийн үед эрчим хүчний хэрэглээ багагүй урт хугацаанд үргэлжилж, энэ үеэр оргил ачаалал өндөр байхаар байгаа гэв.
Учир нь Хятадын цагаан сар 2026 онд хуанлын тооллоор харьцангуй орой тохиож байгаа учир үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээ болон өвлийн хүйтний хэрэглээ давхцаж, хэрэглээний өндөр ачааллын үе хоёр сараас илүү уртаар үргэлжлэх аж. Энэ нь өмнөх жилүүдийнхээс харьцангуй урт хугацаа.
Цаг уурын төлөв болон Хятадын эрчим хүчний системийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл, энэ өвлийн халаалтын улиралд улсын хэмжээнд цахилгааны хамгийн өндөр ачаалал болон хийн хэрэглээний оргил үе нь өмнөх бүх жилүүдийн түвшнээс давж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байгааг онцолсон байна. Энэ нөхцөл байдлуудыг дагалдаж, 1-10-р сарын хооронд антрацит нүүрсний болон байгалийн хийн олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 1.5 болон 6.3 хувиар тус тус өссөн байна.
10-р сарын эцэс гэхэд Хятадын нийт суурилагдсан эрчим хүчний хүчин чадал 3.7 тэрбум кВт цагт хүрч, өмнөх оныхоосоо 560 сая кВт цагаар нэмэгджээ.
Нөөц хамгамжийн хувьд, төвийн байгууллагууд болон аймаг бүс нутгуудад цахилгааны станцын нүүрсний нөөц болон байгалийн хийн дунд, урт хугацааны гэрээг бүрэн байгуулж дууссан бөгөөд ирэх чухал үеүдэд нийлүүлэлтийг тогтвортой, чанартай байлгах нөхцлийг хангаж байгаа талаар албаныхан онцлов.
Тухайлбал, 11-р сарын 26-ны байдлаар Хятадын нэгдсэн сүлжээнд холбогдсон цахилгаан станцуудын нүүрсний нөөц 230 сая тонн давж, 35 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээнд бүрджээ. Хятадын бүс нутгуудад эрчим хүчний хэрэглээний ачааллын голлох улиралаас шалтгаалан эрс ялгаатай байдгийг харгалзаж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо дамжуулах шугам, эрчим хүч хуримтлалуулах байгууламж зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг тасралтгүй өргөжүүлж, цахилгаан сүлжээний ачааллыг тогтворжуулахад анхаарч эхэлжээ.
Одоогоор бүс хоорондын дамжуулалтын оргил хүчин чадал нь 151 сая кВт цагт хүрсэн нь улсын хамгийн өндөр цахилгааны хэрэглээний ачааллын 10 хувьтай тэнцэж буй аж.
Монголд одоогоор Хятад руу экспортлох боломжтой антрацит, эрчим хүчний зориулалттай нүүрсний уурхайнуудын хүчин чадал 20 орчим сая тонн хавьцаа гэж үздэг. Харин геологийн таамаг бол үүнээс хэд дахин их буюу 170 орчим тэрбум тонн гэгддэг ч эдийн засгийн эргэлтэд оруулаагүй л байгаа. Гол тулгамдаж буй асуудал нь тээвэр, дэд бүтэц. Хэдийгээр коксжих нүүрсийг давсан өндөр орлогын боломж одоогоор биш хэдий ч ойролцоогоор тэрбум гаруй ам.долларын боломж, зах зээл бий гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.
Ингээд харвал Хятадын дотоодын эрчим хүчний хэрэглээний оргил үе ирсэн уг боломж дээр бид дан ганц коксжих нүүрс гэлтгүй экспортоо төрөлжүүлэх цаг ирээд буй нь энэ юм.
Ц.ТАМИР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.