ЭРҮҮЛ МЭНД

НЭГ ДОРООС: Коронавирусийн түүх, үүсэл, вакцин, тархалт, хамгаалалт

ДЭЛХИЙН ДАХИНД ТАРХСАН БАЙДАЛ – ГАЗРЫН ЗУРАГТ

Дэлхий дахинд өвчилсөн хүний тоо 844, нас барсан хүний тоо 25,
өвчлөл бүртгэгдсэн улс орон БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилсөн байна.


ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ

12 ДУГААР САРЫН 31 БНХАУ-ын Ухань хотын эрүүл мэндийн байгууллага өвөрмөц төрлийн вирусээр ард иргэд нь өвчлөх болсныг албан ёсоор мэдэгдэв. Энэ үед 27 хүн өвчилснөөс 7 нь биеийн байдал хүндэвтэр, эмч, эмнэлгийн ажилтнуудад халдаагүй тул хүнээс хүнд дамждаггүй, далайн хоттой холбоотой хэмээн таамаглаж байв.

НЭГДҮГЭЭР САРЫН 16 Тус вирусээр өвчилсөн 41 тохиолдол бүртгэгдэж, 12 тохиолдол нь эдгэрч, хоёр хүн нас барав. Мөн энэ өдөр Япон улсад тус вирусийн халдвартай анхны тохиолдол бүртгэгдсэн нь Японд амьдардаг БНХАУ-ын иргэн байлаа.

НЭГДҮГЭЭР САРЫН 17 Коронавирусийн халдвар Ухань хотоос гарч Ханжоу хотод 1, Вэньчжоу хотод 2, Жоушанд 1, Тайжоу хотод 1 тус тус бүртгэгдэв.

НЭГДҮГЭЭР САРЫН 20 Уг халдвараар нас барсан хүний тоо гурав болов. Ингэснээр Ухань хот дахь халдвар авсан иргэдийн нийт тоо 198 болж байна.Үүнээс гадна Бээжин хотод хоёр, Шэнжэнь болон Хонг Конгт нэг, нэг тохиолдол бүртгэгджээ. Мөн энэ өдөр БНСУ-д тус халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Өвчтөн нь Хятадын Ухань хотоос Ням гарагт Инчеонд ирсэн 35 настай хятад эмэгтэй юм байлаа.

НЭГДҮГЭЭР САРЫН 21 ДЭМБ яаралтай хуралдаан зарлалаа. Учир нь уг вирусийн халдварын тохиолдол Азийн гурван улсад нэмж илрээд байв. Мөн Хятадын засгийн газрын мэргэжилтэн шинэ вирус нь хүнээс хүнд халддаг болохыг баталснаа мэдэгдсэн юм.

НЭГДҮГЭЭР САРЫН 22 Умард Солонгос гадаадын жуулчдыг хүлээж авахаа түр зогсоов. Энэ өдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвартай хүний тоо Хятадад 440 болж, амиа алдсан хүний тоо 9 болсон байна. Харин АНУ тус халдварыг хянахын тулд Ухань хотоос ирэх бүх нислэгийг таван хотоор дайруулах шийдвэр гаргалаа.

НЭГДҮГЭЭР САРЫН 23 Ухань хотод хөл хорио тогтоолоо. Сүүлийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 552 хүрч, амиа алдсан хүний тоо 17 болов.  Тэдгээрээс Тайландад 4, Хонг Конгт 2, Макао, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, АНУ-д тус тус нэг халдвар илрээд байгаа юм. Мөн энэ өдөр ДЭМБ хуралдаж онцгой байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Мөн энэ өдөр ОХУ-д коронавирусын халдвартай байж болзошгүй хоёр тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээгээр уг вирусийн шинж тэмдэг илрээгүй болохыг мэдэгдлээ.

НЭГДҮГЭЭР САРЫН 24 БНХАУ-ын Чиби, Эжоу, Хуанган, Ухань, Сяньнин, Шянтао, Зижянь, Личуань гэсэн найман хотыг хааж, хотын нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоожээ. Мөн энэ өдөр манай улстай ойр бөгөөд иргэдийн хамгийн их зорчдог Манжуурт уг вирусийн нэг тохиолдол илэрснээр Өвөр Монголд хоёр тохиолдол бүртгэгдэж байгааг албан ёсоор зарлав.


