АНУ-ын дарамтыг үл харгалзан БНХАУ-ын худалдааны тэнцэл ашиг 2025 онд рекорд тогтоов
БНХАУ 2025 оны худалдааны тэнцэл нь түүхэн ашигтай гарсан гэж лхагва гарагт /2026.01.14/ мэдэгдлээ. Нийт ашиг нь бараг 1.2 их наяд ам.долларт хүрсэн аж. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын зүгээс үзүүлж буй дарамтаас болгоомжилсон Хятадын үйлдвэрүүд экспортоо бусад орнууд руу чиглүүлэх болсон билээ. Үүний үр дүнд АНУ-аас бусад зах зээлд гаргах экспорт огцом өсөж, худалдааны тэнцлийн ашиг нь дээд амжилт тогтоов.
Хятадын бодлого боловсруулагчид компаниудыг АНУ-ын зах зээлээс хамааралтай байдлаа бууруулахыг зөвлөж байгаа. Тухайлбал Зүүн өмнөд Ази, Африк болон Латин Америкийн орнууд руу экспортоо нэмэгдүүлэхийг уриалсан юм. Энэ бодлого нь үр дүнгээ өгч, эдийн засгаа АНУ-ын гаалийн татварын дарамтаас хамгаалж чадлаа. Өнгөрсөн жил Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш худалдаа, технологи болон геополитикийн зөрчил ширүүссэн ч БНХАУ-ын эдийн засаг үүнийг энэ жилдээ даван гарав.
Лхагва гарагт /2026.01.14/ БНХАУ-ын Гаалийн алба нийтэлсэн ттоо баримтаар бол худалдааны тэнцлийн ашиг 1.189 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь дэлхийн хамгийн том эдийн засгийн нэг болох Саудын Арабын ДНБ-тэй дүйцэхүйц хэмжээ юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард худалдааны тэнцлийн ашиг анх удаа нэг их наяд ам.долларын босгыг давсан билээ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын дэд сайд Ван Жун хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: "Худалдааны түншүүдээ олон талт болгосноор эрсдэлийг даах чадвар мэдэгдэхүйц сайжирсан" гэж онцоллоо.

“HSBC”-ийн Азийн бүсийг хариуцсан ерөнхий эдийн засагч Фред Нойманн "БНХАУ-ын эдийн засаг өрсөлдөх чадвар өндөртэй хэвээр байна" гэж хэлжээ. Өрсөлдөх чадвар нь үйлдвэрлэлийн бүтээмж болон үйлдвэрлэгчдийн технологийн хөгжлийн улмаас өндөр хэвээр байна гэж тэр хэлсэн байна. Гэхдээ дотоодын эрэлт сул, үйлдвэрлэлийн хүчин чадал хэт их байгаа нь бас нөлөөлж байгаа гэдгийг Нойманн онцолсон юм. БНХАУ-ын үл хөдлөхийн салбарт үргэлжилж буй хямрал болон дотоодын эрэлт сул байгаа тул үйлдвэрлэгчид хямд бараагаа гаднын зах зээлд гаргасаар ашиг нь шинэ дээд амжилт тогтоожээ.
Өнгөрсөн жилийг сайн давсан бол 2026 он гарч Бээжинд хэд хэдэн сорилт тулгарлаа. Дэлхийн олон улс орнууд БНХАУ хэт их бараа үйлдвэрлэж, хямд үнээр нийлүүлж буйд санаа зовж эхэлжээ. Мөн улс орнууд чухал бүтээгдэхүүний нийлүүлэлт дээр БНХАУ-аас хэт хамааралтай буйгаа өөрчлөхөөр алхмууд хийж байгаа.
19 их наяд ам.долларын эдийн засагтай Хятад улс энэ байдлаараа хэр удаан явж чадах вэ гэдэг нэгэн том асуулт гарч ирэв. Эдийн засагч Нойманн "БНХАУ-ын худалдааны тэнцлийн ашиг өсөх тусам түнш орнуудтай нь зөрчил үүсэж магадгүй. Ялангуяа өөрсдөө үйлдвэрлэл эрхэлдэг орнуудтай" гэжээ.
