ДЭЛХИЙНийгмийн

ХААНЫ ОРДОН ЦУВРАЛ 1: Японы ард иргэдээс сонгогдсон анхны гүнж

Япон улсын эзэн хааныг Тэнно хэмээн өргөмжлөн дуудах бөгөөд “Тэнгэрийн эзэн” гэсэн утгатай. Японы ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон хааны угсаа Аматэрасү хэмээх “Нарны бурхан”-ы удам угсаа гэгддэг. Өнөөдрийн эзэн хааны гэр бүл 1500 жилийн турш хаан сэнтийд удам залгаж байна. Эзэн хаан болон хааны гэр бүл улс төрийн ямар нэгэн эрх мэдэлгүй ч гадны улсаас ирсэн төрийн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзахаас гадна гадаад улсуудад найрамдлыг дэмжих, бэхжүүлэхэд чухал үүрэгтэй айлчлалуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Мөн эх орондоо ард түмнээ энэрэх, тэдний төлөө залбирах, өндөр настануудад хүндлэл үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, байгалийн гамшгийн үед ивээлээ хайрлах, үүх түүх соёлын бэлгэдлүүдээ тээн уламжлуулах зэрэг олон чухал үүргүүдийг хүлээдэг билээ.

Энэ удаагийнхаа бичвэртээ уншигч танд Япон улсын эзэн хааны гэр бүлийн талаар багшаархан танилцуулахаар бэлдээд байна. Нэгдүгээрт хэсэгт, уншигч танд эзэн хааны гэр бүлийн хамгийн өндөр настай гишүүд, өнөөгийн эзэн хааны аав буюу өмнөх эзэн хаан Акихито, түүний хатан Мичико нарын талаар өгүүлнэ.

Биднээс хол хөндий мэт санагдах ч энэ соёл бидэнтэй мөр зэрэгцэн оршиж байгаа нь сонихон байх бизээ.

Хааны гэр бүлийн ургийн модны хэсгээс:

Эзэн хааны гэр бүлийн агентлагийн хуудсаас авч ашиглав

ӨМНӨХ ЭЗЭН ХААН АКИХИТО, ӨМНӨХ ХАТАН МИЧИКО

Акихито

Япон улсын 125 дахь эзэн хаан Акихито 1933 онд төржээ. Эзэн хааны ууган хүү болон мэндэлсэн тэрбээр хэзээ нэг өдөр угсаа залгамжилж хаан ширээг өвлөх нь тодорхой байсан боловч 1989 онд буюу 56 настайдаа эзэн хаан хэмээх өргөмжлөлийг хүртсэн юм. Эзэн хааны гэр бүлийн тухай хуулийг мэдэхгүй нэгэнд хэтэрхий оройтож хаан ширээнд суусан мэт санагдах авч уг хуулийн дагуу эзэн хаан амьд сэрүүн байгаа цагт дараагийн хааныг сэнтийд залахгүй гэх. Тиймээс л Акихито хаан өөрийн аавыг насан өөд болсны дараагаар угсаа залгамжлан авсан учиртай.

Өмнөх эзэн хаан Акихито ээжийн хамт

Харин Акихито хаан энэ хуулийг өөрөө эзэн хаан болж, өндөр насалсан үедээ “зөрчиж”, өөрийн хүү Нарухитод амьд сэрүүн ахуйдаа хаан ширээгээ өвлүүлэн, тэтгэвэртээ гарсан байдаг. Энэ шийдвэр нь Японы Засгийн газрын эсэргүүцэлтэй хүчтэй тулгарсан хэдий ч “Би нас өндөр болж, ард түмнээ төлөөлж чадахгүй болсон, биеийн байдлаас болж зарим чухал үүргүүдээ цалгардуулахад хүрээд байна” гэх зэргээр олон жил ярьж, хэвлэл мэдээллээр хүртэл ам нээж байж, өөрийн хүслийг ёсоор болгосон билээ. Акихито хаан бага наснаасаа японы язгууртнуудын суралцдаг Гакушуин бага сургуулиас их сургууль хүртэл суралцаж, улс төр, эдийн засгийн мэргэжил эзэмшжээ. Бага нас нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хүнд хүчир үед өнгөрсөн учир тухайн үеийн хаан, хатан хоёр хүүгээ хамгаалахын тулд Токиогоос гаргаж, хөдөө орон нутагт тусгаарлан, бусад хүүхдүүдийн адил гадаа гарч тоглож наадах эрхгүйгээр хичээл боловсролдоо шамдан суралцдаг байв.