ШИНЭ ТӨРЛИЙН ВИРУСИЙН ОНЦЛОГ – ХҮНД ХАЛДДАГ ДОЛОО ДАХЬ ТИТЭМ ВИРУС

•2019-nCoV вирус нь өнөөг хэр нь хүнээс хүнд дамжиж байгаагүй.

•Титэм вирус гэдэг нь 38 төрлийн вирус агуулдаг, эндээс ердөө зургаа нь /шинэ төрлийг оролцуулаад 7/ хүнд халдварладаг байна.

•Шинэ төрлийн вирус амьтнаас хүнд халдсан гэж судлаачид үзэж байгаа бөгөөд гэхдээ хүнээс хүнд халддаг нь тогтоогдсон.

•Вирусийн халдвар авсан үед өндөр халуурах, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг.

•ДЭМБ хүмүүсийг амьтнаас хол байж шүүрхий чанасан эсвэл шүүрхий шарсан мах, өндөг идэхгүй байх, ханиад, томуугийн шинж тэмдэгтэй хүнээс хол байхыг зөвлөжээ.

Ийнхүү хурдацтай тархаж буй шинэ төрлийн вирус нь 2000-аад оны эхээр ихэвчлэн Азийн орнууд гээд олон орныг хамарсан SARS тахалтай адилаар дэлхий нийтийг түгшээж байна. Шинэ төрлийн вирусийн ДНК шинжилгээ хийхэд SARS вирусийн төрлийнх гэдэг нь тогтоогдсон.


АМИА АЛДСАН ХҮМҮҮС 48-89 НАСНЫХАН БУЮУ АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС БАЙНА

Зургийн тайлбар: Коронавирусийн сэжигтэй өвчтөнийг БНХАУ-ын Хужөү хотын нисэх онгоцны буудлаас эмнэлгийн ажилтнууд хуванцар хоолойд хийн зөөвөрлөж байгаа нь

Коронавирусийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн насны ангиллын талаарх тайланг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо нийтэлсэн талаар South China Morning Post мэдээлсэн. Уг тайланд амиа алдсан хүмүүс нь 48-89 насны хүмүүс байсан гэдгийг тодотгожээ.

Мөн өнөөдөр /2020.01.24/ Монгол Улсын Эрүүл мэндийн яам мэдээлэл хийхдээ “Архаг хууч өвчтэй хүмүүс хүндээр өвдөж байна. Хоёрдугаарт, шинж тэмдгээ мэдэхгүй байж байгаад оройтож хандсан хүмүүс нас барах магадлал өндөр байна” гэв.

Тодруулбал, вирусийн улмаас амиа алдсан 17 хүний ес нь чихрийн шижин эсвэл, зүрх судасны архаг өвчин, даралт ихсэх өвчтэй хүмүүс байна. Нийт хүмүүсийн 70 гаруй хувь нь 40-ээс насныхан байна” гэлээ.


ВАКЦИН ГАРАХ ХУГАЦАА ХАГАС ЖИЛ – ГЭХДЭЭ ЭДГЭРСЭН ТОХИОЛДЛУУД БИЙ

БНХАУ-ын эмч нар шинэ төрлийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн өвчнийг цусанд их хэмжээний хүчилтөрөгч шахах замаар эмчлэх аргыг боловсруулсан байна. Sina сайтад мэдээлснээр, тус аргыг 53 настай нэгэн өвчтөн дээр туршихад ажилттай болсон гэнэ. Түүний биеийн байдал сайжирч буй бөгөөд эмч нар түүнийг тусгаарласан байдлаас удахгүй гаргах юм байна.

Мөн уг вирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг гарган авах, вакцины судалгааны мөчлөгийг хийхэд хагас жил шаардлагатай гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, вакцин боловсруулахад гурав орчим сар зарцуулагдах бол туршилт хийхэд мөн хэмжээний хугацаа шаардлагатай гэнэ. Гэхдээ урьдчилан сэргийлэх тарилга бүтээхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай аж.Өнөөдрийн байдлаар эдгэрсэн тохиолдлууд шил шилээ даран бүртгэгдсээр байгаа нь дархлаа сайтай, архаг хууч өвчингүй хүмүүс байна. Хэрхэн эдгээх тодорхой эмчилгээ, вакцин гараагүй ч ДЭМБ-аас шинж тэмдгийн эмчилгээ буюу тухайн өвчтөнд ямар шинж тэмдэг илэрсэн дээр үндэслэн эмчилгээ хийхийг зөвлөж байгаа юм.

Мөн БНХАУ-ын халдварт өвчнийг оношлох, эмчлэх лабораторийн  захирал Ли Ланжуан (Li Lanjuan) тэргүүтэй зургаан судлаач Коронавирус нь 57-гоос дээш хэмд тэсвэргүй бөгөөд ийм нөхцөлд 30 минутын дотор устдаг болохыг тогтоожээ. Түүнчлэн эфир, 75 хувийн этилийн спирт, хлор агуулсан ариутгагч ба пероксицетик хүчил зэрэг холимог нь вирусийг устгахад маш үр дүнтэй болохыг тогтоов.


КОРОНАВИРУС ХААНААС ТАРХСАНЫГ ХАЙСААР БАЙНА

Эрдэмтэд 2019-nCoV гэх уг шинэ төрлийг 200 гаруй амьтны бие дэх коронавирусуудтэй харьцуулан үзэж, шинжилсэн байна. Тодруулбал, шувуу, зараа, тарвага, сарьсан багваахай, могой зэрэг амьтад дээр судалгаа хийхэд, могойноос анхлан халдсан байх магадлал нь хамгийн өндөр гарчээ.

Ийнхүү БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр нутагладаг Bungarus multicinctus болон Naja atra гэх хоёр зүйлийн могойноос 2019-nCoV төрлийн коронавирус хүнд халдсан гэх эцсийн таамаглалыг дэвшүүлээд байна. Сонирхолтой нь, халдвар анхлан дэгдсэн голомт болох Ухань хотын “Хуананы далайн хүнсний зах”-д дээрх зүйлийн могойны мах зарагддаг байсан гэдгийг тэд судалгаандаа онцолжээ. Цөөн төрлийн коронавирус нь дээр дурдсаны дагуу сарьсан багваахай, муур, зараа, тарвага зэрэг амьтдаас хүнд халддаг. Ийм учир зарим судлаачдад Хятадын тансаг зоогонд тооцогддог Сарьсан багваахайн шөлийг ч мөн халдварын эх үүсвэр гэх таамаглал ч байгаа юм.


МОНГОЛ УЛСАД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛУУД БҮРТГЭГДСЭН Ч АЛБАН ЁСООР ХАРИУ НЬ ГАРААГҮЙ БАЙНА

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Өчигдөр /2020.01.24/ Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор коронавирусээр өвчилсөн байж болзошгүй хоёр иргэн нэвтэрснийг саатуулан шалгасан. Ингэхэд БНХАУ-ын харьяат иргэд болох ээж охин хоёр болох нь тогтоогдсон. Ээжийнх нь толгой өвдөж, охин нь 38 хэм хүртэл халуурсан ч коронавирусийн шинж тэмдгүүд илрээгүй, тэдний шинжилгээний хариу өнөөдөр гарна. Тэднийг өчигдөр нутаг буцаасан.

Мөн лхагва гарагт /2020.01.22/ Бээжингээс – Москва хотын чиглэлд зорчиж явсан галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурч, яаралтайгаар шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн болох нь тогтоогджээ. Харин уг өвчтөнтэй манай улсын 17 гаруй иргэн зорчин явж байжээ. Тиймээс БНХАУ-ын талаас албан ёсоор мэдээлэл хүргүүлснээр яг одоо ХӨСҮТ-д дээрх 17 иргэнийг тусгаарлан шинжилгээнд хамруулсан юм. Уг 17 иргэний 16 нь коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдож, эмнэлгээс гаргасан бол нэг хүнийг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д саатуулсан хэвээр байна.

Тэдний шинжилгээний хариу өнөөдөр /2020.01.24/ 16:00 цагт гарах аж.


УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДВАЛ 100 ХУВЬ ӨӨРИЙГӨӨ БОЛОН ОЙР ТОЙРНЫХНОО ХАМГААЛЖ ЧАДНА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button