Эпстейний шинэ баримтууд дэлгэгдсэнээр гадаадын улс төрчид огцорч эхэллээ
АНУ-ын Хууль зүйн яам баасан гарагт /2026.01.30/ хүчирхийлэгч Жеффри Эпстейний хэрэгтэй холбоотой шинэ баримтуудыг нийтэлсэн юм. Тэгвэл баримтад нэр нь дурдагдсан гадаадын улс төрчид огцорч эхэлсэн байна. Их Британийн засгийн газарт хэд хэдэн удаа сайдаар ажиллаж байсан Питер Манделсон эрх баригч Хөдөлмөрийн намаас гарч буйгаа мэдэгджээ.
Өнгөрсөн жил дэлгэгдсэн Эпстейний баримтын улмаас Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер түүнийг АНУ дахь элчин сайдын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. Тухайн үед дэлгэгдсэн баримт дотор тэр Эпстейнийг өөрийнхөө хамгийн сайн найз гэж захидалд бичсэн тухай байжээ. Манделсон Хөдөлмөрийн намд захидал бичихдээ “Энэ долоо хоногт би Жеффри Эпстейнийг тойрсон ойлгомжтой дуулиант хэрэгт дахин холбогдлоо. Үүндээ гүн харамсаж, гэмшиж байна” гэсэн юм.

Шинээр дэлгэгдсэн баримт дотор тэр Эпстейнээс мөнгө авсан тухай байжээ. Манделсон үүнийг худал мэдээлэл хэмээн үгүйсгэж, өөрөө шалгаж үзнэ гэсэн байна. Тэр “Үүнийг шалгах явцдаа би Хөдөлмөрийн намыг цаашид ичгүүртэй явдалд оруулахыг хүсэхгүй байгаа тул намаасаа гарч байна” гэжээ. 1990-ээд онд Тони Блэйр ерөнхий сайдаар ажиллаж байсан үеэс эхлэн Манделсон Хөдөлмөрийн намын сонгуульд үзүүлж ирсэн амжилтын гол түлхүүр байж ирсэн билээ.
Их Британийн Ерөнхий сайд Стармер мөн хунтайж асан Эндрюг Эпстейнтэй холбогдсон асуудлаараа Конгрессын өмнө мэдүүлэг өгөх хэрэгтэй гэж хэлжээ. Эндрю Эпстейнтэй холбогдсон хэргийнхээ улмаас хунтайжийн цол хэргэмээ өгч байсан.

Словакийн Ерөнхий сайд Роберт Фикогийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мирослав Лайчак Жеффри Эпстейнтэй залуу эмэгтэйчүүдийн талаар ярьсан имэйл ил болжээ. Баримт дэлгэгдсэний дараа Лайчак ямар нэгэн буруу зүйл хийгээгүй хэмээн мэдэгдэл гаргаж, Эпстейний үйлдлүүдийг буруушаасан байна. Тэрбээр Эпстейнтэй солилцсон имэйлээ албан бус, хөнгөн, ямар ч бодит утгагүй гэж мэдэгдсэн ч уг явдлыг ашиглан Ерөнхий сайд Фико руу дайралт хийхээс сэргийлж ажлаа өгч байна гэжээ.
Тэр “Ямар нэгэн гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэл хийсэн учраас биш харин Фико үүний улмаас улс төрийн хохирол амсаасай гэж би хүсэхгүй байгаа учир ажлаа өгч байна” хэмээсэн аж. Фико түүний хүсэлтийг хүлээн авсан байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.