Экспорт болон импортын үзүүлэлтүүд
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын экспорт арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн байна. Харин арваннэгдүгээр сард энэ үзүүлэлт 5.9 хувьтай байжээ. “Reuters” агентлаг шинжээчдээс санал асуулга явуулж экспорт 3.0 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамагласнаас давсан үзүүлэлт байв.
Импорт жилийн дүнгээр 5.7 хувиар өсжээ. Харин арваннэгдүгээр сард 1.9 хувиар өсөж байсан юм. Шинжээчид импортыг ердөө 0.9 хувиар өснө гэж таамаглаж байсан ч экспортын адил хүлээлтээс давсан үзүүлэлт гарчээ.
“Pinpoint Asset Management”-ийн ерөнхий эдийн засагч Живэй Жан "Экспорт сайн байгаа нь дотоодын эрэлт сул байгааг нөхөхөд тусалдаг" гэж хэлсэн байна. БНХАУ-ын засгийн газар эдийн засгийн бодлогоо эхний улиралд өөрчлөхгүй байх гэж тэр үзэж байгаа аж. Учир нь Хятадын хөрөнгийн зах зээл сэргэж, АНУ-тай харилцаа тогтвортой байгаа юм.
Худалдааны чиглэлийн өөрчлөлт
Өнгөрсөн жил БНХАУ-ын худалдааны тэнцлийн нэг сарын ашиг ашиг долоон удаа 100 тэрбум ам.долларын босгыг давжээ. 2024 онд ердөө нэг л удаа ийм үзүүлэлт гарч байсан юм. Юанийн ханш сул байгаа нь 2025 онд тийм амжил үзүүлэхэд нөлөөлжээ. Трампын бодлого БНХАУ-ын АНУ руу чиглэсэн экспортыг хязгаарласан ч дэлхийтэй хийх худалдаанд төдийлөн саад болж чадаагүйг энэ үзүүлэлт харууллаа.

2025 онд БНХАУ-аас АНУ руу гаргах экспорт 20 хувиар буурчээ. Харин Африк руу хийх экспорт 25.8 хувиар, Зүүн өмнөд Азийн орнууд руу хийх экспорт 13.4 хувиар өссөн байна. Европын Холбоо руу хийх экспорт 8.4 хувиар нэмэгджээ.
Мөн 2025 онд газрын ховор металлын экспорт 2014 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна. Вашингтонтой хийх хэлэлцээний гол хөшүүрэг нь БНХАУ-ын газрын ховор металлын нийлүүлэлт байв. Хоёр улс мөн шар буурцаг, “Boeing”-ийн онгоцны худалдаа болон TikTok-ийн асуудлаар хэлэлцээ хийж байгаа юм.
БНХАУ 2025 онд түүхэнд байгаагүй их хэмжээний шар буурцаг худалдаж авсан байна. Бээжин шар буурцгийн томоохон нийлүүлэгч болох АНУ-ын оронд Өмнөд Америкийн орнуудаас худалдан авалтаа нэмэгдүүлжээ
Трампын шахалт ба ирээдүйн төлөв
БНХАУ-ын компаниуд энэ онд дэлхийн зах зээл дэх байр сууриа хадгална гэж үзэж шинжээчид үзэж байгаа аж. Хятадын компаниуд гадаадад үйлдвэрүүдээ байгуулж байгаа нь АНУ болон Европын Холбооны татвараас зайлсхийх боломж олгож буй.
Гэхдээ БНХАУ-ын үйлдвэрлэлийн бодлогоо бага зэрэг зөөлрүүлэх хэрэгтэйг ойлгож эхэлсэн бололтой. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ нарны эрчим хүчний салбарт олгодог татварын хөнгөлөлтөө цуцалсан. Европын холбоотой худалдааны маргаан үүсгэдэг гол шалтгаануудын нэг нь тэрхүү хөнгөлөлт байсан юм.
Трампын зүгээс ирэх шахалт ч арилахгүй байна. Тэрбээр Ирантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна гэж анхааруулсан. БНХАУ бол Ираны хамгийн том худалдааны түнш юм. Энэ нь Хятад болон АНУ-ын харилцааг дахин хурцатгаж болзошгүй гэж шинжээч Зичун Хуан хэллээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаантны суртал ухуулга.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud