2025 онд Монгол Улс нийт 90.2 сая тонн нүүрс экспортолж рекорд эвдсэн ч үнэ унасаар байна
2025 онд Монгол Улсын нүүрсний нийт экспорт 90.02 сая тоннд хүрсэн нь Засгийн газраас 2024 онд тавьсан 85 сая тоннын жилийн зорилтыг 106 хувиар биелүүлсэн гэж үзжээ.
Мөн экспортын хэмжээ 2024 онд бүртгэгдсэн 83.75 сая тонноос 7.5 хувиар өссөнөөр Монголын нүүрсний экспортын түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон байна.
Нийт экспортын хэмжээнд бүх төрлийн нүүрс буюу антрацит, чулуун нүүрс, ихэвчлэн гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг коксжих нүүрс зэрэг нь 84.26 сая тонныг эзэлж, хүрэн нүүрс 5.76 сая тонныг эзэлжээ. ГЕГ-ын мэдээллээр эдгээр үзүүлэлт нь өмнөх оноос тус тус 6 болон 36 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг тодотгосон юм.
Гэхдээ ГЕГ-аас нэгэн зэрэг гаргасан нүүрсний төрлөөрх задаргааны нийлбэр нь нийт экспортын дүнтэй ялимгүй зөрүүтэй байгааг Mysteel Global онцолжээ.

Дэлгэрэнгүй мэдээллээс үзвэл, 2025 онд Монгол Улс 406,332 тонн антрацит, 79.96 сая тонн чулуун нүүрс, 3.59 сая тонн бусад төрлийн нүүрс экспортолсон бөгөөд үүнд хүрэн нүүрсийг нэмж тооцвол нүүрс, хүрэн нүүрсний нийлбэр экспорт 89.71 сая тонн болсон гэж Mysteel Global тооцоолсон байна. Засварласан энэ хэмжээ ч мөн Монголын 2025 оны зорилтоос 5.5 хувиар давсан дүн юм.
Өнгөрсөн жил Монголын нүүрсний экспортын үндсэн зах зээл БНХАУ хэвээр байж, нээлттэй мэдээллээс харахад бараг бүх ачилт Хятадад чиглэсэн бөгөөд зөвхөн тавдугаар сард ОХУ руу 10 тонн хүрэн нүүрс экспортолсон байна.
Гэсэн хэдий ч экспортын хэмжээ үлэмж нэмэгдсэн нь Монголын нүүрсний үнэд сөргөөр нөлөөлөх болов.

2025 онд Монголын хүрэн нүүрсний экспортын нийт орлого 5.77 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оноос 33.7 хувиар огцом буурсан үзүүлэлт юм.
Үүний улмаас экспортын дундаж үнэ мөн 2024 онтой харьцуулахад 38 хувь буюу тонн тутамд 39.76 ам.доллараар буурч, 2025 онд тонн тутамд 64.09 ам.доллар болсон гэж Mysteel Global тооцоолжээ.
Цаашид Монгол Улсаас Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт улам нэмэгдэх төлөвтэй байна. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын албаны хүмүүстэй хийсэн өндөр түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ирээдүйд Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх төлөвлөгөөг дахин онцлон дурдсан байна.
Харин 2025 оны арванхоёрдугаар сард л гэхэд Монгол Улсаас антрацит, чулуун нүүрс, бусад төрлийн нүүрс болон хүрэн нүүрсний экспорт тус тус 60,267 тонн, 9.74 сая тонн, 490,823 тонн, 332,280 тонн болж, нийт 10.62 сая тоннд хүрсэн гэж Mysteel Global ГЕГ-ын мэдээлэлд үндэслэн тооцоолжээ.
Энэ нь тухайн жилд бүртгэгдсэн сарын хамгийн өндөр экспортын хэмжээ болсон байна.
Эх сурвалж: My Steel Global












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дан ганц нүүрс ухаад явцгүй боловоо хөөрхий.