Нийгмийн

Хорих ангийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалт явагдаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэшүүлэх, зайны сургалтыг 01 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутаг дахь хорих анги, байгууллагын 84 алба хаагч хамрагдаж байна. Хорих ял эдлүүлэх ажиллагааны чухал хэсэг болох хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалтад хамруулж, зохих боловсрол, тодорхой төрлийн мэргэжил эзэмшүүлэн, зан үйл, сэтгэл зүй, ёс  суртахууны  зөв хүмүүжил, төлөвшил олгоход чиглэсэн нийгэмшүүлэх, сэтгэл зүйн эерэг нөлөөлөл үзүүлэх үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн.  

Өнгөрсөн онд гэхэд л 2019 онд 156 хоригдлыг суурь боловсролын гэрчилгээ олгох сургалтад сууж, 109 хоригдлыг уншиж бичиж сургаснаар ар гэртэйгээ захидлаар харьцах, хорих ангийн захиргаа болон бусад байгууллагад өргөдөл, гомдол гаргах, санал хүсэлтээ илэрхийлэх, бусадтай харьцах, бүрэн бус дунд боловсрол эзэмших, цаашлаад их дээд сургуульд элсэн суралцах, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой болжээ.

Мөн 2019 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бетон арматурчин, кеттельчин, оёдолчин, сантехникч, оёмол бүтээгдэхүүний оёдол, гар урлалын зүйл урлаач, өрөг угсрагч зэрэг мэргэжлээр нийт 285 хоригдолд мэргэжил эзэмшүүлж, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгосон байна.

Түүнчлэн өнгөрсөн онд 416 хоригдлыг сайн дурын нийгмийн даатгалд хамруулаад байна.  Ингэснээр хорих ял эдлэх хугацаандаа өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломж бүрдэхээс гадна хоригдол нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах боломж бүрджээ.

Төрийн бус байгууллагуудтай хамтран хорих ял эдлэгсдэд зориулсан бясалгалын хөтөлбөрийг 2015 оноос боловсруулан хэрэгжүүлж, энэ хугацаанд нийт 7518 хоригдлыг бясалгалд хамруулжээ. Бясалгалд хамрагдсан хоригдлуудын стрессийн түвшин буурсан, ажлын бүтээмж дээшилсэн, сэтгэл зүйн байдал нь тогтворжсон, хорт зуршил болох тамхинаас 38 хоригдол татгалзсан, зөрчлийн тоо буурсан зэрэг эерэг хандлага, үзүүлэлтүүд гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: ШШГЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button