Акихито хааны ард түмнийхээ талархал, хайр хүндэтгэлийг хүлээсэн бодлого нь “Даян дэлхий амар амгалан байх ёстой” гэх үзлийг нийтэд сурталчлах явдал байсан бөгөөд “Бага насандаа дайны аюул, хор хөнөөлийг хүүхдийн эмзэг сэтгэлээр үзэж, туулсан учир ахин ийм зүйлийг хүн төрөлхтөн туулахгүй байгаасай гэж хүсдэг” хэмээн ярьж байв.  

Мичико

Мичико гүнж бол хамгийн анх удаа жирийн ард иргэдийн дундаас төрсөн гүнж гэдгээрээ алдартай. Эзэн хааны гэр бүлийн тухай хуульд мөн хааны гэр бүлийнхэн язгууртан угсаатай хүнтэй л гэрлэх ёстой, хэрэв язгууртан хүнтэй суухгүй бол эзэн хааны гэр бүлийн гишүүнчлэлээс татгалзах ёстой гэдэг. Энэ хуулийн дагуу олон гүнж, хунтайж нар хайртай хүнээ сонгож, эзэн хааны гэр бүлээс татгалзаж байсан гэдгийг уншигч та хэдийнэ мэдэх бизээ.

Мичико гүнж бага насандаа

Мичико гүнж 1934 онд төрсөн бөгөөд энэ нь эзэн хаанаас нэг насаар дүү гэсэн үг юм. Токио хотод төрсөн тэрбээр жирийн ард иргэдээс “төрсөн” гүнж гэгддэг ч үнэндээ бол эцэг нь гурилын үйлдвэрийн томоохон корпорацийн эзэн байв. Язгууртан биш ч хөрөнгөтөн айлын энэ охин бага наснаасаа эхлээд аав ээжийнхээ төлөвлөгөөний дагуу бүхий л сайн гэсэн сургуулиудад сурч, өндөр боловсрол эзэмшив. Бага насандаа мөн л дэлхийн хоёрдугаар дайныг туулсан байх  ч эцэг эх нь өөрсдийн хэмжээнд аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, тэнд нь эрдэм боловсролын мөр хөөлгөсөн гэлцдэг.

Мичико гүнж

Мичико дайны дараагаар сургуульдаа эргэн орж, Сэйшин их сургуулийн утга зохиолын анги төгсөв. Тухайн үед хэн хүнгүй дайны дараах эдийн засгийн хүнд үеийг туулж дунд сургуулиа төгсөв үү, үгүй юу ажилтай золгож, айлын эзэгтэй болж байхад “Хөрөнгөтөй айлын хүүхдүүд л утга зохиол, урлагаар оролддог” гэх тогтсон ойлголтын дагуу тэр утга зохиол, урлаг, шашин, англи хэлний мэдлэгээ нэмж зузаатгасаар байсан байдаг. Нөгөөтээгүүр, Мичико Католик сургуульд суралцаж, Христийн хүмүүнлэг хандлагаар хүмүүжсэн гэж тухайн үедээ сайшаагддаг байв. Өндөр боловсролтойн дээр Мичико үзэсгэлэн гоогоороо алдартай нэгэн байлаа. Тиймдээ ч хөрөнгөтөн айлын хөвгүүд түүнтэй гэрлэхийн тулд дараалалд нэр нь байдаг байсан ч гэлцдэг. Гэвч аав ээж нь “Охин маань боловсрол бүрэн эзэмшиж амжаагүй тул гэрлэх нас нь болоогүй” хэмээн хориглосоор байсан аж.

Үнэхээр л Мичико гүнж төгс гэх үгэнд ойртох бүсгүй болон өсөж байлаа. Боловсрол, соёл, үзэсгэлэн гоогоос гадна биеийн тамирын спортод дуртай тэрбээр газрын теннисийн спортоор хичээллэж, багагүй амжилт гаргажээ.

Танилцсан нь...

Нэгэн зуны амралтаар Мичикогийн гэр бүл сэрүүн зусландаа амрахаар Нагано мужийн хөрөнгөтнүүдийн ихэвчлэн зусдаг хот руу нүүжээ. Тэнд газрын теннисийн тэмцээн болж ойр хавийн бүх л хөрөнгөтөн, язгууртнууд оролцсоны дотор Мичико болон тухайн үеийн угсаа залгамжлах ханхүү Акихито нар байж таарсан хэрэг. Тэмцээнд оролцогчид бүгд л угсаа залгамжлах хунтайжид найр тавьж, арга эвийг нь олж тоглож байхад Мичико харин эсрэгээрээ теннисийн талбай дээр хунтайжтай ач тач үзэлцсэн нь анх удаа түүнийг анзааран харах сэжүүр болсон ч гэдэг.

1957 оны энэ тэмцээний дараагаар хунтайж Мичико хоёр хэд хэдэн удаа уулзаж, тэдний уулзалтын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тасралтгүй “шуурсан” юм. Үүнээс болж Мичикогийн гоо үзэсгэлэн улам олонд түгж, түүний өмссөн зүүсэн, үс засалт, биеэ хэрхэн авч явж байгааг нь харж дуурайдаг бүх л бүтэн үе бий болж, “Мичико бүүм” гэх нэршил хүртэл гарсан байдаг.

Гэвч тэднийг хоёр талын гэр бүл эсэргүүцсээр байлаа. Хунтайжийн талаас “Эзэн хааны гэр бүлийн олон жил уламжлагдаж ирсэн жаягийг зөрчиж, язгууртан бус угсаатай хүнтэй суух гэлээ. Нөгөө талаар энэ нь уламжлалыг уландаа гишгэж буй хэрэг” гэх шүүмжлэл байсан бол Мичикогийн талаас “Энэ хатуу уламжлалыг зөрчөөд хунтайжтай гэр бүл боллоо гэхэд, энэ насаараа тэр хатуу хувь тавьланг элээж чадах уу” гэх зовнил байв. Тийм ч учраас Мичикогийн аав ээж охиноо гадны улс руу явуулахаар боллоо.

Гэвч тухайн үед япон улс дахь АНУ-ын нөлөө соёлын хэмжээнд бүү хэл, улс төр, эдийн засагт ч ноёрхож байсан тул эзэн хааны гэр бүлийн хатуу дэг жаяг ч бай нь болсон гэхэд болно. Дайны өмнө эзэн хаанаа бурханчлан шүтдэг байсан япончуудын сэтгэлгээг өөрчилж, “Тэнгэрт байдаг хүмүүсийг буулгаж, зовж зүдэрч, ажиллаж хөдөлмөрч байгаа ар иргэдийн дунд оруулах ёстой, түүний тулд ард түмний дундаас гүнж тодруулах нь зүйн хэрэг” гэх үзэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв. Нэг талаас өв соёлоо хамгаалах гэсэн хэт уламжлалыг баригчид, нөгөө талаас шинэчлэлийг хүсэж байсан зүүнийхний маргаан гэж ч тайлбарладаг. Ийнхүү Мичико гүнжийг дэмжигчдийн дуу хоолой маш хүчтэй байсны дээр хунтайж Акихито ч хилийн чинадад суугаа Мичико руу захидлаар холбоо барьсаар тэдний гэрлэлтийг батлан зөвшөөрөх болов.

Хуримын ёслол анх удаа жирийн иргэдийн дундаас гүнж тодорч байгаа гэдэг утгаараа маш өргөн дэлгэр болж, сүр дуулиан дагуулав. Гадны хэвлэлүүдэд тэдний хуримыг 20-р зууны хамгийн сүр дуулиантай хуримын нэгээр нэрлэж байлаа. Анх удаа япон улс хуримын ёслолыг орон даяар шууд дамжуулан үзүүлж, ард иргэд тэр хуримыг л үзэхийн тулд зурагт худалдан авсаар тухайн жилдээ зурагтын борлуулалт мөн “бүүм” болж байсан гэдэг.

Ордны амьдрал...

Хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлдэж буй Мичико гүнж

Удалгүй тэд анхны хүү Нарухито, удаах хүү Фүмихито, бага охин Саяакогоо төрүүлж, өнөр өтгөн гэр бүл боллоо. Акихито хунтайж, Мичико гүнж нар ураг барилдсанаас хойш хааны ордны амьдралд оруулсан шинэ уур амьсгал нь “Өөрсдийн хүүхдийг өөрсдийн гараар өсгөнө” гэх явдал байж мөн л тухайн үедээ “Аргагүй л хөрсөндөө буусан, ард иргэдтэйгээ ойрхон хосууд” хэмээн олны талархлыг хүлээж байлаа. Мичико гүнж мөн өглөө эртлэн босож, хүүхдүүдийнхээ өглөөний болон өдрийн хоолыг өөрийн гараар бэлддэг тухай сурвалжлага нийтлэлүүд шил шилээ дарна. Ордны үйлчлэгчдээр бэлдүүлэхийн оронд өөрөө хүүхдүүдээ анхаарал хандуулж буй нь нөгөө талаар ард түмний хуримтлуулсан төсвийн мөнгийг ч хэмнэж буй явдал хэмээн сайшаана.

Гэвч үүнийг нөгөө талаар Мичико гүнжийг  хааны ордны хавчлага дарамтад байсан учраас өөрөө бүхнийг хийхээс өөр аргагүй байсан бөгөөд түүнд ордны үйлчлэгчид хүртэл сайхан ханддаггүй байсан тухай зарим эх сурвалжууд мэдээлдэг. Энэ гадуурхалтыг толгойлдог хүн нь тухайн үеийн хатан, Акихито хааны ээж Кожюн гэх цуурхал ч бий. Учир нь тэрээр хэт уламжлалыг баригч хүн байсан бөгөөд анхнаасаа эзэн хааны угсааны алтан залгамжид хүртэл барууны хэт нөлөө оруулах гэсэн явуулга гэж үздэг байсантай холбоотой гэж таамагладаг байна.

Өнөөгийн эзэн хаан Нарухито аав, ээжийн хамт

Тэр утгаараа Мичико гүнжийг жил дараалсан төрөлт, гэнэтийн хэт их дарамт, эзэн хааны ордны өндөр нарийн дэг жаяг, ёс журмуудад тааруулж амьдрах, гадаад ертөнцөөс ирж буй шүүмжлэл, өмссөн зүүсэн хувцас, үс гэзгийг нь шүүмжлэх, язгууртан гарал угсаанд тэнцэхгүй байна гэх мэт шүүмжүүдээс үүдсэн сэтгэл гутралд 2-3 удаа орж байсан гэх бөгөөд нэг удаад нь 7 сар гаруй дуу хоолойгоо алдаж, юм ярьж чадахгүй болж байсан удаатай.

Мичико гүнжийг шүүмжилдэг бас нэгэн сэдэв нь түүний хэт тансаг хэрэглээ байлаа. Угийн үзэсгэлэнтэй Мичико гүнж багаасаа үнэтэй, чамин дизайнтай хувцас хэрэглэлийг эдлэж ирсэн тул ордонд ч энэ хэвээр байсан нь “Төсвийн мөнгийг хайрлаж мэдэхгүй, нэг хувцасаа нэг л удаа өмсдөг, ганцхан удаагийн зураг авалтад зориулж хувцас худалдаж авдаг” гэх шүүмжлэлийг дагуулж байв. Гэвч Мичико гүнж өдгөө ч чамин ганган хэрэглээгээрээ алдартай хэвээр байна.  

Тэрбээр 2009 онд ууган хүүдээ хаан ширээгээ залгамжлуулах томоохон шийдвэрт Акихито хааны ард бат зогсож чадсан. Одоо тэд 91, 92 настай Эзэн хааны ордонд энх тунх амьдарч байна. Тэднийг хааны удам угсаа, хааны ордонд шинэ уур амьсгал авч ирсэн хаан хатан хоёр хэмээн эзэн хааны амьдралыг сонирхон судлаачид цохон тэмдэглэдэг аж.

ЦУВРАЛЫН ХОЁРДУГААРТ ӨНӨӨГИЙН ЭЗЭН ХААН НАРҮХИТО БОЛОН ХАТАН МАСАКОГИЙН АМЬДРАЛ, ЗАМНАЛЫН ТАЛААР ӨГҮҮЛНЭ.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button