СПОРТЯрилцлага

Б.Ууганбаатар: Дэлхийн аварга Моллаей Саеид энэ жилийн УАШТ-д барилдахгүй

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатартай ярилцлаа.

ЖҮДОГИЙН СПОРТЫГ ОРОН НУТАГТ СУРТАЛЧЛАХЫН ТУЛД УАШТ-ийг ЭРДЭНЭТЭД ЗОХИОН БАЙГУУЛНА

-2020 он Токиогийн олимпын жил. Тэр ч утгаараа энэ жил УАШТ-д түрүүлэх нь тамирчин бүхэнд их чухал. Энэ жилийн УАШТ Эрдэнэт хотод зохион байгуулах гэж буй тань сонирхол татаж байна. Орон нутагт улсынхаа шилдгийг тодруулах нь юугаараа онцлогтой, давуу талтай вэ?

-Монголын жүдо бөхийн холбоо эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн УАШТ-ийг өнөө жил Орхон аймгийн ЗДТГ, “Хангарьд” спорт хороотой хамтран зохион байгуулна. Томоохон тэмцээнийг орон нутагт зохион байгуулах нь жүдо бөхийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, тухайн аймагт амьдарч буй залуучуудыг эл спортод дурлуулах, шилдэг тамирчдын өрсөлдөөнийг шимтэх боломж олгох зэрэг олон давуу талтай.

Энэ он олимпын жил. Дөрөвдүгээр сард Монгол Улсад Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн олимпын эрхийн өндөр оноо олгоно. Энэ жилийн УАШТ-д оролцох тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг ажиглана, дүгнэнэ. Цаашид шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх зэрэг олон давуу талтай.

-Энэ он олимпын жил учраас тамирчид төдийлөн жингээ солихгүй байх. Спортоос түр хөндийрөөд, спортдоо эргэн ирээд зодоглох хэр олон жүдоч байгаа бол?

-Зөндөө олон бий. Жингийн хувьд манай холбооноос үндсэн жиндээ өрсөлдөх шаардлага тамирчдад тавьсан.

ХОЛИМОГ БАГИЙН УАШТ-ийг ТУСАД НЬ ХИЙНЭ

-Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан холимог багийн төрлийн УАШТ-ийг тусад нь зохион байгуулах уу?

-Тэгнэ. Бид ганцаарчилсан төдийгүй холимог багийн төрөлд олимпын эрх авах, бүр цаашлаад медаль хүртэхийг зорьсон. Тиймээс улсдаа холимог багийн төрлийн УАШТ-ийг зохион байгуулах, тамирчдаа бэлтгэх их чухал байна. Зөвхөн тухайн тамирчны бус багийн амжилт чухал байдаг болохоор их сонирхолтой төрөл л дөө.

МОЛЛАЕЙ САЕИД БЭЛТГЭЛЭЭ ГЕРМАНД БАЗААЖ БАЙГАА

-УАШТ-д Монголын тамирчин болсон, дэлхийн аварга Моллаей Саеид зодоглох эсэх спортын хорхойтнуудын анхаарлыг их татаж байгаа нь анзаарагдсан. Тэрбээр Монголын шилдгүүдтэй өрсөлдөх үү?

-Барилдахгүй. УАШТ-д оролцож амжихгүй.

-Амжихгүй гэхээр бэлтгэлээ өөр улсад хийж байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Германд бэлтгэл хийж байгаа.

-Тэрбээр хоёрдугаар сард болох Парисын “Их дуулга”-ыг өнжих юм билээ. Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох бол?

-Моллаей Саеид Дюссельдорф, Екатеринбургийн “Их дуулга”-д барилдахаар мэдүүлгээ өгчихсөн байгаа.

-Иргэншлээ сольсон жүдоч тухайн улсынхаа нэрийн өмнөөс гурван жил барилдсаныхаа дараа олимпод оролцох дүрэмтэй. Өнгөрсөн оны сүүлээр Монголын тамирчин болсон Моллаей Саеид олимпод оролцох боломжтой юу?

-Боломжтой. Учир нь тэрбээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Монголын тамирчин болсон. Үүнийг нь Олон улсын жүдо бөхийн холбооноос харгалзаж үзсэн юм.

81 КГ-ИЙН БҮХ ТАМИРЧИНД ТЭГШ БОЛОМЖ ОЛГОНО

-Түүний барилддаг 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн тэргүүтэй цөөнгүй шилдэг жүдоч манай улсад бий. Томоохон тэмцээнд төдийгүй олимпод оролцохын төлөө өрсөлдөх тэгш боломж олгох тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Энэ их чухал. Моллаей Саеидыг ДАШТ-ий алт, хүрэл медальтай гээд бүх тэмцээнд Монголыг төлөөлүүлэн оролцуулахгүй. Түүнийг ирсэн гээд Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар нарыг орхихгүй. Адилхан дэмжиж, амжилт гаргах боломжоор ижилхэн хангана. Манай холбооноос 81 кг-ын төдийгүй бусад жингийн тамирчдад тэгш боломж олгох тал дээр их анхаарч байна. Бэлтгэлээ сайн хийгээд, хичээн, хөдөлмөрлөж л чадвал томоохон тэмцээн, олимп, дэлхийн дэвжээнд зодоглох боломж бүх тамирчинд бий.

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН АШТ ДӨРӨВДҮГЭЭР САРД МОНГОЛД БОЛНО

-Олимпын өмнөх томоохон сорилт Монголд болох нь дөрөвдүгээр сард зохион байгуулах Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн, нутгийнхаа дэвжээнд зодоглох тамирчдыг ямар шалгуураар сонгох вэ?

-Түрүүн хэлсэнчлэн тус тэмцээн олимпын эрхийн өндөр оноо олгоно. Олимпын жил учраас УАШТ-д түрүүлсэн тамирчныг шууд оролцуулахгүй. Олимпын чансааны өндөр оноо өгөх учраас тэр. Тиймээс “Токио-2020”-д барилдах магадлалтай, чансаа өндөр, бэлтгэл сайн байгаа жүдочдоо түлхүү оролцуулах бодолтой. Бид бүх жинд олимпын эрх авахыг маш их хүсэж байна.

-Та МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоод төдийлөн удаагүй байна. Танай холбооноос танд санал тавьсан юм уу. Эсвэл таны хүсэл байв уу?

-Угаасаа би МЖБХ-ндоо ажиллаж байсан. Олон хүн дэмжээд намайг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллуулах хүсэлт гаргасан юм.

-Ажлаа хүлээн авснаасаа хойш ямар, ямар ажил хийгээд байна вэ. Цаашид юу хийхээр төлөвлөв?

-Мэдээж төлөвлөсөн ажил олон бий. Түрүүчээс нь хийгээд явж байна. Шигшээ багийн бэлтгэлийн заалыг сайжруулаад, тамирчид тав тухтай бэлтгэл хийх боломжоор хангах гээд ажиллаж байна. Өсвөр үеийн тамирчдын бэлтгэл сургуулилалтад тодорхой нэг стандарт боловсруулж ажиллах бодолтой явна. Шүүгчдийн ур чадварт мөн анхаарч байгаа.

МОНГОЛЫН ЖҮДОГИЙН ХОЁР ШҮҮГЧ “ТОКИО-2020”-ийг ДЭНСЛЭХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙГАА

-Шүүгч гэснээс “Токио-2020” олимпын жүдо бөхийн барилдааныг дэнслэх болзлыг нь Т.Энхцэцэг шүүгч хангахад их ойрхон байгаа. Өөр шүүгчээ Токиогийн олимпод илгээх боломж бий юү?

-Байлгүй яах вэ. Манай улсаас “Токио-2020” олимпын наадмыг дэнслэхэд их ойрхон яваа хоёр шүүгч байгаагийн нэг нь Т.Энхцэцэг, нөгөө нь М.Бөхбат. Мэдээж эцсийн шийдвэрийг Олон улсын жүдо бөхийн холбоо гаргана. М.Бөхбат ахлах шүүгчээр Токиогийн олимпын жүдогийн барилдааныг дэнслэх магадлал өндөр.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаараа дамжуулж хэлэх сэн гээд дутуу үлдсэн зүйл танд бий юү?

-За, тэгээд олимпын жил учраас жүдочдоо сайн дэмжээрэй гэж монгол түмэндээ уриалъя. Бид та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button